М.Түмэнжаргал: Үнийн хөөрөгдлийг бууруулах арга маш энгийн

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Түмэнжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуульд танай нам залуусын өргөн хүрээтэйгээр оролцож байна.Иргэний зориг намын хувьд нийслэлд ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа, ер нь өнгөрсөн хугацаанд нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа ажилд ямар үнэлгээ өгч байгаа вэ?

- Өнгөрсөн 22 жилийн хугацаанд үндсэндээ тухайн үеийн МАХН, одоогийн Ардын нам хотын парламентад сонгогдон ажиллаа.Энэ хугацаанд байдал сайжирвал гаргууд сайхан болохоор болсон.Гэсэн ч хотын удирдлагыг гартаа атгасан нөхдүүд өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрсдийн болон тойрон хүрээлэгчдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн гэж хэлэхэд болно.Гарсан үр дүн одоо нүдэн дээр ил байна.Хүнд суртал хээл хахуулийн үндэс суурь болсон нийслэлийн засаг даргын тамгын газар гээч байгууллага энгийн иргэдэд халгаатай эрх мэдэлтэнд нээлттэй газар болж хувирлаа.Нэг үгээр нийслэлийн иргэдээсээ хэт холдсон, амьдралаас хөндийрсөн нөхдүүд талбайн хажуугын барилгаар дүүрсэн байна.Үүнийг өөрчлөх цаг болсон.Болох байх бүтэх байх гэж одоо найдаад хэрэггүй.Хүлээгээд хараад суувал байдал одоогийнхоос дордоно уу гэхээс дээрдэхгүй.

-Энэ байдлаас ямар арга замаар салах ёстой вэ?Танай намын мөрийн хөтөлбөрт хотын амьдрал гэдэг тусгайлсан хэсэг бий.Энэ хөтөлбөрийн гол санааг товч танилцуулахгүй юу?

- Би сая хэллээ.Хотын амьдралаас хөндийрсөн удирдлага одоо хэрэггүй.Нэг үгээр олон жилийн бугшмал байдлыг цэглэх цаг болсон.Аль нэг ажил хөөцөлдөхөд бүтэн долоо хоног зарцуулах энүүхэнд болж.Энэ нь ажил хариуцсан хурган дарга нарын хүнд сурталтай шууд холбоотой.Хариуцлагын тогтолцоо дэндүү сул байгаа нь ийм байдал ужиграх эхлэл болж байгаа.Үндсэндээ хотын удирдлагаа иргэд өөрсдөө шууд сонгодог тогтолцоо дутагдаж байгаа хэрэг.Бидний хийх өөрчлөлтийн дараа нийслэлийн удирдлага иргэдийнхээ өмнөөс жинхэнэ утгаараа гүйж товчхондоо иргэддээ бөхийж үйлчилдэг болох учиртай.Эрх барьж байгаа хоёр нам байгаа цагт энэ байдал арилна гэж найдаад хэрэггүй юм.Тийм учраас л шинэ сонголт хийх хэрэгтэй.Нэг үгээр ИЗНН-ыг нийслэлийн иргэдийн хуралд сонгох шалтгааны нэг нь энэ гэж ойлгож болно.Дээр нь нийслэлчүүдийн нэн тэргүүний дарамт энэ үнийн өсөлт.Сургаар нэмэгддэг бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтоон барих боломж уг нь бий.Гэсэн ч ажил хариуцсан нөхөд үүнийг хийх зориг болоод сэтгэлзүйн чадамжгүй гэдгээ харуулсаар байна.Наанадаж өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болсон махаа олж идэх гэж зүдэрч байгаа нь үнэхээр харамсалтай.Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх гарц маш энгийн л дээ.

-Махны үнийн өсөлтийг хязгаарлаж үнийг тогтворжуулах арга замыг хотын удирдлага төрийн түшээдтэйгээ нийлээд ч дорвитой шийдвэрлэж чадахгүй байна л даа.Үндсэндээ ажил хариуцсан шат шатны байгууллага зах зээлийн хуулиар зохицуулагдах асуудалд төр оролцох ёсүй гэдэг Харин та арга нь маш энгийн гэлээ.Та бүхний төлөвлөж тооцоолсон энгийн арга чухам юу вэ?

- Дан ганц махны асуудал энд хөндөгдөхгүй.Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд багтана.Бидний тооцоолж төлөвлөснөөр нийслэлийн дүүрэг бүрт хүнсний нөөцийн агуулах барих хэрэгтэй.Энэ бол энгийн мөртлөө хамгийн үр дүнтэй арга.Хүнсний агуулах ганцхан хотынхонд төдийгүй орон нутгийнханд үр ашгаа өгөх учиртай.Орон нутгаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дүүрэг бүрийн хүнсний агуулахад шууд хүргэгдэн ирнэ.Эргээд орон нутагт хэрэгцээт бараа бүтээгдэхүүн ачигдана гэсэн үг.Би энд шууд гэдэг үгийг онцолмоор байна.Одоо бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа мах хотын иргэний гар дээр иртлээ дор хаяж дөрвөн дамжлага дамжиж байна.Энэ нь хэн бүхний мэдэх ченжүүд гэсэн үг.Монголчилбол дамжуулан борлуулагчид.Хэрвээ дүүрэг бүр хүнсний нөөцийн агуулахтай болчихвол дамжуулан борлуулагчидын хэрэг байхгүй болно.Олон дамжлага дамжаагүй бүтээгдэхүүн хэд дахин өссөн үнээр хэрэглэгчидэд хүрэх үндэсгүй болох юм.Энэ энгийн бөгөөд хялбар аргыг одоогийн удирдлагууд хэрэглэх сонирхолгүй байна.Магадгүй өөрсдийнх нь бизнес хязгаарлагдаж мөнгөний урсгал нь зогсчих гээд байгаа учраас ач холбогдол өгөхгүй байж мэдэх юм. Бидний төлөвлөгөө ердөө л энэ маш энгийн.Энэ нь давхар дүүрэг хариуцсан засаг дарга нарын ажлын гол үзүүлэлт болох учиртай

- Хүнсний нөөцийн агуулах нь засаг дарга нарын ажлын гол үзүүлэлт болно гэж байна.Бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн тогтоон барьсанаар тэдний ажлыг дүгнэнэ гэж ойлгогдож байна л даа.

- Яг үнэн.Дүүрэг бүрийн хүнсний нөөцийн агуулахын давхар зорилго нь энэ юм.Өөрийн хариуцсан дүүргийнхээ хүнсний бүтээгдэхүүний үнэнд хир хяналт тавьж байгаагаар засаг даргын ажил дүгнэгдэж байх учиртай.Жишээ нь Сүхбаатар дүүргийн иргэд Баянгол дүүргийн иргэдээс өндөр үнээр ижил төрлийн бараа худалдан авч байна гэвэл Сүхбаатар дүүргийн засаг дарга муу ажиллаа гэсэн үг.Тэр хэмжээгээр тухайн засаг даргад тооцох хариуцлага өндөрсөнө гэсэн үг.Товчхондоо дүүрэг удирдсан засаг ноёдын ажлын гол үзүүлэлтүүдийн нэг нь хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг хэрхэн тогтоон барьж байгаагаар тодорхойлогдох юм.

- Хотын иргэдийн толгойн өвчин болоод байгаа үнийн өсөлтөөс гадна агаарын бохирдол тулгамдаад байгаа асуудлын нэг.Утааг арилахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах ёстой гэдгийг хэн хүнгүй л ярьж байна.Танай нам энэ тал дээр ямар байрь суурьтай байгаа вэ?

- Орон сууцжуулсанаар агаарын бохирдол утаа багасах магадлалтай л даа.Гэхдээ энэ ажлыг хийхдээ тооцоо судалгаанд тулгуурлах нь чухал.Гэр хорооллыг орон сууцжуулах их л амар ажил мэтээр ярьж байна.Нэг үгээр өнөөдөр яриад маргааш бүх гэр хороололоо орон сууцжуулчих мэтээр ойлгоод байна л даа.Товчхондоо энэ сэдвийг барьж аван сонгогчидоос оноо цуглуулчих гэсэн нөхөд олширсоны илрэл.Гадаад дотоодод явж галуу шувууны мах идсэн нөхдүүд тухайн орныхоо жишиг туршлагыг иш татан ярих нь элбэгшсэн.Явсан газрынхаа сонин хачныг ярих амархан.Монгол хөрсөндөө буулгах ямар вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.Нэг үгээр туршлагыг эх орондоо нэвтрүүлж болох эсэх нь чухал.Сүүлийн үед гоц ухаантай нөхөд гайхамшигтай шинэ санаа олсноо ам уралдан ярьж байна.Айхтар ухаантай хүмүүс л зурагт сонин хэвлэлээр дүүрээд байна.Бүх гэр хорооллыг хаусжуулах л гэнэ.Халуун хүйтэн усаар хангана л гэнэ.Миний хувьд барилгын салбарт олон жил ажиллаж байна.Би энэ асуудлын хүрээнд судалгаа хүртэл хийсэн.Европын орнуудын жишгээр манай улс хаус хороололтой болоход нэг хүндрэл бий.Энэ нь байгал цаг уурын нөхцөлтэй холбоотой.Хүмүүсийн яриад байгаа шиг дор нь байшин бариад айлууд оруулчихад хүнд.Бүр ойлгомжтой тайлбарья л даа.Америк тивд баригдаж байгаа хаусыг монголд барих боломж муу.Харин ОХУ, Канад зэрэг улсуудын технологи дөхөж ирнэ.Яагаад гэвэл цаг уурын нөхцөл ижил төстэй.Гэсэн ч халуун хүйтэн ус, бохир гээд асуудал их.Миний хийсэн судалгаагаар нэг айл хаустай болсоныхоо төлөө сард доод тал нь 300 мянган төгрөг зарлагдах болж байгаа.Энэ бол өдрийнхөө хоолыг залгуулах гэж яваа өрхүүдэд том асуудал.Тийм учраас хаусжуулах ажлыг нарийн тооцоо судалгаа төлөвлөгөөний дор хийх ёстой юм.Гэхдээ манай намын хувьд ажил эхлэх хэмжээний судалгаа бэлэн байгаа.

-Ярилцсанд баярлалаа.Танд болон танай намд амжилт хүсье.

З.Ууган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top