Алтан медалийн эздэд л насан туршийн урамшуулал олгоё

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

 

 Монгол улсын  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад сар бүр насан туршид нь урамшуулал олгох зарлигийн төсөл санаачилсан байна. Тухайлбал олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол гурван сая, мөнгө бол хоёр, хүрэл  нэг сая төгрөг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийн эзэн болвол хоёр сая, мөнгө  нэг сая, хүрэл медалийн эздэд 500 мянган төгрөг өгч байхаар тусгажээ. Засгийн газрын хуралдаанаар  төслийг  зарчмын хувьд дэмжсэн байна. Гэхдээ олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчин Дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгөн медалийн эзэнтэй  адил мөнгөн урамшууллыг авах нь учир дутагдалтай тул Олимпийн аваргыг дөрвөн сая, мөнгөн медалтныг гурав, хүрэл медалтныг хоёр  сая төгрөгөөр урамшуулах саналыг дахин хэлэлцэхээр болжээ. Эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж байгаа тамирчдаа урамшуулах нь зөв ч дахин харах юм бас байнаа.

  Дэлхийн аваргын тэмцээн жил бүр зохиогддог.  Манайд Дэлхийн аваргын алт мөнгө, хүрэл  медальтай тамирчид цөөнгүй бий. Цаашдаа ч төрөх нь ойлгомжтой. Монголчууд 1964 оноос хойш Олимпийн наадамд оролцсоор ирсэн. Энэ бүх хугацаанд мөнгө, хүрэл медалийн эзэд болж байсан сайхан амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголчуудын  44 жилийн турш хүлээсэн Олимпийн анхны алтан медалийг Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар маань авчирч  Монгол түмэн хотлоороо  магнайгаа хагартал баярлаж эв найрамдлын эхийг тавьсан удаатай. Бээжингийн Олимпийн наадмаас хос алтан медаль ихэрлүүлэн авсан  болохоор  “Лондон -2012” Зуны XXX олимпийн наадмаас ч бид алтан медаль хүлээж байсан нь нууц биш. Энэ удаагийн олимпийн наадамд оролцсон баг тамирчид хоёр мөнгө, гурван хүрэлтэй буюу олимпийн наадмаас түүхэндээ хамгийн олон медальтай ирэв. Тэднийхээ уйгагүй бэлтгэл сургуулилалт,  хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн үр дүнг шагнах нь зүйтэй. Манай Засгийн газар Лондонгийн олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн тамирчдад 60 сая, хүрэл медалийн эздийг 30 сая төгрөгөөр шагнасан нь тамирчид болоод ард түмэнд чамлалттай санагдсаныг нуух юун.  Хэдийгээр тамирчны ялалт хямдхан  олддоггүй ч   Ерөнхийлөгчийн санаачилсан энэ мөнгө бол нэг удаа өгөх бус насан туршид олгох мөнгө. Тэгэхээр  Алтан медалийн эзэддээ л сар бүр насан туршид нь гурван сая төгрөгийн  урамшууллыг нь олгоод  бусад хүмүүст нэг удаадаа  гомдохооргүй мөнгөн шагналаар шагнаж байвал ямар вэ. Одоогийн байдлаар манай улсын 47 тамирчин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд байгаа. Жишээ болгон Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, З.Ойдов гуайг хэдэн төгрөгийн урамшуулал авахыг сонирхуулъя.

 Монреалын 1976 оны олимпийн мөнгөн медальтай, ДАШТ гэвэл Туркээс 1974 онд алт, 1975 онд Минскийн тэмцээнээс алт, 1977 онд Швейцарийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр З.Ойдов гуай сар бүр нийт 6,5 сая төгрөгийн урамшуулал хүртэх нь.

  Төрийнхөө алтан соёмбот далбааг тив дэлхийд мандуулж буй тамирчид маань ямар их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн ард гарч байж тэр амжилтанд хүрч байгааг  ойлгож байнаа. Гэхдээ тэд бусад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн адил цалин хөлс, шагнал урамшууллаа авсаар ирсэн.  Монголчууд  Олимп болон Дэлхийн олон аваргатай болохыг хүсч байгаа.  Тамирчин хүн тухайн салбартаа №1 байж чадаж гэмээнэ аваргын тавцанд зогсох эрхийг өвөртөлдөг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлага тамирчдын хүч хөдөлмөрийг үнэлснээс гадна Монгол улс Олимп, Дэлхийн олон аваргатай болохыг хүссэн шагнал болов уу. Гэхдээ  улсын маань сангийн  авдар ёроолгүй биш хойно  уул уурхайгаас өнөөдөр олж байгаа мөнгө болон  татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацаж арай л боломгүй санагддах юм.  Сар бүр насан туршдаа улсаас урамшуулал авах хойно тэр бүрийн ард АВАРГА, АЛТ гэсэн хоёр үг, нэг бодлого байвал зүйтэй санагдана.  Эцэст нь хэлэхэд спортод бүхнээ зориулж буй тамирчин та бүхнийг Аварга болохыг хүсэн ерөөе.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top