Акталсан цэцэрлэг аминд хүрэх вий

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16


Зарим үед сурч байсан сургууль цэцэрлэгийнхээ хажуугаар өнгөрөхөд хүүхэд ахуй үе санагдаж байшин барилга нь хүртэл цаанаа л нэг дулаахан санагдах  үе бий. Завтай үедээ хүүхэдтэйгээ хамт ороод ээж нь энд сурч хүмүүжсэн гээд хэлмээр санагддаг ч  тэр болгон ороод суугаад байсан нь хуруу дарам цөөхөн. Тэдгээр цэцэрлэгийн барилгууд аль тэр жилийн орос ах нарын барьж өгсөн эд л дээ.  Хуучны сайхан дурсамж маань нөгөө талаараа он жилийн уртад элэгдэж, цонхны мод нь үйрч, будсаар байгаад даагдахаа больсон хаалганууд нь нугасаараа салж унажээ. Улсын хэмжээнд төрийн өмчийн 689 цэцэрлэгийн барилга байдгийн 142 нь зориулалтын бус, 70 барилга нь актлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг МХЕГ өгсөн байх юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ашиглалтын байдалд өнгөрсөн жил шалгалт хийжээ. Тэгээд 1970 оноос өмнө ашиглалтад орсон  сургуулийн 29 барилга, 51 цэцэрлэг чулуун өрлөгт ба цутгамал бетон шугаман суурьтай тул суулт, хагарал үүссэн, цаашид ашиглах боломжгүй гэдгийг тогтоогоод  дээрх барилгуудыг буулгах шийдвэр гаргасан байна.  Овсгоотой эрхлэгчтэй нь гадна дотны төсөл, хөрөнгөөр нурж унах гэж байгаа хуучин барилгаа өөд нь татаж цонх хаалгаа сольж, ширээ сандал, тоглоомуудаа шинэчилсэн ч уг суурь нь муудсан тул дорхноо л хуучин хэвдээ орно. Энэ мэтчилэн шалгалтаар өчнөөн барилгыг акталсан  ч ашигласаар  байна.  Ороод суучих өөр байр савгүй болохоор аргагүй биз. Төр засаг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг даахаар болж, шинэ төрсөн хүүхдэд мөнгө өгнө гээд төрөлтийг хэд дахин нэмэгдүүлчихээд хүмүүжүүлэх газар нь ч хүрэлцэхгүй болсон.  Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн үг л энд хэрэгжих ёстой болоод байна даа.  Төр засаг минь ирээдүйн эздээ хүмүүжүүлэх байрыг нь бий болгочихоод бурхнаас үрсээ “нүүр бардам” гуйвал яасан юм бэ? Ах, эгч, аав, ээж нь энэ л цэцэрлэгээр хүмүүжсэн гээд бахархалтайгаар хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэж байгаад хуучин барилгын доор булуулах вий дээ
Ө. Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top