Сүй тавих ёсон буюу гэрлэх ёс

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Эрт цагаас монголчууд хуримлах ёсыг сайн үйлдвээс "амьдрал тэгш дүүрэн, жаргалтай байна" хэмээн үзсээр ирсэн түүхтэй.

Сүүлийн үед Монголын уламжлалт хуримын дэг ёс алдагдаж, зан заншил, түүх соёл бага багаар устаж үгүй болсоор байна. Хурим найр гэхээр олноороо цугларч, ууж идэх төдий болж хувирчээ. Гэтэл хурим гэдэг чинь гал голомтоо бадрааж, эцэг эхийнхээ гэрээс өрх тусгаарлаж буй нандин мөч байдаг. Тиймээс дэг ёсных нь дагуу тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй. Эрт дээр үеэс хуримын ёслол нарийн дэг жаягтай байсан бөгөөд хурим эхлэх нарийн товлосон цаг хугацаа, дуулж болдоггүй дуу хүртэл байдаг байжээ. Мөн аав, ээжийнхээ гэрт байгаа охид үсээ 24 салаалж, нөхөрт гарахаараа үсээ хоёр хувааж сүлждэг байсан гэх мэт тоочоод үзвэл Монгол хуримын дэг жаяг нарийн юм. Эдгээр үндэсний олон ёс жаяг хувьсгал, социализмын жилүүдэд бараг мартагдах шахаад байсан.

Хуримлах ёс нь яс үндэс, зиндаа, нутаг уснаасаа хамааран олон янз байх боловч олон нийтийн дунд тархсан нэгэн хуримлах ёсыг жишээ болгоё.

Сүйн бэлэг гэдэг нь одоогийнхоор гэрлэлтийн баталгаа юм. Төв, баруун нутгийн халхчуудын дунд сүйг малаар хүргэж ирэх ба ихэвчлэн 5, 7, 9 гэх мэт сондгой тоотой байдаг бөгөөд хэмжээг нь эмэгтэйн тал тогтоодог байв. Сүйн бэлгийн хэмжээ, утга санаа нь тухайн айлын хөрөнгө чинээнээс шалтгаалах бөгөөд ядуувтар айл нь 2 хонь, 1 тэмээ өгдөг байв. Мөн сүйн бэлэгт эвийг нийлүүлэгч цавуу, өө сэвийг дарагч хуурай, гал бадруулах хэт цахиур зэргийг бэлэгдэл болгож эмэгтэйн эцэгт барьдаг ёстой. Мөн эмэгтэйг айлын эхнэр болгохоор бэлтгэхдээ хэрэгтэй юмсыг нь төхөөрөх үүднээс лан мөнгө, эсгий, хонь, бод мал нийлүүлэх заншил байжээ.

Гэрлүүлэх гэж байгаа хүү, охиныхоо жил мэнгийг тааруулж тэгш 16, 18 насанд гуйж, сондгой 17,19 насанд нь гэрлүүлэх заншил зонхилж байв. Үе дотор нь гэрлүүлэхийг эрхэмлэдэг ба 13 насаар хэтэрвэл үе мултардаг гэж үздэг байж.

Бэр сонгох заншил нь язгууртан тайж нарын дунд их байсан. Бэрээ сонгохдоо гол төлөв нутаг хошуун дотроос удам судрыг нь судлаж, 2-3 үедээ удам сайтай, үйл үртэс ажил төрөлд сайн, төлөв даруу, зөв зантай, амны бэлэгтэй хүнийг олж авахыг эрхэмлэдэг байжээ. Бэр шинждэг арга нь олон янз байв. Аргал түүж яваа охины аргал хомоолоос нь авч ямар үг хэлэхийг нь сонсох, мөн хавь нутгийнх нь нэрийг асууж хариулах байдлыг нь сонсоно. Бэр болгох хүнээ сонгосны дараа эмэгтэйн эцгийнд хүүгийн тал ам сонгох, тамхи нэрэх ёс гүйцэтгэхээр нас тогтсон үр хүүхэдтэй 2-3 хүн явуулж эмэгтэйг гуйлгана.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(202.55.188.117) 2023 оны 05 сарын 06

Сэтгэлд нийцэж байна уламжлалын онцлогуудыг шашины холбогдолгүй хэлсэн нь таалагдлаа

0  |  0
Ш.Эрдэнэцэцэг(192.82.66.181) 2023 оны 05 сарын 06

Хүний бүтээлээс хуулсан ч ёс зүйтэй хуулна шүү

2  |  0
ууган цэцэг(202.179.10.230) 2023 оны 05 сарын 06

гэрлэлт нь хүний хамгийн ариун нандин мөч учир хийх

3  |  2
Top