Ариун номын орон Амарбаясгалант хийд /үүргэвчтэй аялал/

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын хөвөөнд орших бөгөөд шашин, түүх, соёл урлагийн хосгүй үнэт өв дурсгал төдийгүй уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн орон хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний хийд” ч гэж нэрлэдэг.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм билиг, авъяас, ур ухааныг хүндэлж түүнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан 1722 онд зарлиг буулгаж 1727-1887 оны хооронд цогцлоон бүтээжээ. Номлол бүтээлийн шашны гарахуйн орон, хуврагийн их хүрээ “Амарбаясгалант” хийдийг ер бусын гоёмсгоор байгуулж өгөхөөр 10 түмэн лан буюу 3730 кг мөнгийг улсынхаа сангаас төсөвлөн гаргаж, хийдийг байгуулах газрыг судлан, шинжилж тогтоосноор 1726 оны улаан морин жил бариулж эхлэн 1737 оны улаан луу жил хийдийн барилга байгууламж бүрэн дууссан тул хийдийн аравнайг өргөжээ.

Хийдийн барилгын ур хийц, гоёл чимэглэл нь Монголд төдийгүй Ази тивийн хосгүй гоёмсог уран барилгын нэг юм. Хийд нь гадна талаараа хэрэмтэй. Хэрмийн гадна 6 аймаг, хэрмийн дотор хурал ном, сургалт эрдмийн 10 дацан буюу хүрээлэн ажиллаж, Буддийн гүн ухааны эрдмийн дээд цол аграмбын дамжааг ч барьж хамгаалдаг байв.

Манжийн эзэнт гүрэн Монгол гүрний үеийн төрт ёс, цэрэг, техник, иргэний бодлогоос уламжлан авсан байдаг бөгөөд тэдгээрийн нэгэн болох барилга урлахуйн онолыг хот суурины цогцолборт өргөн хэрэглэж байсны жишээг Амарбаясгалант хийдийн дурсгалаас үзэж болно. Цогцолборын гол хэсгүүдээс дурдвал:
Цогцолборын өмнө талд:
Ямпай хана (Монгол хаадын ордны төлөвлөлтөнд хөл хорих газар гэж байсан)
Хаалган байшин (Хамгаалалт хэрмэн хашаанд орох хаалга)
Махаранзын сүм (Монгол ордны зохион байгуулалтын зэвсэг агсах газар хийдийн цогцолборт шашныг хамгаалагч нарын дурсгал, зураг баримал хадгалан үзүүлэх байшин)
Чига (Монгол хаадын ордны өмнө морины уяа босгож байсны дурсамж бөгөөд шашны барилгыг их сүртэй өндөр болгон , туг жанцан хатгах болжээ)
Түүхийн сүм (Тухайн цогцолборт босгосон учир шалтгаан, төрийн хэрэг явдлыг чулуунд сийлэн мөнхөлж байсны жишээг үргэлжлүүлэн хэрэглэжээ)
Сангийн бойпор (үнэртэн асаах сав бөгөөд Монгол хаадын ордны өмнө ариутгалын хоёр их түүдэг асаан дундуур нь гаргаж байсны уламжлал юм)
Цогчин дуган (Xийдийн чуулбарын гол зонхилогч төвийн зохиомж бүхий барилга, Монгол хаадын үед хааны ордон байгуулж байсны уламжлалыг хадгалжээ. Дуган нь хааш хаашаа 87 чи ам дөрвөлжин хоёр давхар барилга юм. Голын дөрвөн баганын өөр хооронд 10.5 чи, гадуур тойрон явах саравчны багана хүртэл 5.25 чи зайг тус бүр төлөвлөжээ. Давхарын өндрийг 15.75 чи, дээврийн өндрийг 10.5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр нь “тэлүүр нуруу” гэдэг монгол аргаар баригджээ.)
Цогчингийн ард нэг тэнхлэг дээр Зуу сүм, түүний ард хэрмэн ханаар хашсан Лавиран сүм байжээ. Хийд давхар хэрмэн хашаатай бөгөөд дэвсгэр газрыг гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан юм.
Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах бүрдлүүдийг чадамгай хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы дээврийн усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны доогуур гадагшлуулахаар тооцоолж хийжээ.
Тус хийд 207х175 м-ийн хэмжээтэй хэрэм бүхий 50 гаруй сүм дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм дуган байна.

Бурхны шашин

Бурхан Шагжамуни (Sakiyāmuni) 29 сүүдэртээ хаан, ордноо орхин нямба хийж, 35 насандаа гэгээрч бурхны хутаг олжээ. Бурхны шашин нь Шагжамунийн номлосон сургаал, зарлигийн үндсэн дээр бүтсэн шашин хийгээд бурхан багш шавьдаа дамжаад явдаг rgyu da (жүд, монголоор үндэс гэсэн утгатай)-ийн сургаал юм. Бурхан багшийн сургаал нь их хөлгөн (Mahayana), бага хөлгөн (Hinayana) хоёр их сургаал байдаг агаад “ миний сургаал ном умардаас умардад түгнэ” хэмээн эш үзүүлсэн нь их хөлгөний сургаал дамжлага юм. Энэ нь Энэтхэгээс умард руу Балба, Төвд, Хятад, Монгол, Буриадад дэлгэрсэн ба бага хөлгөн нь Энэтхэгээс өмнө зүг рүү Шриланка, Тайланд, Вьетнамын бурхны шашин юм.

Их хөлгөн, бага хөлгөн нь дараах хэдэн зүйлээр ялгаатай байна.

  1. Их хөлгөний ёсонд сайн цагийн 1000 бурхан байна. Бидний буддагийн өмнө З будда байсан. Шагжатүб, Майдар (ирээдүй цагийн бурхан). Харин бага хөлгөнд 1 л будда байна. Тэр нь Сидхахартха (Залуу үйл бүтээгч) юм.
  2. Их хөлгөнд өөрөөсөө гадна зовлонт олон амьтныг эх болсон хамаг амьтны тусын тулд бурхны хутаг олох учиртай бол бага хөлгөнд бурхны хутагт өөрийн бодгалийг хүргэх учиртай байна.

Их хөлгөнд Олон бурхан сахиус байна. Түмэн төрөлхтөн байна. Харин бага хөлгөний ёсонд бурхан сахиус байхгүй байна.

Богд Зонхов Лувсандагва

Дархач овогт эцэг Лүнгүмбэ, эх Шин ачои нарын 4-р хүү болон мэндэлжээ. Шидэт лам цорж Дондовринчен хөвгүүний эсэн мэнд бойжихын бэлгэдэл болгож бэлгэ илгээсэн байна. Хөвүүний хүйг ойлоход, цус туссан газраас цагаан лянхуа ургаж, зандан дэлгэрсэн газарт Буман лагшинт (Гүмбум) хийдийг байгуулсан байна. 3 настайд нь шидэт Гармаваролбийдорж гэнэн санваар өгч, Гунгаанямбуу гэх сахилын нэр хайрласан, 4 сүүдэртэйд сав шар үсэгт сургасан. Сав гэдэг нь хичээнгүй, шар гэдэг нь таталган бичлэг болой. Гумарабодхи гэдэг ламаар гэцэл санваар өгсөн.

20 сүүдэрт үл танигдах өвчнөөр чилээрхэх цагт олон эмч нар ялгалыг эс олсонд, өөрөө эмийн чадлыг өвчний үрд нийцүүлэн эдгээсэнд, Төвдөд Зонховоос өөр эмч үгүй гэж байлаа.

Цастны чимэг хэмээх гайхамшигт хүрч чадсан хийгээд тэрбээр бүх эрдэмтний мэдлэгийг авч чаддаг ажээ. 35 сүүдэртэйд хот мандлын тиг татах, ян эгшиг татах, чагча, бүжиг бүжих зэрэгт сайтар суралцсан. 41 сүүдэртэйд Дармаринчентэй учирч түүний агуу мэдлэгт бишрэн шавилжээ. Энэ цагаас номын садан сайн шавь нар олноор тодорч, сайн үйл бүхнээ үйлсэн байна.

1402 онд Богд Зонхов “Ламрим” буюу “Бодь мөрийн зэрэг” туурвижээ. Энэ бүтээл нь их хөлгөний 3 төрөлхтөнд зориулсан даган барилдах бүтээл юм.

Богд Зонхов бурхны шашны шинэтгэл хийсэн нь:

  • Сахил санваарыг чангатган гэлэнгийн ёс тогтоосон.
  • Гэлэн хүний ёсыг өөрийн ажил үйлээр үйлдэж, олон шавь нарыг дагуулсан.
  • 1390 оноос өмнө өмнөд Төвдийн “Олха Чойлан” агуйд шавь нарын хамт бясалгал хийснээс хойш олон сүм хийдийг сэргээн байгуулах ажил эхлүүлсэн. 

“Оройгүй сүм”

Өндөр гэгээнд зориулсан хийд барих эзэн хааны зарлигаар томилогдсон шинжээчид газар орныг судлан шинжиж явсаар Ийвэн голын хөвөөнд хонь хариулж явсан хөвүүн, охин хоёртой тааралджээ. Шинжээчид хүүхдүүдэд хийд барих гэж яваа зорилгоо хэлэхэд хоёр хүүхэд учир зүггүй инээд алдаж гэнэ. “Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг. Та хоёр хүүхэд юунд шоолон инээлдэв” хэмээн асууж л дээ. Тэгэхэд хоёр хүүхэд “Тэр сүм, хийд гэдэг чинь хулганы хөеө, шувууны сангас болдог газар биз дээ” гэсэн гэнэ.

Шинжээчдийн ахлагч энэ хүүхдүүдийн ярьж байгааг анхаарах хэрэгтэй юм байна хэмээн бодож, улмаар тэр хоёр хүүхдийн тоглож байсан газарт хийдийг барьсан байна. Хийдийг барихдаа сүмийн суурийг хулгана, зурам ухахгүй, дээврийг шувуу сууж сангас болгохгүй байхаар зохион хийсэн байна. Мөн хийдийн хурал номын хоёр давхар гол сүмийг оройгүй, тэнгэр харагдаж байхаар төлөвлөж барьжээ. Оройгүй сүмийн голд том хөндий багана байх ба дээвэрт буусан цас, борооны ус түүгээр дамжин хийдийн суурийн доогуур байрлуулсан хоолойгоор урсан Ийвэн гол руу цутгана. Тэдгээр хөндий баганы дотор талыг цайр, хар тугалгаар бүрсэн нь он удаан жилийн цаг хугацааг даван туулах эдэлгээтэй болгожээ.

“Жарүн хашор” эрдэнийн их суваргын домог

Цаглашгүй галвын өмнө цагт Цаглашгүй гэрэлт бурхны дэргэд их бодь сэтгэлтэн хутагт Мэлмийгээр болгоогч Бодала уулын оргил дахь орд харшид заларч, хамаг амьтныг сансраас гэтэлгэхээр үйлдсэний эцэст эдүгээ зорилгоо биелүүлэв хэмээж болгоож, зургаан зүйл хамаг амьтны орныг орчлонгийн амьтад өчүүхэн ч эс дундарсанд, зовниж, нүднээсээ гарсан нулимсаа хоёр ядам хуруугаараа арчин авч цацаж, ирээдүйд энэ нулимсаар ч амьтны тусыг үйлдэх болтугай гэж ерөөл тавьснаар гучин гурван тэнгэрийн орны нэгэн болох Хурмастад Дүүрэн, Өчүүхэн дүүрэн хэмээхүй хоёр охин төржээ.

Өчүүхэн дүүрэн тэнгэрийн цэцэг хулгайлснаар хүн төрлийг олж Балбын Магуд хэмээх нутагт шувуу маллагч эцэг Тодорхой, эх Бүрна нарын охин болон мэндэлж, Дээд амгалант нэрийг авчээ. Тэрбээр, морь, гахай, нохой, шувуу маллагч дөрвөн эртэй ханилснаар тус бүрээс нэг нэг хүү төрүүлжээ.

Дээд амгалант эх шувуу малласан хөлсийг хурааж, дөрвөн хүүдээ гэр авч өгч, өрх тусгаар болгож, хөлсний үлдэгдлийг хурааж, хөрөнгө мөнгөтэй болж, түүгээрээ амьтан бүхэн буян хураах газар болох Суварга босгохыг хүсч, их хаанаас зөвшөөрөл хүсэхэд хаан, “Чи хүссэн зүйлээ хий” гэжээ.

Эх өөрийн дөрвөн хүү, нэг зарцын хамт заан, илжиг хоёрт шороо, чулуу ачин зөөж, их суваргын суурь хэсгийн гурав дахь үед хүрэх алдад ядуу эмэгтэй гагцаар их суварга босгох нь бидний нэр төрд халтай гэж хааны шадар сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүс хэлэлцэж, хааныг ятгахаар хаанд айлтгажээ. Тэгэхэд хаан бээр, “хаан хүн нэг л зарлигтай. Уг суваргыг үйлдэж болно хэмээн хаан би ам алдсан тул амнаасаа буцахгүй” гэснээр “Жарүн хашор” буюу “Ам алдсан” хэмээн уг суваргыг нэрлэх болжээ.

Суваргын ажил өвөл зунгүй үргэлжилсээр, дөрвөн жилийн дараа суваргын орой хэсгийн хагас дугуй хэлбэртэй бумба нь л дутуу үлдээд байх үед, амьдрах хоногийн тоо гүйцэж буйг мэдэрсэн Дээд амгалант эх 4 хөвүүн, 1 зарцаа дуудаж, “Та нар их суваргыг дуусгах ёстой. Дотор нь буддагийн эринсэлээс залж, тахих ёслол үйлдвэл гурван цагийн хамаг бурхадын тааллыг олж, та бүгдийн энэ, хойт насны хэрэг бүтэх болно” хэмээгээд орчлонгоос хагацжээ. Тэр ахуйд дуу хөгжим, тэнгэрээс цэцгийн хур бууж, солонго татаж, суварга босгосны ачаар Дээд амгалант эх Тангарагийн бэлгэ бурхан-Пра мо ха болжээ.

Бидний эх ядуу зүдүү, шувуу маллагч байсан ч Их суварга босгосон тул одоо бид ачийг нь хариулахын тулд эхийн суваргын бумбыг бүтээж дуусгая хэмээцгээж, урьдын адил ажиллаж, гурван жилийн дараа бүтээж дуусгажээ. Ахан дүүс Буддагийн шарилаас гагц хэмжүүрийг авчирч, суваргын гол баганын дотор хийжээ. Энэхүү суварга нь Балба улсын Катманду хотод байдаг юм байна.

Өндөр гэгээнээр овоглосон хийд

Монголын түүхэнд “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан их соён гийгүүлэгч, шашин төрийн гарамгай зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар Түшээт хан аймгийн (одоогийн Өвөрхангай аймаг) Есөнзүйл хэмээх газарт 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25-ны өдөр их богд Чингис хааны алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэндэлжээ. 1640 онд Далай лам, банчин богдоос Жавзандарнатын хувилгаанаар 5 настайд нь тодруулж, Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шашны тэргүүнд өргөмжилжээ. Өндөр гэгээн Занабазар бага балчир наснаасаа Шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал номлол, зан үйлд суралцаж, улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Богд Чойжилжанцанд бараалхан шавь орж, шашны таван ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа залран, номын хүрээ хийд, сургууль дацанг олноор байгуулж, эгнэшгүй их буян хураажээ. Өндөр гэгээн Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд жанч халжээ.
Өндөр гэгээний шашны хэрэгт төдийгүй халх монголчуудыг шашны үйлст даган баясуулсан их үйлсийг хүндлэн дээдлэхийн нигураар Манжийн хаан бээр түүнд зориулан хийд байгуулах зарлиг гаргасны үрээр одоогийн Амарбаясгалант хийд цогцлон баригдсан ба ард олны дунд “Өндөр гэгээн”-д зориулсан хийд хэмээн амаас ам дамжин яригдаж хэвшиж тогтжээ. Өндөр гэгээний хийдийг түүний догшин сахиус Махаранз сахин хамгаалж байдаг гэж ярьцгаадаг. Тэрчлэн хийдийн ойр орчимд зуны улиралд бороо хуртай байдаг ба аадрын үүл хийдийн дээр очоод хуваагдан задарч мөндөр ороход нэг ч ширхэг мөндөр хийдийн хашаанд унадаггүй хийдийг тойрон ордог бөгөөд цэцэг жимс алаглан ургах нь Өндөр гэгээний сахиус хамгаалдагтай холбоотой гэдэгт нутгийн ард олон өнөө хир нь итгэлтэй байдаг байна.

Амарбаясгалант хийд нь шашин, түүх, соёлын үнэлж баршгүй дурсгал төдийгүй уран барилгын хосгүй шийдлийг агуулсан урлагийг ховор бүтээл юм. Энэхүү хийдийг “Амарбаясгалант хийд”, “Өндөр гэгээний хийд”, “Зарлигаар бүтсэн хийд”, “Бүрэнгийн хийд”, “Оройгүй сүм” гэх зэргээр янз бүрээр нэрлэн заншжээ. Хийдийн олонд алдаршсан дээрх нэрүүд нь өөр өөрийн түүхийг өөртөө шингээсэн байдаг.

Номын богд гүрү Дэва Рэнбүүчи Лувсанданзанжамцобалсамбуу

Хутагтын орны 84 шидтэний нэг Дүбчэн Бундашири Бүрүлгү Гүрү дэвагийн хувилгаан Гүрү дэва рэнбүүчи шашин, амьтны тусыг агуу ихээр бүтээхийн тухайд Монгол Ордос аймгийн Ханчин хошуунд 1909 оны цагаан нохой жил мэндэлжээ. Бага наснаасаа хутагтын ширээнд залагдан 20 нас хүртлээ Ордос нутагтаа сууж, улмаар Цастын орны гурван их суурь хийдийн нэг болох Брайбүн хийдэд Пабан Хава рэнбүүчи, Ёнзон Тижан Дорж Чан, Ёнзон Лин рэнбүүчи ба Гонсар рэнбүүчи нарт шавилан судар тарнийн их эрдмийг төгс эзэмшжээ.

Төвдийн Далай лам хийгээд хар, шар олон түмэн Энэтхэг, Балба оронд дүрвэж очиход Далай ламын ордон хийгээд, их гурван суурь Сэра, Брайбүн, Гандан ба бусад хийдүүдийн сүм дуган, бурхан шүтээн, ном судар, байр орон, аливаа зүйлд гар бие оролцон, туслалцааг өгүүлж баршгүй ихээр бүтээн өгчээ.

Ардчилсан хувьсгал Монгол оронд мандаж хүн бүр шашин шүтэх, эс шүтэх эрхээ чөлөөтэй эдлэх болсон тэр үеэс 300-аад жилийн түүхтэй Амарбаясгалант хийд дахин сэргэх боломж нээгдсэн үе болох 1991 онд Гүрү дэва рэнбүүчи Амарбаясгалант хийдэд залран Монголын ард түмэн, улс орны тухайд энэ хийдийн сүм дуганы засвар, бурхан шүтээн болон бүхий л зүйлсийг сэргээх их сэтгэлийг үүсгэж, 1992 оноос бодитойгоор хэрэгжүүлэн хийдийг Төгс хотол чуулган болгож, өөрийн лагшинг үл алжаан шашин, амьтны тусыг сүндэрлүүлэн бүтээсэн билээ. Түүний энэрэнгүй их үйлийг түүний шавь нар нь өнөө хир үргэлжлүүлсээр яваа болно.

Шашин номын үйл

Амарбаясгалант хийд нь бурханы хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцэл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн Nх гарахуйн орон байжээ. Өнөөдөр Амарбаясгалант хийдэд сахил санваараа сахисан гэлэн, гэцэл 50 орчим лам хуврагууд хуран шашин амьтны тусыг бүтээж байна. 

Амарбаясгалант хийдэд 80 орчим лам нар Винайн ёсыг сахин эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд бурхан шашины номд суралцаж байна. Шавилан суугч лам нар нь хурсан олон сүсэгтний амьдрал, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өдөр тутам ном хурахаас гадна сар бүрийн билигт өдрүүдэд тогтмол ном хурдаг юм.

Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном

Өдөр тутмын хурдаг ном

Хийморийн сан, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Насны бурхан, Цагаан шүхэрт, Лусын сан, Ариун сан, Чойжил дүгжү, Сэржим зэргийг багтаасан Чогжин хурал хуруулна.

Эдгээр нь та болон таны үр хүүхэд хань ижил, хамаатан садангийн ажил үйлс, эрүүл мэнд, аз хийморийг дэлгэрүүлэх нигуртай.

Сар бүрт хурдаг ном

Их Манал, Сахиус тахих, Найданчого, Лам Чодвын Цогчэд, Сандуйн жүд

Жилд нэг удаа хурдаг ном

Гонгорын Бумбаны тахилга
Цагаан сарын ерөөл
Майдар эргэх
Цам харайх ёслол
Зулын 25-ны хурал
Арван Хангалын тахилга

Аялал жуулчлал

2006 оноос эхлэн өөрийн үйл ажиллагаандаа дэмжлэг болгох зорилгоор гадаад дотоодын мөргөлчин жуулчдыг хүлээн авч үйлчлэх бүрэн хүчин чадал бүхий “Амарбаясгалант бясалгалын төв”-ийг ажиллуулж эхэлсэн юм. “Амарбаясгалант бясалгалын төв”-өөс олсон орлогыг Амарбаясгалант хийдийн шавилан суугч лам нарын хоол унд орон байранд зарцуулдаг.

“Амарбаясгалант бясалгалын төв” нь шашны ариун оронтой хаяа дэрлэн оршдог. Нэг ээлжиндээ 50-аад амрагч хүлээн авах хүчин чадалтай, иж бүрэн 15 гэр, 50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх Монгол, Европ, Ази хоолтой тохилог зоогийн газартай.

Танд санал болгож буй бидний үйлчилгээ:

  • Бурханы шашны сүсэгтэн шавь нар, эргэлчин мөргөлчин нар хийдийн хурал номын үйлд оролцон буян хураах
  • 300-аад жилийн түүхтэй “Амарбаясгалант” хийдийн хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцуулах
  • Шашны зан үйлүүд болон урлаг соёлын өв болох Майдар эргэх ёслол, Цам харайх ёслол,  Бумба тахих ёслолыг үзэж, буян хураах.
  • Байгаль  эхийн бүтээсэн онгон дагшин газар орон болох Суваргын ам, Хүйсийн ам, Дарь эх толгой, Наранбулаг, Бүдүүн, Нарангийн рашаан, Бүрэнгийн нуруу, Орхон, Сэлэнгэ, гол түүний эрэг, сав газрын байгалийг сонирхох
  • Гайхамшигт уран хийц, чимэг зүүсгэл бүхий Монгол хувцас эдлэл хэрэглэлүүдтэй танилцан дурсгалын зураг авахуулах
  • Морин болон явган аялал хийх, нум сум харвах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх
  • Нүүдэлчдийн уламжлалт ахуйг хадгалан буй нутгийн айлуудаар зочлох үндэсний хоол, зоог, шүүс тэргүүтнийг амтыг мэдэрч дээжийг хүртэх

Та энэхүү ариун үйлсийг дэмжин хамтран ажилласнаар таны оруулж буй хөрөнгө оруулалт бүхэлдээ Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд зориулагдах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top