Нэгдүгээр ангийн нийт сурах бичиг 1.5 кг жинтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагч­дын 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангах ажлыг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жил мөн үнэгүй сурах бичгийг төрийн дэмжлэг туслалцаа шаардлагатай, эмзэг бүлгийнхэн буюу амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, айл өрхийн хүүхдүүдэд олгохоор болжээ. Мөн бүтэн, хагас өнчин, нэг өрхөөс гурав болон түүнээс дээш хүүхэд сургуульд хамрагдаж байгаа тохиолдолд үнэгүй олгох юм байна.

Харин дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь сурах бичгээ өөрсдөө худалдан авах аж. Энэ жил 89 нэр төрлийн 1315348 ширхэг сурах бичиг хэвлэн Ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлж байгаа бөгөөд шинээр зохиогдсон 27 нэр төрлийн сурах бичгийн 90 хувь нь долдугаар сарын 1-ний дотор орон нутагт нийлүүлэгджээ. Сурах бичгийн үнийн талаар БСШУЯ, хэвлэлийн компаниудтай хэлэлцэж тохирдог. Тиймээс энэ жилийн дунд ангийн сурах бичгийг дунджаар 2250, ахлах анги 3420 төгрөг, харин өмнө нь хэвлэгдсэн сурах бичгүүд хуучин үнээрээ худалдаалагдах аж. Нэгдүгээр ангийн сурах бичиг нэг стандарт хэмжээтэй байдаг бөгөөд дундаж жин 140 грамм жинтэй байх гэнэ. Тиймээс бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийн нийт жин ойролцоогоор 1.5 кг болох аж.        

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top