Хачин мэлхийнүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Мэлхийг хүүхэд үүхэдгүй мэднэ. Монгол ардын “Худгийн мэлхий” гэж хөөрхөн хошин үлгэр ч байдаг. Шинжлэх ухаанд мэлхийг хоёр нутагтан хэмээн тодорхойлдог. Энэ удаа харин холын Америк, өмнийн Африкт байдаг хоёр янз мэлхийн тухай өгүүлье.

Ганцхан грамм жинтэй атлаа хорт могойноос 50 дахин илүү хортой, гурван кг илүү атлаа манайд байдаг намгийн муу ногоон мэлхийнээс ялгаагүй гэм зэмгүй, том мэлхийн талаар хүмүүс төдийлөн сонсоогүй байж мэднэ. Амьтны ертөнц гэгч гайхам сониноор дүүрэн байдгийн захын баримт энэ билээ. Америк тивийн уугуул иргэдийг индейчүүд гэдгийг хүмүүс сайн мэднэ. Испанийн байлдан дагуулагчид Өмнөд Америкийн ард түмнийг XVI зууны эхэн үеэс эзлэн авсан. Гэтэл мөнөөх эзлэн авсан газар ер бусын амьтантай байсныг мэдсэнгүй. Индейчүүд болохоор тэр амьтныг кокон гэдэг аж. Бүхнийг цочирдуулж, тэр бүү хэл, холын Европод хүртэл алдар нэрээ дуудуулсан тэр амьтан нь ганцхан граммын жинтэй нэг муу жижиг мэлхий байсан гэхлээр инээдтэй бөгөөд сонин гээч. Кокон мэлхий бол манай говьд яригддаг олгой хорхойноос дутуугүй хортой амьтан ажгуу. Нэг мэлхийнээс гаргаж авсан хор л гэхэд 50 гаруй сумны зэвийг хордуулдаг аж. Судлаачид ч зорьсон газраа хүрчээ. Удирдагч нь индейчүүдийн овгийн ахлагчид бэлэг өгсөнд цаадах нь үхэл таригч мөнөөх мэлхийнээс хэдийг барьж өгөхөөр тохиролцжээ. Тэр мэлхий барьдаг их туршлага бүхий хэдэн хүн ой руу явж дээ. Хорт коконыг цоор хөгжмийн тусламжаар эрдэг аж. Тэр мэлхий хөгжмөнд “дуртай” бөгөөд “саваагүй” амьтан юм байх. Бүх юм ёсоор болж экспедицийнхэн 50 гаруй мэлхийтэй буцав. Тэд завиар, дараа нь нисдэг онгоцоор яаравчлан явж зорьсон газраа ирэхэд мэлхийн 7-гоос бусад нь мажийсан байлаа. Лабораторид очоод тэр хэд нь ч бурхан болчихов. Дахиад л экспедицийг ахласан зоригт бүсгүй Марта Лахэм өнөөх ширэнгэд очив. Хэд хоног өнгөрчээ. Гэтэл энэ үед тэр нутгийн хэдэн хүн халуун орны хумхаар өвчлөв. Хөгшид нь бүр ч хүнд байлаа. Мартад хумхыг эдгээх чадвартай эм байв. Тэднийг эмчилж итгэлийг нь бүрнээ хүлээн анд бололцлоо.Тэд мэлхийний хорыг хэрхэн гаргаж авахыг үзүүлэв. Ангуучид ширэнгээс хортой жижиг хар мэлхийг сагсанд хийж авчирлаа. Тэднийг хурц саваагаар болгоомжтой хатгаж асаж буй галд ойртуулав. Арьс нь язарч, жижигхэн цагаан дуслууд гоожих нь тэр. Тэр бол аймшигт хор нь аж. Сумны зэвэнд шингээсэн тэр хор 10 сармагчин, 20 шувуу, өөр бас 20 амьтныг хөнөөж чадна хэмээн овгийн ахлагч нууцыг дэлгэжээ. Энэ хор 10 жил болоход ч чанараа хадгалсаар байдгийг Марта ч мэдэж авлаа.

Амьтан судлаач Заль бичсэн нь: “Би нуугдчихаад үерлэсэн голыг харж, хүрхрээний чимээ сонсож суулаа. Гэтэл хөвд ургасан чулуун дээр аймаар том хар бараан амьтан харагдлаа. Хавтгай шалчгар толгойтой тэр амьтан хүчирхэг хойд хөлөөрөө чулуунд наалдан хэвтжээ. Би гэрэл зургийн аппаратаа сэмхэн авлаа. Гэтэл аппаратын төмөр гялсхийснээс болов уу, нөгөө амьтан нисэж буй хөдөлгөөнөөр оволзон буй ус руу үсэрч ороод алга болов. Яаж ч барихсан билээ. Тэр нутгийн нэг хүний тусламжинд л найдаж байлаа. Дараа өдөр нь бид сүүдэр дагаж явсаар голд нэлээн ойртов. Гэтэл өчигдрийн чулуун дээр өнөө гайхал хэвтэж харагдлаа. Манай хүн урт мөчрөөр загасны уурга бэлтгэж эхлэв. Үзүүрт нь зэвэрсэн дэгээ бэхлээд, намайг байрандаа байж бай гэж дахиад голын эрэг өөд өгсөв. Хагас цаг өнгөрлөө. Ангууч маань оволзох усан дундуур сөөм сөөмөөр урагш ахисаар мэлхийт хаднаас хэдхэн метрийн зайд чулуун дээр гарч харагдана. Дэгээ урссаар мэлхийн яг бөөр рүү очихоор тааруулж усанд тавилаа. Тийн яг очих агшинд нь гялсхийн татахад мэлхий догшрон тонгочиж гарав. Мань эр уургаа ганц ч хором сулруулсангүй, мэлхийг татан авчраад хойд хөлнөөс нь шаламгай гэгч барьж авлаа. Бидний барьсан мэлхий гурван кг 83 гр татлаа. Том амьтан юмаа, би баяртай байв. Ганц үсрээд л ширээнээс гурван метрийн зайд хүрчихсэн байж билээ”. Амьтан судлагчийн энэ тэмдэглэлийг уншиж байхад энэхүү ертөнцийн мэлхий нь хүртэл гайхаш төрүүлж, амьтдын ертөнцийг улам сонирхолтой болгох мэт.

Э.Хархүү Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top