Хоёр хилийн хооронд 2000 хүн хоолгүй өнжлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

 

БНХАУ-ын  Эрээн боомтынхон өчигдөр бүтэн өдрийн турш хилээ нээсэнгүй. Нийслэлээс болон орон нутгаас арилжаа наймаа хийхээр  явсан 2000 орчим хүн хоёр хилийн хооронд хоол унд бүү хэл, балгах ус ч үгүй өнжсөн аж.  Энэ боомтын ажил чухам юунаас болж саатаж, иргэдийг бухимдуулсан талаар Эрээнд суугаа консул С.Батхуягтай холбогдож тодруулахад, “Өнгөрсөн шөнөөс эхлэн Эрээн рүү Жининээс ирж буй цахилгааны шугамд гэмтэл гарснаас болж бүх үйлчилгээ зогссон. Үүнээс болж хил хаасан. 15.00 цаг өнгөрч байхад гэмтлийг нь засаад, удахгүй хилээ нээхээр болсон” гэв.  Цахилгаан ч юмуу, интернетийн сүлжээ тасрахад хилээ нээдэггүй тохиолдол урьд нь бас гарч байжээ. Салхи ихтэй байснаас цахилгааны шугамд гэмтэл гарсан гэж хятадын тал мэдэгдсэн байна. Энэ талаар ХХЕГ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхчулуун, “Эрээний хилийн шалган нэвтрүүлэх боомтод өчигдөр 08.30 цагт цахилгаан тасарчээ. Манай тал энэ үед зорчигч, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлээд эхэлсэн байсан. Тус улсын тал манай талд цахилгааны саатал гарсан талаараа 11.00 цагийн үед мэдэгдсэнээр бид зорчигч нэвтрүүлэхээ түр зогсоосон. Харин тус улсын талаас хилээ хаасан тухайгаа цаг алдаж манайд мэдэгдсэнээс хоёр хилийн хооронд 1200 хүн гацчихаад байгаа гэсэн байна.  Эрээний боомт хилээ 18.00 цагийн үед нээжээ. Тэнд бөөгнөрсөн хүмүүсийг хил дээр хонуулахгүйн тулд Замын-Үүд боомтын бүх алба өчигдөр орой цаг сунгаж ажилласан байна

Б.Идэр.Zindaa.mn



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top