Ноосны урамшууллыг Хүний хөгжлийн дансанд шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” Засгийн газрын 221 дүгээр тогтоолын журмын дагуу энэ онд хонины ноос, тэмээний ноос бэлтгэн авах аж ахуйн нэгж, материал хүлээн авч нэгтгэх сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, Хоршоо, эсгийний цех болон сумдын ноос, ноолуурын ажилчдыг хамарсан нийт 43 хүнд сургалт явуулжээ.

Уг сургалтыг ХХААХҮЯ, Мал хамгаалах сан, Дорнод аймгийн ХХААЖДҮГ хамтран зохион байгуулсан байна. Уг сургалтаар ноосны урамшуулал олголт, гүйцэтгэлийн хяналтын үйл явцыг цахим бүртгэлийн системтэй болгох, түүний ач холбогдлын талаарх мэдээлэл, танилцуулгыг хийжээ. Сумын мал эмнэлэг үржлийн тасгууд малчдын ирүүлсэн ноос тушаасан падааныг хүлээн авч, тухайн малчны “А” дансанд тоологдсон малын тоог бичиж, нийт сумын хэмжээнд нэгтгэж, сумын Засаг даргад хүргүүлэх ёстой аж.

Харин сумын Засаг дарга нь сумын мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтны ирүүлсэн сумын малчдын ноос тушаасан баримт, падаан, “А” дансны тодорхойлолтыг албан бичгийн хамт аймгийн ХХААЖДҮГ-т тухайн оныхоо есдүгээр сарын нэгний дотор албан бичгийн хамт шилжүүлэх ба тухайн аймгийн сумын Төрийн санд шилжин ирсэн урамшууллын мөнгийг тухайн онд багтаан малчдын Хүний хөгжлийн дансанд нь шилжүүлэх гэнэ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top