Хуулиа бүдүүлгээр зөрчсөн Ж.Сүхбаатар гишүүн шаардлага тавьсан цагдааг өмнөө “сөхрүүлж” даапаалжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа 2008 оны сонгуульд Дархан-Уул аймгийн 19-р тойрогт нэр дэвшин сонгогдож байсан Ж.Сүхбаатар гишүүнд Бурхантын хөндийн ард иргэд ихээхэн итгэл хүлээлгэж байлаа. Сайн удмын нэр, хуульч мэргэжил хоёр нь түүнийг Их хуралд суухад томоохон нөлөө үзүүлсэн нь судалгаанаас харагддаг. Гэвч төр түшилцсэн цагаасаа л ахмад хуульчидтай нохой гахайдаа тулан хэрэлдэх, залуу хүний хувьд байж боломжгүй ёс зүйн алдааг чуулган дээр гаргах зэргээр сонгогчдынхоо урмыг хугалсаар яваа нэгэн. Үзэл бодлын зөрчилдөөн байж болох ч аав шигээ хүн рүү ярдаглан дайрах нь ухамсар доройн шинж мөн биз. За тэр ч яахав, залуу хүний цус нь хөөрсөн байх гээд уучилъя. Гэтэл хуульч гишүүн маань өөрөө хуулийг уландаа гишгэж, төрийн цагдааг басамжлан дарамталсан увайгүй үйлдлийг саяхан гаргажээ. Дархан-Уул аймгаас МАН-ын хоёр гишүүн сонгогдсон. Ирэх сонгуульд гурван хүн нэр дэвшихэд Сүхбаатар, Хаянхярваа хоёр дахин өрсөлдөж таарна. Тэгвэл гурав дахь нэр дэвшигчийн төлөө Дарханд ёстой л цусгүй дайн өрнөж байгаа аж. Энэ тулаанд Сүхбаатар гишүүн овоо урагштай байгаа гэх. Тэр өөрийн талын хүнийг нэр дэвшүүлэхээр намын хороогоо “хороор” булж байгаа хэмээн эх сурвалж ярьж байх юм. Энэ л ажлаа хийх гэж Дарханд очоод байхдаа эрхэм гишүүн хууль зөрчжээ. Тэрээр том жийп хөлөглөн Дарханы гудамжаар явахдаа замын хөдөлгөөний дүрмийг илт бүдүүлгээр зөрчин үүнийх нь улмаас замын цагдаа зогсоосон байна. Тэр үед Сүхбаатар гишүүн жолоочтой явсан эсэх нь тодорхойгүй байна. Нэгэнт замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчсөн Сүхбаатар гишүүний машинд торгууль ноогдуулах, журам сахиулах шаардлагыг замын цагдаа үүргийнхээ дагуу тавьж. Гэтэл эрхэм гишүүн ихэд эгдүүцэж “Чи намайг торгодог хэн бэ. Торгох биш, миний урд ороод куперлээд явж байх ёстой хүн юм биш үү чи” гээд л үг сүггүй загнажээ. Цагдаа ч бас шөрмөстэй эр таарсан бололтой шаардлагаа тавьсаар байж. Сүхбаатар гишүүн түүнийг нохой хуцахын чинээ тоосонгүй, хот руу утас цохиж замын цагдаагийн нэр бүхий томоохон албан тушаалтнаар Дархан руу яриулж, дам дамаа баахан цагдаагийн боссуудад хүндэрсэн юм байх. Эцэст нь хууль ёсны шаардлага тавьсан замын цагдаа Сүхбаатар гишүүний өмнө толгой гудайлган бөхийж “Та намайг уучлаарай” хэмээн бууж өгчээ. Ингэхдээ заавал ёслохыг шаардсан байх юм. Товчхондоо эрхэм гишүүн маань хууль зөрчсөнийх нь төлөө шаардлага тавьсан төрийн цагдааг өмнөө “сөхрүүлж” чаджээ. Чадсан ч гэж дээ, бүр даапаалжээ. Ёстой янтгар хатанд ямба зохихгүй гээч болж байх шив дээ, таминь. Энэ Сүхбаатар гэдэг гишүүн чинь Төрийн байгуулалт болон хууль зүйн байнгын хороо, ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажилладаг төрийн өндөр албан тушаалтан. Хууль сахиулахаар ажиллаж байгаа төрийн цагдаагаа төрийн түшээ нь хүндэлж чадахгүй юм бол тэдний шаардлагыг ер нь хэн тоох юм бэ. Одоо Сүхбаатар гишүүний энэ үйлдлийн улмаас тэр цагдаад ажиллах урам, итгэл үнэмшил үгүй болсон гэдэг нь маш тодорхой. Төрийн түшээд нь өөрсдөө ингэж төрийн ажлыг үнэгүйдүүлж, хуулиа завхруулж байна. Саяхан Америкийн нэгэн хотод Хотын даргаа цагдаагийнхан хууль зөрчлөө хэмээн баривчилж, саатуулсан байна. Тэнд цагдаагийн байгууллага ийм хүчтэй байхад манайд дурын албан тушаалтан цагдааг өмнөө сөгдүүлж, доромжилж байна. Цагдаагийн хүч, эрх мэдэл, хамгаалалт ийм сул байгаа цагт бид хууль журам нэмж гаргаад хэрэг байна уу. Цагдаагийн байгууллагын удирдлагууд танил тал, албан тушаал харж энэ хэдэн цагдаа нараа загнадаг, загнуулдаг гаж тогтолцоогоо устгахгүй бол, Сүхбаатар мэтийн “цээж баян” улс төрчид, төрийн албан тушаалтнууд хэдэн цагдаагаар чинь хүүхэлдэй шиг тоглож, замын голд эрүүл мэндээ золин зогсох энгийн албан хаагчид чинь улам л цөөрөх нь гэдгийг Д.Сандаг-Очир генерал танаа сануулъя.

Р.Зоригт. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0000(103.10.23.123) 2017 оны 09 сарын 17

Даварсан тэнэг үхээр вэ Монгол төр дараагийн сонгуулаар МАН -АН ийн хулгайч нарын зайлий тэднийг дахин бүү сонго ардтүмэн минь

0  |  0
Top