Жолоочийн даатгалд нэмэлт өөрчлөлт орно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Жолоочийн даатгалыг манай улсын хэмжээнд 15 компани явуулж байна. Энэ даатгал сайн дурын даатгалын төрөлд хамаардаг. Олон улсад энэ хэлбэрийн даатгалыг албан журмын даатгалд хамруулдаг ажээ. Даатгалаар дамжуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалдаг байна. Тухайн жолооч бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол заавал нөхөн төлбөр өгдөг байх баталгаа болдог нь энэ даатгалын онцлог юм. 2000 оноос хойш авто тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 5-7 хувиар өсч 2010 онд 256 мянгад хүрээд байна. Энэ хэрээр замын хөдөлгөөний нягтрал ихэсч, зам тээврийн осол, иргэдэд учрах хохирлын хэмжээ ч нэмэгдсээр байна. Тухайлбал, 2010 оны байдлаар улсын хэмжээнд зам, тээврийн 8 мянга гаруй осол гарч 320 хүн нас баран, 933 хүн гэмтэж, иргэд байгууллагад хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Зам, тээврийн дийлэнх нь жолоочийн буруугаас болдог нь жолоочийн хариуцлагыг албан журмын даатгалд хамруулж, ослоос учрах хохирлыг барагдуулдаг тогтолцоо бий болгох шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Хуулийн төсөлд А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий  жолоочийн даатгалын суурь хураамж 12.500, В ангиллынх 33.000, С ангиллынх 42.500, Д ангиллынх 53.000, “Механизм” ангиллынх 12.500 төгрөг, жолооч нь В, С, эсвэл Д ангиллаас гадна Е ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол 7000 төгрөгөөр илүү байхаар тусгасан байна. Хуулийн төсөвтэй холбогдуулан нэр бүхий хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Б.Идэр.Zindaa.mn

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top