2012 оны сонгууль дахиад луйвар болно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

 
Мөнхийн маргаан гэж байдаг уу. Манайхны хэдэн жилийн турш хэрүүл тэмцэл хийгээд байгаа сонгуулийн тогтолцооны маргаан “Мөнх”-ийн мэт үзэгдэх боллоо. Хөгжлийн талаарх онол ном, түүний хязгааргүй чиглэх их урсгалтай харьцуулаад харахаар сонгуулийн тогтолцооны энэ маргаан мөнхөд үргэлжилж байх зүйлийн нэг мөн бололтой. Гэхдээ түр ч атугай цэг хатгаж, шударга тал руу нь хандуулаад өгвөл сонгууль маань олон түмний бухимдлыг төрүүлж өнөөх 7 сарын 1 шиг хар мөр үлдээхгүй байж болох байх аа. Одоогийн УИХ-ын гишүүд бүтэн гурван жил гаруй энэ талаар олигтой шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүрлээ. Цаана нь нам, улс төрчдийн хувийн ашиг сонирхол нуугдаад байгаа болохоор тэд өөрсдөдөө аль ашигтай байдлаар хуулиа хийх гээд байна гэсэн хардлага сүүлийн үед нэлээд газар авч байна. 2012 оны сонгуулиас дор хаяж 6 сарын өмнө энэ хууль батлагдсан байх ёстой. Хаврын чуулганаар баталж эс чадвал иргэд сонгогчдод бүр ч таагүй сэтгэгдэл үлдээнэ. Сонгуулийн тогтолцоо ямар байх нь тухайн улс орны амьдралд гүнзгий нөлөө үзүүлдгийг бид өнгөрсөн жилүүдийн сургамжаас сайтар ойлгосон. Манайхан сүүлийн 16 жилийн турш ардчилсан шударга сонгууль гэдгийг жинхэнэ утгаар нь явуулж чадсангүй. Нөгөө л жалга довын үзэл, авлига хээл хахууль үнэртсэн, сонгогчдоо худалдаж авдаг зэрэг элдвийн хэл ам дагуулдаг тогтолцоогоор хэдэн жилийг өртөөллөө. Жишээ нь,  2000 онд хоёр шатлалт тогтолцоогоор явуулсан сонгууль ихээхэн но-той байлаа. Нэр дэвшигчид сонгогдохын тулд дөнгөж 25 хувийн санал авахад хангалттай гэж байв. Үүний үрээр нийт сонгогчдын 52 орчим хувийн санал авсан МАХН парламентын 76 суудлын 72-ыг авсан юм. Ингээд парламент сөрөг хүчингүй дөрвөн жилийг барж билээ. 2008 оны сонгуулийн өмнө мөн л хуулиа шинэчлэх тухай ярьж байв. Бага зэрэг шинэчилсэн гэх боловч санал худалдан авах нүх үлдээсэн, СЕХ-г нэг намын хүмүүсээр ихэвчлэн бүрдүүлсэн, томсгосон тойрогтой можаритор систем зонхилсон хуультайгаар сонгуульд орж холион бантан хутгаж орхисон юм. Сонгуулиас үүдэлтэй эмх замбараагүй байдал, цус урсгасан үймээн самууны дараагаар МАХН, АН хоёр “нийлж” хамтарсан Засгийн газар байгуулахад хүрсэн. Үүний сайн муу үр дагаврыг ирэх сонгуулиар сонгогчид шүүгээд өгнө. Ямартай ч өнөөдөр 2012 оны сонгуулийг өмнөх жилүүдийн хувилбараар бус, өөр зарчмаар явуулахаар зориг шулуудан хэд хэдэн хуулийн төсөл УИХ-ын даргын ширээн дээр дэлгэж тавиастай байгаа. Тэдгээрээс эцсийн хувилбарыг гарган авах, цэвэр пропорциональ системээр, эсвэл холимог хувилбараар гэсэн зааг дээр одоо тулж ирээд байна.  Пропорциональ системийг сонгоход сайн тал бий. Можаритор системээр өмнөх жилүүдэд төрийн жаахан мөнгийг хайр найргүй үрсэн. Тэгэхээр үүнийг үрэлгэн систем гэж үзэж болно. Урьдынх шиг 72:4 гэсэн харьцаа гаргахгүй байх нь пропорциональ системийн давуу чанар боловч сул тал нь ялсан намын даргыг шууд өндөр эрх мэдэл рүү чирдэг. Энэ системээр олон жил явсан Польш улс бөөн зовлон тоочиж байгаа. Бүтэн 15 жил пропорционалиар сонгуулиа зохион байгуулаад тэд эцэст нь маш олон олигархийг төрийн толгойд гаргасандаа харамсаж байна. Энд холимог хувилбар гэдгийг тодруулбал, олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцооны аль алиных нь эерэг шинжийг агуулдаг онцлогтой. Ийм тогтолцоогоор ихэнхдээ нэг мандаттай тойргоор санал хураадаг. Мөн энэ тогтолцоо нь хоёр хэлбэртэй. Үүнд, хувь тэнцүүлсэн суудлын хуваарилалт нь олонхын тогтолцоогоор сонгууль явуулсан тойргийн суудлыг яаж хүргэхээс хамааралтай. Тэгэхээр одоогийн яригдаад байгаа 26:50 гэсэн харьцаагаар суудлыг хуваарилах сонгууль явуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тулааны тэргүүн фронт дээр нам бүрээс 26 хүн аймаг бүрд халз үзнэ. Харин үлдсэн 50 нь намын нэрсийн жагсаалтаар буюу “халуун тогоонд”-оо хэр нөлөөтэй вэ гэдгээс хамаарах болж байна. АН-ынхан энэ хувилбарыг илүү дэмжиж байгаа гэнэ. Ардын намынхан харин үүнд тийм ч таатай хандахгүй байна. Ер нь энэ хоёр нам хэд хэдэн асуудалд санал зөрүүтэй хэвээрээ байгаа юм. Тухайлбал, намыг нь уу, нэр дэвшигчийнх нь нэрийг дугуйлах уу гээд асуудал хурцаар яригдах боллоо. Хэрвээ ийм холимог хувилбараар сонгуульд орвол жижиг намууд, бие даагчид будаа болж, эрх баригч хоёр том намын хаанчлал урьдын адил үргэлжлэх магадлал маш өндөр байна. Эцсийн эцэст ерөөсөө сонгууль шударга явагдах эсэх нь зөвхөн тогтолцоонд ч байгаа юм биш л дээ. Өнгөрсөн сонгуулийн сургамжаас харахад Б.Бат-Эрдэнэ гишүүн гэхэд Хэнтий аймгийнхаа 300 гаруй сонгогчийг бараг жилийн өмнөөс ээлж дараалан амралт сувилалд явуулан өөртөө элсүүлж байлаа. Түүний энэ “Туршлага” олон улс төрч дээр давтагдсан. Орон нутгийн төр, захиргааны байгууллагад ажиллаж байгаа өөрийн хүмүүсээ сонгуулийн ухуулагчаар томилж далдуур цалинжуулдаг аргаараа Ардын намынхан тун алдартай болсон. Тиймээс санал худалдан авах тухай ойлголтонд зөвхөн сонгуулийн компани эхэлсэн цөөн хэдэн өдөрт багтааж бэлэн мөнгө тарааснаар нь хэмжих боломжгүй. Нөгөөтэйгүүр Сонгуулийн Ерөнхий Хороо болон салбар хороодод эрх баригч намаас хүнээ томилдог. Үүний гайгаар өнгөрсөн сонгуулийн үеэр СЕХ-ны дарга асан Баттулга гэдэг хөгийн эр яаж бужигнуулсныг хүмүүс санаж байгаа байх. Өөрийн намын хүнээ сонгуульд ялуулахын тулд олон тойрог дээр тэр хор найруулсан нь илчлэгдсэн юм. С.Эрдэнэ гишүүнийг сүүлд нь Баянгол дүүргээс сонгогдоогүй гэж олон түмэнд ойлгуулахын тул шүүхийнхэнтэй хүртэл хуйвалдан өмч хөрөнгө идэж уусан гэх хэргээр ял оноох гээд бүтэн жил тухайн тойргийн сонгогчдыг УИХ-д төлөөлөлгүй болгож дөнгөж байлаа. Сонгуулийн салбар хороод дээр ч Баттулгын найруулсан хор Дорнод, Хэнтий зэрэг олон аймаг, нийслэл хотод маргаан үүсгэж байсан боловч тэгсхийгээд эрх баригчдын тааллаар чимээгүй болсон. Ирэх сонгуулиар харин нэг хүн хэд хэдэн газарт нууцаар очиж санал өгдөг гажиг багасч магадгүй. Үүнийг Ардын намынхан “Туулайчлах” хэмээн өхөөрдөж нэрлээд, ийм аргад мэргэжсэн бүрэлдэхүүнтэй болчихсон байсан. Аймаар байгаа биз. Тэгвэл хүн амын тооллого, бүртгэл одоо нэгэнт жигдэрч, дээр нь цахим хэлбэрээр санал тоолох техник тоног төхөөрөмж ашиглах гэж байгаа тул “Туулайнууд” аяндаа мөхөх байх. Гэхдээ сэрэмжтэй байхад илүүдэх юу байхав., Иргэний бүртгэлийн цоорхойг ашиглах өөр шинэ арга гаргаад ирэх ч юм билүү. Тааж хэлэх аргагүй. Өнөөдөр дараагийн сонгууль болоход нэг жил нэг сарын хугацаа үлдээд байхад сонгуулийн хуулиа шинэчилж чадаагүй, шинээр ашиглах цахим санал тоологчийг хэрхэн ашиглахад хүмүүсээ сургаагүй байгаа зэрэг нь иргэдэд эргэлзээ төрүүлээд байна. УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай цуг явуулах талаар ярьж буй ч улс төрчдийн өнөөгийн арчаагүй, хөшүүн хойрго байдал сүүлдээ бүр ноцтой үр дагаварт хүргэж болох юм.
Үүнээс гадна МАН, АН хоёр одоо орон нутгийн Засаг дарга нарт хайр зарлаад эхэлчихсэн байна. Баянзүрх дүүрэгт л гэхэд бүх хорооны засаг дарга нь машинтай болсон. Тэд  бэлгийн машинаараа шөнө, оройдоо таксинд явж мөнгө олдог гэнэ. Мөн хэсгийн ахлагч нар нь ядарсан төрийн албан хаагч гэж өрөвдүүлэн УИХ-ийн гишүүдээсээ байр зэргийг гуйгаад харайж явна. Иймэрхүү байдлаас болоод зарим иргэдийн дунд үүссэн “2012 оны сонгууль урьдын адил луйвар болж хувирна” гэх хардалт, санаа зовнил яваандаа нэлээд савалгаатаж мэдэхээр байна. Луйврын сонгуулийн бэлтгэл ажил орон нутгийн баг, хорооны хэмжээнд эртнээс эхэлсэн тул “7 сарын 1” давтагдахыг үгүйсгэх аргагүй юм. 
 Б.Отгонбаяр. Zindaa.mn

                                                                                   
                                                                               

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top