”Монгол хурим эрхэмсэг оршихуй” өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

Өчигдөр Гэрлэх ёслолын ордонд “Монгол хурим эрхэмсэг оршихуй” сэдэвт өдөрлөг боллоо.

Жил бүрийн намар олон хурим болж, залуу хосууд гал голомтоо бадраадаг уламжлал манай улсад тогтжээ. Сүүлийн жилүүдэд залуу хосууд хуримаа европ болон үндэсний өв уламжлалаа хослуулан хийдэг болсон билээ. Үүний хажуугаар залуу хосуудын мэдлэг ч дутмаг тал ажиглагддаг. Манай улсад гэр бүл болох уламжлал, ёс жаяг ямар ястан гэдгээсээ хамаараад өөр өөр. Тухайлбал, бэр гуйх, сүй тавих, худ ураг болох, хуримлах зэрэг нарийн уламжлал, ёс жаягтай байв. Цаг хугацаа, түүхэн хөгжлийн явцад уламжлал, ёс жаяг бүр мөсөн алдагдаагүй ч хувьсан өөрчлөгдсөн тал бий.  

Гэрлэх ёслолын ордны даргаар олон жил ажиллаж буй Х.Оюунчимэг, Улаанбаатар их сургуулийн багш, гэр бүл судлаач, ph.доктор Т.Намжил, Ph.доктор Д.Баяндалай, Отгонтэнгэр их сургуулийн багш, түүхийн ухааны (Ph.D), дэд профессор Б.Солир, “Монгол костьюмс” ХХК-ийн захирал Б.Сувд, цэцгийн “Хайтан” клубын тэргүүн Г.Батсүх нар оролцож, хуримлах ёс, өв уламжлалын талаар танилцуулахын зэрэгцээ орчин үеийн хуримын хувцас, нөхөрт гараагүй бүсгүйн дээл, Хүннүгийн болон олон үндэстний эрэгтэй, эмэгтэй хувцсыг үзүүлж сонирхууллаа. Мөн сүүн ёслол ямар учир утга агуулдаг, хэрхэн үйлддэг зэргийг хуримын ордны дарга Х.Оюунгэрэл тайлбарласан юм. Харин Хайтан клубын тэргүүн хуримын цэцгийн тухай тайлбарлав.

Ялангуяа хуримын ордонд хосууд гэр бүл болоод гарах бус ийм арга хэмжээ зохион байгуулж гэр бүл болж, хурим хийх гэж буй залууст мэдлэгт нь нэмэр болох чухал арга хэмжээ юм хэмээн эрдэмтэн, судлаачид үзэж буйгаа илэрхийлж байсан юм.


Улаанбаатар их сургуулийн багш, гэр бүл судлаач, ph.доктор Т.Намжил ”Өөр өөр овог, ястнууд хуримлахад эхнэр, нөхрийн алиных нь уламжлалыг дагах вэ гэдэгт зөрчил үүсдэг. Иймд уламжлал, орчин үед нь нийцүүлж гүйцэтгэх цаг үе тулж ирлээ. Залуу хос бүр өв, уламжлалаа ёсчлон дагахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд цаг үедээ нийцүүлэхийн зэрэгцээ өв уламжлалаа ч дагах нь зүйтэй” гэв.

Харин Отгонтэнгэр их сургуулийн багш, түүхийн ухааны (Ph.D), дэд профессор Б.Солир “Хамгийн өргөн дэлгэр, ёс жаягтай хуримлах ёслолыг дөрвөн ойрадууд хийдэг. Хуримлах ёслол нийгэм, цаг үеэ дагаад даяарчлагдаж байна. Ингэхээр нүүдлийн соёл иргэншил, зан заншил алдагдах аюултай. Эхнэр хүн ямар байх вэ гэдэг хуриманд өмссөн дээл, гоёл зүүсгэлээсээ харагдаж эхэлдэг гэж үздэг. Харин эрэгтэй хүн удам залгадаг гэдэг тул нөхрийн талыг дагаж хуримладаг” хэмээн түүхэн уламжлал талаас тайлбарлалаа.

Үндэсний хувцасны загвар шингэсэн хуримын хувцас

Боодогтой сэвгэрийн/нөхөрт гараагүй бүсгүй/ дээл

Олон үндэстэн ястны хувцасны коллекц


Орчин цагийн үндэсний хувцас

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top