Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 12.6 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Өнөөдөр ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид болон ЦЕГ-ын ХМОНХА-ны дарга хурандаа Т.Сайнжаргал нар 2012 оны  эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралт болон бусад төрлийн гэмт хэргийн талаар мэдээлсэн юм.

Монгол Улсын хэмжээнд 2012 оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллага нийтдээ 106641 мянган өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгасан байна. Энэ үндсэндээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 10.8 хувиар өсчээ. Эхний 9 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 16160 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь мөн өнгөрсөн жилийнхээс 12.6 хувиар буюу 1435 хэргээр өссөн байна.

Гэмт хэргийн гаралтыг нутаг дэвсгэрийн байдлаар нь авч үзвэл Нийслэл Улаанбаатар хотод 57 хувь нь бусад аймгуудад 41.8 хувь үйлдэгдсэн. Тус үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг иргэдийн насны дундажаар нь авч үзэх юм бол өнгөрсөн оныхоос 7.6 өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ үзүүлэлт үндсэндээ Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Төв, Дундговь аймгуудад 1-47 хэргээр, нийслэл 109 илүү байгаа юм. Гэмт хэргийн гаралт Увс, Ховд, Баянхонгор, Хэнтий, Хөвсгөл, нийслэлийн Хан-Уул дүүрэг гэх газруудад буурсан.

Гэмт хэргийн гаралт өссөн газруудыг бүсчилж үзвэл Улаанбаатар хотын дүүргүүдэд болон төвийн бүсийн аймгууд, зүүн бүсийн хоёр аймагт, баруун бүсийн хэд хэдэн аймагт үндсэндээ өссөн үзүүлэлттэй гарчээ. Гарсан гэмт хэргийг ангиллаар нь авч үзвэл онц хүнд ангиллын гэмт хэрэг өнгөрсөн жилийнхээс 2,2 хувиар буурсан. Бусад ангиллын гэмт хэрэг 5.5-18.5-аар өссөн аж.

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 57.9 хувьтай. Энэ нь өнгөрсөн оныхоос нэг хувиар өссөн. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 56.6 хувьтай гарч өнгөрсөн оныхоос 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар гэмт хэргүүдийн илрүүлэлт хөнгөн, хүндэвтэр гэмт хэргүүд дээр нилээн ахицтай байгаа. Харин хүнд хүнд, онц хүнд гэмт хэргийн үзүүлэлт урьд жилийнхтэй харьцуулахад буурчээ. Үүнээс үзхэд цагдаагийн байгууллагын гэмт хэрэг илрүүлэх тал дээр анхаарах зүйтэй юм.

Нийт гарсан гэмт хэргийг бүтцээр нь авч үзвэл хүнийг санаатай алах гэмт хэрэг 1.2 хувийг, бусдын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг 29.7 хувь, хүчиндэх гэмт хэрэг 1.5 хувь, хулгайн гэмт хэрэг 27.8 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг 5.3 хувь, бусад төрлийн гэмт хэрэг үндсэндээ 19.7 хувийг тус тус эзэлж байна. Эдгээр хэргүүд дээр нэмэгдэж уул уурхайн, галт зэвсэг, хар тамхи мансууруулах бодис, цацраг идэвхит бодис хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг, татвар төлөхөөс зайлсхийсэн, хүүхдээ хаях төөрүүлэх зэрэг гэмт хэргүүд улсын хэмжээгээр өмнөх оныхоос хэд дахин нэмэгдсэн гэнэ.

Энэ бүх гэмт хэргүүдийг бууруулахад цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авч ажиллана гэдгээ мэдээллийн үеэр мэдэгдэж байлаа. Мөн энэ үеэр ЦЕГ-ын ХМОНХА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал эцэг эхчүүдэд хандаж, өсвөр насны хүүхэддээ хараа хяналт тавихыг сануулсан юм. Тэрээр: “Саяхан Хангай зочид буудалд 17-20 насны хүүхдүүд газ үнэртэж байгаад тус газ нь дэлбэрсэн хэрэг гарсан. Тус хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдүүд газ үнэртэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тус хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Тиймээс иргэд эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдүүдээ гарч болзошгүй гэмт хэрэг, элдэв явдлаас ангид байлгаж хараа хяналт тогтоох хэрэгтэйг сануулж байлаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.169.49.8) 2013 оны 05 сарын 16

цэрэг татлагаас зайлсхийх гэмт хэргийн талаар тавьж өгч туслаач

0  |  0
Top