Олимпийн найдварууд итгэл алдсаны учир юу вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22


Дөрвөн жилд ганц тохиодог Олимпийн наадам өндөрлөөд удаагүй байна. Бээжингийн олимпоос алт мөнгөн медалийг ихэрлүүлж авчирсан тамирчдаасаа Монголчууд  Оюутолгойнхоо алтны дээжээр хийгдсэн  алтан медаль хүлээж байсан нь  нууц биш. Гэхдээ манай тамирчид Лондонгийн олимпоос  урьд хожид авчирч байгаагүй олон медальтай ирсэн. Тодруулбал  жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, боксын эрэгтэйчүүдийн -52кг жинд Н.Төгсцогт нар мөнгө, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ С.Ням-Очир, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Дэлхийн аварга С.Батцэцэг, боксын эрэгтэйчүүдийн -64кг жинд гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль энгэртээ гялалзуулан ирж сайхан амжилт гаргалаа.  

 Монголчуудын жудо бөхийн 66 кг-ийн жин дэлхийд ямар хүчтэйг гайхуулан  өрсөлдөгчдөө айлгаж байсан Х.Цагаанбаатарыг Лондонгийн олимпоос алтан медальтай ирэх болов уу гэсэн горьдлого олон хүнд байсан. Харамсалтай нь тэр эхний учраадаа эцсийн 5 секундэд  ялагдаж олимпийн наадмыг орхисон юм.

  1980 оноос хойш  олимпийн анхны мөнгөн медалийг Бээжингийн олимпоос авчирсан  О.Гүндэгмааг медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн найдаж байсан ч тэрээр энэ олимпод  27-д жагсав.  Тив дэлхийд улсынхаа нэрийг олонтаа гарган бахдам сайхан амжилт үзүүлж байсан  гэр бүлийн хоёр  тамирчны маань Лондонгийн олимпод төдийлөн амжилт гаргаагүйн учир нь юунд байв?

 Үнэндээ тэд олимпод тун амжилт муутай оролцсон нь тамирчин хүний сахилга бат хийгээд сэтгэлзүйтэй холбоотой байсан гэнэ. Ойр дотны хүмүүсийн нь яриагаар сүүлийн үед  тэд гэр бүлдээ маргаантай, сэтгэл зүйн бэлтгэл тааруу, нерв ихтэй байх болсон гэх. 

О.Гүндэгмааг тив дэлхийд өндөр амжилт үзүүлдэг хэрнээ олимпийн наадамд од муутай гэж Бээжингийн олимпоос  өмнө хүмүүсийн ярилцах нь цөөнгүй байлаа.  Харин дөрвөн жилийн өмнө түүний экс нөхөр, буудлагын спортын гавъяат  дасгалжуулагч Л.Ундралбат О.Гүндэгмааг дасгалжуулж байжээ. Х.Цагаанбаатарыг Гүндэгмаатай уулзахаар ирэхэд нь элдвийн арга саам хийж  барагтай бол уулзуулдаггүй байсан гэдэг. Энэ нь  хуучин эхнэрээ шинэ нөхөртэй нь уулзуулах дургүй гэх аминч бодлоос илүү тамирчнаа амжилт гаргахад нь туслах гэсэн дасгалжуулагчийн ухаан байв. Угаас тамирчин хүн сэтгэл санаа дээд зэргийн тайван, хэт их баяр хөөр, уур бухимдал зэргийг мартсан байх нь амжилт үзүүлэхэд гол нөлөө үзүүлэх нь тодорхой. Нэгэнт спортод бүх амьдралаа зориулж байгаа бол улс орны нэрийг гаргах том тэмцээнд гэр бүлийн асуудлыг дэвжээний гадна гаргаж хаях хэрэгтэй аж.


 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muugii(202.179.11.94) 2014 оны 10 сарын 26

Uych bolson shuumjleh erhgui ger bul baatruud amjilt ta naraar baharhdag dahij undralbat uvuugiin talaar yriad hereggui bh gundegmaad tentseegui haygdsan odoo hajuud ni jinhene er bhad ter uvgunuurch yah ve de tsagaanaa amjilt.

0  |  0
Top