Ургацын урьдчилсан балансаар 481,5 мянган тонн үр тариа, үүнээс 468,8 мянган тонн буудай, 208,9 мянган тонн төмс, 99,4 мянган тонн хүнсний ногоо, 28,6 мянган тонн тосны ургамал, 30,8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтжээ.
Нийт ургацын 10 хувь нь бүрэн болцондоо, 70 орчим хувь нь аарцан болцын дунд болон төгсгөл үедээ, 20 хүртэл хувь нь аарцан болцын эхэн үедээ ороод байна. Энэ нь өнгөрсөн хавар тав, зургадугаар саруудад нийт нутгаар сэрүүн, долоо, наймдугаар саруудад үргэлжлэн орсон борооны улмаас тарианы болц урд жилүүдийнхээс 10 орчим хоногоор оройтож байна.
Ургац хураалтын ажил есдүгээр сарын 3-наас эхэлж өнөөдрийн байдлаар 10,4 мянган га талбайг ангилан хадаж, 2,3 мянган га талбайг шууд хураан, нэгжээс 11,1 цн буюу 2,5 мянган тонн үр тариа хураан аваад байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт эрчимтэй явагдаж 3,6 мянган га-аас 51,3 мянган тонн төмс, 2,2 мянган га-гаас 30,9 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч төмсний хураалт 22,7 хувь, хүнсний ногооных 31,6 хувьтай явагдаж байна.
Цаашид нийт нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд ургацын болцыг түргэтгэх зорилгоор тариалан бүхий аж ахуйн нэгж, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран десакаци хийхээр ажиллаж байгаа гэнэ.
Ургац хураалтын ажилд нийт 1127 комбайн ажиллахын зэрэгцээ 550 үтрэмийн машин, 200 гаруй үтрэм буудай хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад байна.
Цаг агаарын нөхцлөөс хамаарч ургацыг 25-30 хоногт багтаан дуусгах техникийн хүч чадал бүрдсэн болохоор холбогдох ажилтан, мэргэжилтнүүд хичээн ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн 350 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий 16 элеватор ашиглагдаж байна. Хураалтад 5,6 мянган тонн шатахуун шаардагдах бөгөөд улсын хэмжээнд дизелийн түлш 13 хоног буюу 21,8 мянган тоннын нөөцтэй байна.
Энэ жилийн ургацаас гурил үйлдвэрлэлд нийтдээ 386,4 мянган тонн буудай нийлүүлэгдэх бөгөөд үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 115,1 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 501,5 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна.
Хэрэгцээт гурилыг дотооддоо 100 хувь үйлдвэрлэхээр тооцоход 328,7 мянган тонн буудай хэрэглэгдэж 172,8 мянган тонн буудай экспортлох боломжтой байгаа юм. Тиймээс эхний ээлжинд 100 хүртэл мянган тонн буудайг ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн БНХАУ-д экспортлохоор ажиллаж байна.
Ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх 386,4 мянган тонн буудайнаас агуулах элеваторын хүчин чадлыг харгалзан Тариалан эрхлэлтийг дэмжих санд 110 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 200 мянган тонн буудай хүлээн авах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авахын зэрэгцээ үлдэх 76,4 мянган тонн буудайг тариалангийн аж ахуйн нэгжүүдэд өөрсдөө борлуулах боломжтой гэж үзэж байна.
Ургац хураалт, борлуулалт, хадгалалттай холбоотойгоор тус яамнаас дараах ажлуудыг зохион байгуулжээ. Үүнд:
- Улсын ургацын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн анхны хуралдаанаараа тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж улмаар аймаг, орон нутгийн удирдлагуудад, холбогдох мэргэжлийн байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгч хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
- Гурилын үйлдвэрүүд, тариалан эрхлэгч аж аухйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан буудайн борлуулалт, хадгалалт, үнийн асуудлаар санал солилцов.
- Ургац хураалтаас өмнө өндөр хүч чадлын 23 комбайн импортоор авч иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож хураалтад ашиглах боломжийг бүрдүүлжээ.
- Япон улсын Засгийн газрын төслийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд дутуу баригдсан 36,0 мянган тоннын элеваторын засварын ажлыг эхлүүлсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )