Иргэний хөдөлгөөний нам сонгуулийн үрэлгэн сурталчилгааг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Иргэний хөдөлгөөний нам өмнөх болон өнөөгийн сонгуулийн үрэлгэн сурталчигааг жигшиж байна. Үндэсний статистикийн хороо ядуурлын түвшинг 2003 онд 36 хувь, 2010 онд 39.2 буюу 3 хувь өссөнөөр тогтоосон юм.  Гэтэл 2012 оны сонгуулийн жилд Дэлхийн банкны оролцоотойгоор энэ үзүүлэлтийг монгол өрхийн бодит хэрэглээ биш, харин инфляцаар зассан үнийн үндсэн дээр тооцоолж, 29.8 хувь хүртэл бууруулан зарлав. Ямар ч байсан хүн амын маань гуравны нэг нь ядуу тарчиг амьдарч байхад улс төрийн нам, хувь хүн  өөрийгөө сурталчилж, хэдхэн хоногийн дараа хог хаягдал болох юманд тоолж баршгүй их мөнгө зарцуулж байгаа нь туйлын ёс суртахуунгүй, сэтгэлгүй,  хариуцлагагүй явдал гэж үзэж байна.

ЖИШЭЭ НЬ:

Авто замын дагуу байрлуулдаг рекламны  нэг самбарын доод үнэ нь өдрийн 4,000- 60,000 төгрөг (21 хоногт 84,000-1,260,000 төг.)

Гудамж талбайд байрлуулсан том хэмжээний нэг самбарын үнэ 6-12 сая төгрөг.

Бусад сурталчилгаа:

  • А4 хэмжээтэй цаасан дээрхи сурталчилгаа 100-200 төгрөг. Нэг аймагт тараахаар тооцоолж хэвлүүлэхэд 8-16 сая төгрөг.
  • ТВ, радиогийн нэвтрүүлгийн 1 секунд нь 10,000 төгрөг.  3 минут ярилцлага нэвтрүүлэхэд 1,800,000 төгрөг.

Дээрх бүх сурталчилгаанд хамрагдагсдын ихэнхи нь гол төлөв УИХ-ын эрхэм гишүүд, төрийн албан тушаалтнууд буюу “өөрийгөө таниулах” онцын шаардлагагүй хүмүүс байгаа нь зардлыг улам бүр утгагүй болгож, эдгээр төрийн түшээ хаанаас энэ их мөнгийг олж байна вэ гэсэн асуултыг төрүүлнэ. Манай улс цөөн хүн амтай, сумын хүмүүс бараг бие биенийгээ танина, тэдний сонгож, томилсон гишүүд, түшээд юү бүтээснийг мэдэж байгаа шүү дээ. Шинээр гарч буй хүчнүүдийн хувьд асуудал өөрөөр тавигдах боловч тэд ч үрэлгэн бусаар хандах ёстой юм.

Нэг хүний сонгуулийн сурталчилгааны зардлын доод хэмжээ  одоогийн байдлаар 260 сая  төгрөг  гэж үзвэл энэ нь нэг цэцэрлэг барьчих мөнгө болж байна. Гэтэл цэцэрлэгийн насны хүүхдийн 60 хувьд цэцэрлэг олдохгүй байгаа.

 

Дээрх нэг хүний зардлыг хувиас гарсан мөнгө гэж бодвол түүн дээр төсвөөс зарцуулсан мөнгийг нэмж бодох хэрэгтэй юм.

Бүхэл бүтэн амьдралаа залгуулахын тулд жирийн иргэд хичнээн төгрөгний зээл авдгийг харьцуулбал: 

 

  • Туяа - Завхан аймгийн малчин, Дундын хуримтлалын сангаас 700.000 төгрөгийн зээл авч, монгол гутал, эмээл хийх бизнес эрхэлсэн.
  • Түдэв - Өвөрхангай аймгийн малчин, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 5 сая төгрөгийн зээл авч дэлгүүр нээж ажиллуулсан.
  • Дорж - Өвөрхангай аймаг, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 5 сая төгрөгийн зээл авч модон эдлэл,  гэрийн иж бүрэн мод хийж байна.
  • Сүрэн - Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн зээл авч сүүний чиглэлийн үнээний аж ахуй эрхэлж байна. 

 

           

Самбар дээр инээмсэглэн  өнөөх л 4-5 сонгуулиар амласан ч бүтээгээгүй зүйлсээ дахин амлахын төлөө мөнгийг олон тэрбумаар урсгаж,  мөнгөний ханш унагаж, жирийн хүмүүсийн худалдан авах чадварыг доройтуулж, сонгуулийг утгагүй болгож байна.  Тэгээд 20 жилийн дараа “эх орондоо сайхан”, “хүн шиг амьдарцгаая” гэж байх юм...

Иргэний хөдөлгөөний нам нь нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг аваагүй юм. Эмэгтэй нэр дэвшигчид чадлаараа мөнгө босгон ажиллаж байна. Энэ нь бусад нам, тэдний нэр дэвшигчид сурталчилгаандаа захиран зарцуулж байгаа хувийн, төсвийн хөрөнгөний хаана ч хүрэхгүй. Иймээс Иргэний хөдөлгөөний нам хүрч очиж чадаагүй сонгогч олноосоо хүлцэл өчиж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top