Хүний хөгжлийн сангаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 15

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухайд хуульд заасныг үндэслэн Засгийн газраас “Төр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр тооцохоор болсон. Мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын шимтгэлийг “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд зааснаар 670 төгрөг байхаар тогтоосон юм. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний шимтгэлийн сарын хэмжээг 5370 төгрөгөөр тогтоож, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөхөөр болсон билээ. Энэхүү шимтгэлийн зарим хэлбэрийг Хүний хөгжил сангаас олгоод эхэлсэн байна. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ахлах мэргэжилтэн Б.Ганчимэгээс тодрууллаа.

          -“Хүний хөгжил сан”-гаас иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа гэж сонслоо?

          -2011 оны “Хүний хөгжил сан”-гийн төсөвт Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудал орж ирсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бэлэн бус хэлбэрээр шилжүүлнэ. Энэхүү шимтгэлд ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа ажилгүй иргэд, их, дээд сургууль болон коллежийн өдрийн ангийн оюутан, мөн малчид хамрагдах юм.

          -Төсөвт хэдэн төгрөг шилжүүлсэн юм бол?

          -2011 оны төсөвт 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2011 оны нэгдүгээр улирлын байдлаас үзэхэд 76262 иргэнд 600 гаруй сая төгрөгийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын эрүүл мэндийн санд шилжүүлсэн байна.

          -Үүнд хамрагдах иргэд зөвхөн энэ оны гэлтгүй өмнөх онуудын шимтгэлээ төлүүлж болох уу?

          -Улсын төсөвт зөвхөн 2011 оны дээр дурдсан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр болсон. Харин өмнөх оны шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжгүй юм.

          -Хүссэн үедээ шимтгэлээ төлүүлэх боломжтой юу. Хугацаа заасан уу?

          -Хугацаа заагаагүй. Хамгийн гол нь зөвхөн 2011 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Ондоо багтааж хамрагдах боломжтой.

Эх сурвалж: “Нийслэл таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top