Н.Энхбаярын нөхөд ба нохос

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Н.Энхбаяр улс төрд урьдын адил эрч хүчтэй орж ирж өөрсдийгөө лидер хэмээн “тоож” томордог зарим хүмүүсийг сандаргаж эхэллээ. Ерөнхийлөгчийн сэнтийгээс буумагц нь тэдгээр сандрагчид түүнийг “Одоо гэрийн мухарт сууж, тэтгэврийн өвөөгийн ёсоор амьдарвал яасан юм бэ” гэж болгоомжилсон, тавласан аль нь мэдэгдэмгүй сонин юм ярьцгааж байв. Гэвч Н.Энхбаяр хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди шиг “Титэм үг” бичих зэргээр зүгээрийг хийхийг хүссэнгүй. Дугуй болон уулын спортоо ч орхисонгүй. Өдгөө нас сүүдэр 53 шүргэж яваа түүний хувьд уулын спорт арай хүнддэх байх гэж ойр орчмынхон нь болгоомжилж байсан гэдэг. Харин тэр байнгын дасгал сургуультай тул дахиад Алтай таван богдын орой руу мацахаас бэрхшээхгүй байна. Ер нь их дайчин хүн ажээ. Анх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, дараа нь намын дарга болохоос эхлээд сөрөг намынхан нь түүн рүү бөөн хар шавар чулуудаж, хэвлэлүүд ч хэлэх хэлэхгүй муу үгээр дайрсаар өдий хүрсэн болохоор нийгэмд нэг л тийм бараан дүрээр хоногшин үлдсэн байх юм. Энд Н.Энхбаярыг зохиомлоор хоосон магтах гэсэндээ ийм зүйл хэлээд байгаа хэрэг биш л дээ. Аливаа хүний мөн чанарыг улирч өнгөрөх он цагууд улам тод томруунаар хүмүүст харуулаад өгдөг болохоор Н.Энхбаярын үнэнд арай ойрхон нүүр царайг олж мэдэрч буйгаа уншигчидтайгаа хуваалцахыг хүсч цөөн зүйл өгүүлэхийг хүссэн юм. Төрөөс төрсөн тэрбумтан, шилдэг авлигач, луйварчин гэх мэт одоо цагт хэвшмэл маягтай болсон тодорхойлолтууд түүнийг цас шиг дарж байлаа. Мөнгө, өмч хөрөнгөтэй болох нь болсон л доо мань эр. Төрийн ордны зүүн талын хуучин хэвлэлийн компани буюу “Улаанбаатар” сонины байрыг эхнэрийнхээ дүүгийн нэр дээр авсан зэргийг яриад байвал зөндөө юм бий. Энэ бүхнийг энд бусад олигахиудтай харьцуулан, тэрнээс их юм уу бага хөрөнгө идсэн, ашигласан гэж тоочихыг хүссэнгүй. Гэхдээ Монголчуудын Орост төлөх 10 миллиард шилжих рублийг эдийн засгийн ядруухан үед Н.Энхбаяр тэглүүлж чадсан нь том гавъяа гэдэгтээ маргах хүн байхгүй байх. Түүнийг доош чихэх гэсэн цөөн хүмүүс өр бүрэн тэглэгдээгүй гэх маягийн юм ярьдаг ч энэ нь улс төрийн хөнгөн хор төдий зүйл байлаа. Эдгээрийг түр хойш тавиад Н.Энхбаяр 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл хэнтэй нөхөрлөж, улс төрийн өндөрлөгт хэний дэмжлэгээр хүрч чадсан тухай болон тэдгээр журмын нөхөд нь эгзэгтэй мөчид яагаад нүүр буруулсныг ярих нь илүү амттай байх.
    Улс төрийн тавцанд хэр баргийн аавын хүү цор ганцаараа зүтгээд гарч дөнгөхгүй. Н.Энхбаярыг дэмжиж, түүнд найдлага тавьдаг хүн хуучин социализмийн үеийн хашрууд дунд цөөнгүй байлаа. Талийгаач Жасрай гуай тэдний нэг юм. Монголдоо дээгүүрт тооцогдох эдийн засагч энэ буурлын холч бодол, ноён нуруу Н.Энхбаярт нөлөөлсөн гэдэг. Мөн Д.Содном гуай байна. Балхаажав гуай ч Н.Энхбаярыг муугүй тордолцсон хүний тоонд орно. Бас талийгаач О.Дашбалбар хэдийгээр түүний намын үзэл баримлалтай санал зөрөлдөн, өөр нам байгуулаад үзэлцэж байсан ч гэсэн Монголын зохиолчдын хорооны их гэрт гайгүй сайн найз нөхөд бололцож явсны хувьд хурц тод оюун санаагаараа Н.Энхбаярыг ирлэж байсан нь лавтай. Даш-Ёндон ч бас Нагаржунайн сургааль ном айлдан намынхаа үзэл санаанд шингээх гэж оролдож суухдаа түүнтэй ойр дотно харилцаатай байлаа. Ингэж Н.Энхбаяр ахмадуудаа түшиж өндийсөн юм. Гэхдээ социализмын хэв загвараас салж, зах зээлийн жам ёсны хөгжил рүү шилжих үеийн зовлон бэрхшээлийг сайн ойлгож, тэдний үг бүрийг дагахгүйгээр өөрийн итгэл үнэмшлээр намынхаа үзэл баримталыг шинэчлэхийг хичээсэн юм. Шинэ үеийн судлаачид ч чамгүй сайн тусалж байлаа. МАХН-ын даргаар сонгогдож, дараа нь Ерөнхий сайд болоход олон улс төрч түүнд наалдан, тойрон бүчиж, долигонуур зарим нь гэр орон руу нь гүйлдэж, хоол ундыг нь зэхэж өгөхөөс наахнуур болж байсан гэнэ лээ.

Хүн гэдэг ер нь хөгийн амьтан шүү дээ. Тэр дундаас албан тушаалын амбицдаа хэт дөрлүүлчихсэн хүмүүс бол яг л муур шиг эрхлэн шарвалзахыг яана. Эрх мэдлийн өндөрлөг өөд мацах тоолонд нь тэдгээр зусарч нөхөд Н.Энхбаяраас салаагүй юм. Хамгийн үнэнч царайлан хормойноос нь зүүгдэж байлаа. Тэдний нэг нь одоогийн шадар сайд М.Энхболд. Түүнийг Н.Энхбаяр намын дарга болгох гээд С.Баярын эсрэг намынхаа их хурал дээр шуудхан саналаа хэлж байсан. М.Энхболд ч ачийг бачаар гэгчээр хожим нь тааруухан хүмүүсээр өөрийн фракцыг бүрдүүлэн Н.Энхбаярынхаа өөдөөс цор цор гээд байдаг болчихсон юм. Иймэрхүү орчинд Н.Энхбаярт алдаа гаргаж байсан өдрүүд олон тохиолдсон. Сүүлдээ мань хүн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж чадахгүйд хүрсэн. Хэн нь ямар баг өмсөөд хоточ банхар болж явааг олж танихад төвөгтэй байсан байх. Нөгөөтэйгүүр Черчилийн “Аливаа хүн улс төрд нэг л удаа ашиглагддаг” хэмээх үгээр Н.Энхбаяр зарим нөхдөө ноолийн цаас шиг ашиглаад хаяхаас аргагүй байсан ч байж болох юм. Ямартай ч тойрон эргэлдэх элдэв өнгө зүстэй “Эрвээхэйнүүдийг” улс төрийн бартаат замын дунд гээхээс өөр замгүй болж байв. Өөх өгсөн хүнтэй өглөө нь зарга хийгээд салдаггүй гэх ёгт ярианы жинхэнэ эзэд Н.Энхбаярын дэргэд М.Энхболдоос гадна олон байсан тул өөр яах ч билээ. Тэдний нэг нь С.Баяр. Намынхаа удирдах байгууллага буюу аппаратын ажилтнуудын дунд нэр хүнд муутай, хэт хувиа хичээсэн, хэрэгцээтэй үедээ ямар ч муу үйл хийхээс буцахгүй, шазруун, хор шартай энэ нөхрийг Н.Энхбаяр ОХУ-д Элчин сайдаар илгээж, хугацаагаа дуусахаар нь буцааж авчраад намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон түүхтэй. Үүнийг дан ганц өөрийн санаачлагаар ч хийгээгүй. Хамт ажиллагсад нь зөвлөсөн, бас С.Баяр “Хоёулаа улс төрд хамт зүтгэхдээ бие биедээ үнэнч явъя” гэж гуйсан юм гэдэг. Харин Н.Энхбаяр хожмын том дайснаа ийнхүү өлгийдөн өсгөх чинээ санаагүй явсан. Нам нь 1996 оноос хойш сонгуульд байнга ялалт байгуулсанд С.Баярын оруулсан хувь нэмэр багагүй гэдгийг ч тэр мэдэрч байв. С.Баяр анд нь намаа ялуулахын тулд харин хуулийн цоорхойнуудыг овжноор олж хардаг, гишүүд, дэмжигчдийн сэтгэл зүйг юугаар, хэдийд, яаж эргүүлэхээ нарийн тооцож, булхай луйврын аргыг хэрэглэх цаг хугацаа, боломжийг сайтар судалж хөдөлдөгт Н.Энхбаяр заримдаа гайхаж, "биширч" байсан удаатай.

Улс төрийн тоглоомд бохир технологийг ашиглах үе бий л дээ. Үүнийг аль ч улс оронд их бага хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ С.Баяр намын даргын суудлыг М.Энхболдоос авлига, хуйвалдаанаар аваад, Ерөнхий сайд болмогцоо “Намаа сонгуульд заавал ялуулна” гэж тунхаглан бохир аргын тун, хэмжээг хэтрүүлж орхисон нь Н.Энхбаяртай тангараг тасрах нэг гол шалтгаан болсон болов уу. 2008 оны 7 сарын 1-ний хэргээр одоо тэр хоёр дээлээ хүүлэлцэн “зодолдож” байна. Дээр нь Оюу толгойгоос С.Баяр болон түүний шунахай санаатнууд хуйвалдан том хэмжээний авлигын мөнгө босгож, Солонгос, Америк руу өндөр үнэтэй эмчилгээ хийлгэцгээн, “Айвенхоу майнз”-д Монголоо хямдхан гэгч нь худалдаж орхив. Үүнийг зарим судлаачид “С.Баяр, С.Батболд, Д.Зоригт нар эдийн засгийн алуурчдын гар хөлийн үзүүрт зарагдан эх орныхоо баялгийг харийнханд бэлэглээд, заримыг нь агаарт зүгээр л цацчихлаа” гэж бичиж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэдний ийм увайгүй үйлдлийг тэвчсэнгүй.

Үүнтэй зэрэгцээд “Тэрэлжийн тунхаг” гэгч зальжин бичиг үйлдэн намаа МАН болгосон нь бүр дургүйг нь хүргэжээ. Ингээд нам нь хагаралд оров. Ийм хүнд үед Н.Энхбаяр МАХН-ыг хуучин нэрээр нь хэвээр үлдээхээр онц их хурал хийж, иргэний хөдөлгөөн, холбоодтой гэрээ байгуулан эх орныхоо тусгаар тогтнол алдагдахад хүрсэн  бүтэлгүй үйлдлүүдийг засч залруулахын төлөө тэмцэж эхэлсэн юм. Түүнтэй бусад жижиг 10-аад нам, 20 гаруй хөдөлгөөн, холбоод нэгджээ. “Шударга ёс, тусгаар тогтнол” хөдөлгөөн санаачлан байгуулав. Намынх нь нэрийг Дээд шүүх бүртгэхээс цааргалж, Үндсэн хуулийн цэц рүү нялзааж буй хэдий ч тэдний рейтинг 12 хувьд хүрээд байна. Дээд шүүхэд бүртгэгдээгүй намын рейтинг урьд нь хэзээ ч ийм өндөр гарч байгаагүй юм. Н.Энхбаярыг хамгийн сайн судалсан, түүний тухай хамаг хар бор нийтлэлээ зориулдаг Баабар тэр жил “Н.Энхбаяр бол зүгээр нэг хувь хүн биш. Тэр бол томоохон тогтолцоо” гэж тодорхойлж байлаа. Үнэндээ Н.Энхбаяр улс төрд өөрийн гэсэн байр сууриа баттай хадгалж яваа бөгөөд бүхэл бүтэн тогтолцоог бүрдүүлж чадсан хүн гэдэг нь үнэн. Хүмүүсээр хүрээлэгдээгүй, итгэлийг тээж явах тэнхээ муутай улс төрч бол олон жил “насалж” чадахгүй,  ердөө л үхдэл болдог. Тэгвэл Ерөнхийлөгчийн ажлаа сонгуулиар өгсөн Н.Энхбаяр дахиад нам байгуулаад гараад ирэхэд түүнтэй хөл нийлэн алхах олон түмэн бэлэн байлаа. Бүр хүлээж байсан мэт намынх нь гишүүд, дэмжигчдийн томоохон “Арми, нэгтгэл”-үүд бүрдэж, олигархиудыг төр засгаас арчиж хаях их аянд мордов. Ингэж рейтингээ огцом өсгөсөн Н.Энхбаяраас одоо Ардын намын хуучин андууд нь айж, шээсээ дуслуулж байна. Юун түрүүнд хамгийн их бачимдаж буй хүмүүсийн эгнээнд У.Хүрэлсүх, С.Батболд, Ц.Нямдорж, Мөнх-Оргил, Ганбямба, Лүндээжанцан, Рааш гээд арагшаа цуварна. Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь олигархиудад байгалийн баялгаар гараа угаах боломж олгосон, эдийн засгийн алуурчидтай хамтран ажилласан С.Баярыг шүтэн бишрэгч болоод байгаа. Гэр бүлийн талаар тогтворгүй, өнөө хэр нь гоонь эрийн ёсоор амь зууж яваа С.Баяр нь ч У.Хүрэлсүхийг сүүлийн жилүүдэд Н.Энхбаяр руу шаргуу турхирч байв. Ерөнхийлөгчийн сонгуулиар унагах мэхийг тэр хоёр зохиосон гэдэг. Дараа нь УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаярыг бас тэд хортоолсон юм. Сурталчилгааны ажлыг нь хэт харлуулсанаас гадна Д.Зоригт гэгч хятад хэлний орчуулагч залууг Оюу толгойн гэрээн дээр ашиглах алсын бодлоор намынхаа анхан шатны байгууллагууддаа хүчээр тулга байж нэр дэвшүүлэн УИХ-ийн гишүүн болгосныг уншигчид санаж байгаа байх. У.Хүрэлсүх уг нь Н.Энхбаярын дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа хүн шүү дээ. С.Баярын татаасаар 7 сарын 1-ний аймшигт хэргийг улс төрийн хувьд саармагжуулахын тулд МАН хэмээн намынхаа нэрийг өөрчилж, ардчилсан гэдэг үг зориудаар хавчуулсан үзэл баримтлалыг тоглоомын “хөзөр” болгож жүжиглэсэн өнөөдөр ил боллоо. Мөнгөний хулгайч нар улс төрийн үзэл санааны хулгай хийх гэж ийнхүү хэрдээ хөөрхөн оролдож буй ч үүнийг нь хүмүүс тоохгүй байна. Нэгэн цагдаа руу хүмүүс хашгиран “Хулгайчийг бариарай” гэхэд өөдөөс нь “Өө, энэ чинь манай хулайч байна шүү дээ” гэсэнтээ одоо С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нарын явдал яг ижилхэн сонсогдох болжээ. Н.Энхбаярын хуучин нөхөд түүний өмнө одоо нохос болж хувираад байгаагийн гол учир шалтгаан ч иймэрхүү шоглоомд байгаа ажээ. Тэдгээр нөхөд нь ямагт эх оронч дүр эсгэж ярьдаг боловсон хулгайчууд тул Н.Энхбаяр үнэндээ дунд нь суугаад байх боломжгүй болсон байв.  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ч олон хүн С.Батболд, С.Баяр, У.Хүрэлсүх нарт дургүйцэж, Н.Энхбаяртай нийлэх арга замаа хайж байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нэг их юм хийж гүйгүүлэхгүй ч гэсэн дур эзнээ голдоггүй гэдэг шиг дараагийн сонгуулиар дахин гарч ирэхийн тулд МАН-ын удирдлагаа навсайтал шүүмжилж байгаа. Удахгүй тэр Н.Энхбаярын МАХН руу гүйж очих байх. Түүний араас залгаад Даваасүрэн, Тэрбишдагва, Ж.Энхбаяр О.Чулуунбат гээд УИХ-д одоо байгаа МАН-ын гишүүдээс бараг 60-аад хувь нь Н.Энхбаярын нам руу “урвах” магадлалтай байгаа юм. Ингэснээр Н.Энхбаярын улс төрийн нөлөөлөл улам хүчээ авна. Удахгүй болох “Бүх ард түмний их хуралдай”-н нэгдсэн чуулганы үеэр Н.Энхбаяр УИХ, Засгийн руу  томоохон “Чулуу” нүүлгэнэ. Тэр “чулуу” нь иргэний ардчиллын төлөө нийт монголчуудын нэгдэл дээр суурилсан байх тул МАХН-ыг улс төрийн гуравдахь том хүчин болоход ихээхэн нөлөөлнө гэж ажиглагчид дүгнэж байна. 2012 оны 6 дугаар сар хүртэл үе шаттайгаар хийх иймэрхүү олон арга хэмжээг  Н.Энхбаяр төлөвлөөд байгаа бөгөөд эцсийн үр дүн нь сонгуулиар хүмүүст ойлгомжтой болох ажээ. Эхний амжилтууд нь саяхан хөдөө орон нутагт “Их хуралдай”-н салбар хуралдаануудыг бүсчлэн хийх явцад бэлхнээ харагдлаа. Хөдөөгийн иргэдийн маань дийлэнх хэсэг нь Н.Энхбаярыг дэмжиж, түүний шударга ёсыг тогтоох тэмцэлд биечлэн оролцохоо илэрхийлжээ. Баабар зөв хэлж байж. Н.Энхбаяр зөвхөн бие хүн бус бүхэл бүтэн тогтолцоо юм байна. Масс буюу олон түмнийг өөртөө нааж, хадгалж чадсан улс төрч хол явдаг гэдэг  үнэн ажээ. Тэр Н.Багабанди, Д.Бямбасүрэн, П.Очирбат нар шиг өндөрлөгөөс буумагцаа хэн ч биш шахуу амьтан болчихоогүй нь доороо хөл сайтай улс төрчийн зангарагийг харуулаад байна. Түүний гарт цэрэг, цагдаа, шүүх, прокуророос бусад нь бараг цөмөөрөө байгаа бололтой. Улс төрийн шинэ жимээр улам хүчээ авч байгааг хуучин нөхөд буюу нохос нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж дээ.
Б.Отгонбаяр. Zindaa.mn          

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.223) 2020 оны 09 сарын 05

өнөөдөр төрд гарсан болгон 25 жилд юу хийж чадсан, юу ч хийгээгүй гэдгээрээ хар цагаан мэт ялгарлаа. одоо ажиллах цаг нь болжээ. эстэгвээс монгол орон маань дампуурах орнуудын тоонд багтсаныг бүгд мэдэж байгаа.хэн ийм байдалд оруулав? МАНАН. ОДОО АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГ НЬ ЭХ ОРНОО АВЧ ЯВАХ ЦАГ НЬ БОЛСОН. идэхээс өөр ид шидийг үзүүлээгүй нь зам мөрөө хөөх цаг нь бас болжээ.

0  |  1
Top