Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлт

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

 

 

Монгол улсын үндэсний статистикийн хорооноос дөнгөж сая манай улсын нийгэм, эдийн засгийн байдал 2012 оны эхний 7 сарын байдлаар ямар үзүүлэлттэй байгаа талаар мэдээлээ. Ингээд Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Үйлдвэрлэлийн аргаар:  ДНБ оны үнээр өмнөх оны мөн үеийнхээс 2012 оны эхний хагас жилд 25.2 хувиар өсч, 6185.7 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2429.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.2 хувиар өслөө.   

Эцсийн ашиглалтын аргаар: Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны 7 дугаар сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.4 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар өслөө.

Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усны бүлгийн барааны үнэ дүнгээрээ 1.3 хувь,  гэр ахуйн тавилга, барааных 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.   

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны 7 дугаар  сарын эцэст 6953.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 97.7 тэрбум төг буюу 1.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1033.1 тэрбум төг буюу 17.4 хувиар өсчээ.

            Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 7 дугаар сарын эцэст 801.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 90.1 тэрбум төг буюу 10.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 127.5 тэрбум төг буюу 18.9 хувиар өсчээ.           

            Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 7 дугаар  сарын эцэст 6428.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 110.3 тэрбум төг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1747.1 тэрбум төг буюу 37.3 хувиар өсчээ.   Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 7 дугаар сарын эцэст 85.1 тэрбум төг болж,  өмнөх сарынхаас 33.3 тэрбум төг буюу 64.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.8 тэрбум төг буюу 19.4 хувиар өсчээ.            

            Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 7 дугаар сарын эцэст 305.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 2.1 тэрбум төг буюу 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 76.2 тэрбум төг буюу 20.0 хувиар буурсан байна.

            Үнэт цаасны арилжаа 2012 оны 7 дугаар сард 19 өдөр явагдаж, 749.8 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, 2.3  сая ш үнэт цаас арилжигдсан байна.          

           Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт  хэмжээ 2012 оны эхний 7 сард 2744.5 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3344.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 599.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.             

            Нэгдсэн төсвийн урсгал орлого 2735.3 тэрбум төг, урсгал зардал 2586.8 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 148.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 455.5 тэрбум төг буюу 22.8 хувиар нэмэгдэхэд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 139.0 тэрбум төг буюу 18.7 хувь, бусад татварын орлого 135.5 тэрбум төг буюу 36.3 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 133.0 тэрбум төг буюу 57.7 хувь, орлогын албан татварын орлого 37.3 тэрбум төг буюу 8.2 хувь, гадаад худалдааны татварын орлого 8.1 тэрбум төг буюу 4.4 хувь,  өмчийн татварын орлого 2.6 тэрбум төг буюу 30.5 хувиар өссөн нь  нөлөөлжээ.

            Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 23.5 тэрбум төг буюу 8.9 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 13.5 тэрбум төг буюу 35.2 хувиар буурсан хэдий ч бусад нэр заагдаагүй орлого 15.8 тэрбум төг буюу 65.3 хувь, газрын тосны орлого 14.0 тэрбум төг буюу 58.5 хувь, хүү, торгуулийн орлого 7.2 тэрбум төг буюу 27.4 хувь, навигацын орлого 1.4 тэрбум төг буюу 5.7 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.     

         Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны эхний 7 сард 3344.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1163.8 тэрбум төг буюу 53.4 хувиар нэмэгдсэн нь  эргэж төлөгдөх цэвэр зээл 54.8 тэрбум төг буюу 60.7 хувиар буурсан хэдий ч татаас ба шилжүүлгийн зардал 474.5 тэрбум төг буюу 50.9 хувь, хөрөнгийн зардал 363.1 тэрбум төг буюу 2.0 дахин, бараа, үйлчилгээний зардал 353.4 тэрбум төг буюу 45.5 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 27.6 тэрбум төг буюу 2.2 дахин өссөнөөс   шалтгаалжээ.

              Хөрөнгийн зардалд 2012 оны эхний 7 сард 721.8 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 363.1 тэрбум төг буюу 2.0 дахин нэмэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 367.9 тэрбум төг буюу 2.1 дахин өсч, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 4.8 тэрбум төг буюу 18.1 хувиар буурснаас шалтгаалжээ. 

               Монгол улс 2012 оны эхний 7 сард дэлхийн 124 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6506.0 сая ам.долл, үүнээс экспорт 2538.0 сая ам.долл, импорт 3968.0 сая ам.долларт хүрчээ.

             Гадаад худалдааны тэнцэл 2012 оны эхний 7 сард 1430.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 329.2 сая ам.долл буюу 29.9 хувиар өсчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 6.9 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна.

            Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 722.0 сая ам.долл буюу 12.5 хувь, үүний дотор импортын хэмжээ 525.6 сая ам.долл буюу 15.3 хувь, экспортын хэмжээ 196.4 сая ам.долл буюу 8.4 хувиар өсчээ.

 

Экспортын 98.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top