Муухай Монгол: Морио моторт “хүлэг”-ээр сольсон нь

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

Хөдөөгийнхөн хөгжиж хуучин уламжлал ул мөргүй замхрах тийш зүглэжээ. Монгол эх орны минь дөрвөн зүг найман зовхист аж төрөн амьдарч байгаа хөдөөний малчин ард хэрэглээнийхээ түвшингээр хотын  биднээс хэд дахин илүү болсон байна. Айл болгон гэрийнхээ гадна моторт хүлгүүдийг хэд хэдэн төрлөөр нь сойчихож, гэртээ эрээнээс ирсэн элдэв янзын зурагт, радио аваад тавьчихаж. Энэ нэг ёсны хөгжил.

Монголынхоо хээр талд гарахаар салхи нь сэвшээлээд, санаа алдмаар сайхан. Уудам хөндий нь ногоороод, уул хангай нь дүнхийгээд, ургамал амьтан нь алаглаад юутай сайхан билээ. Намар болохоор айл саахалтаараа буугаад, адуу малаа оторлоод, зэл дүүрэн унагаа татаж, сав дүүрэн саалиа сааж, айргаа исгэж хуруудан, дэмбээдэх нь нэг насны жаргал гэмээр. Хол одсон хүн бүр л урь орохлоор нутгаа санан хөдөө рүүгээ хүлгийн жолоо залж оддогсон.

Харь газрын айлчин хүртэл эх орны минь хөдөө нутаг, жинхэнэ нүүдэлчин аж амьдралыг утгаар нь харж, үзэх гэж тив алгасан зоосоо үрэн тэмүүлж, золоор үзээд буцдаг. Нэг цагт Монголын хөдөө, хөдөө байлаа. Одоо цагт саармагжсан, хотожсон хөдөө болчихсон доо. Хаа хол газраас тив алгасан ирэх жуулчид Монголын хөдөөд очиж нүүдэлчин соёлыг бишрэхээр хөдөөний айлд яваад очиход өнөөх интернэтээр харсан үзсэн нүүдэлчид нь Монгол гутлынхаа оронд хятад шаахай углачихсан, мориныхоо оронд мотоцикль хөлөглөчихсөн, таван ханатай гэртээ тавин төрлийн телевизийн суваг үзсэн шигээ сууж байдаг болчихож. Хүний хэрэгцээг хязгаарлаж болохгүй нь сайхан болохоор тэдэнд хэн ч юу гэж хэлэх вэ дээ.

Сүүлийн хэдэн жил урьд хөршөөс элдэв янзын “жодгор” мотоцикль орж ирэх болсноос хойш хөдөөгийнхөн хүнээ байсан гэж хэлж болно. Худалч хүнд бараг айл болгоны гадна тэрхүү хурдан дугуй морь шиг сойлттой байгаа. Монголын аугаа их соёлыг Хятад бодлого үнэндээ арчиж хаяж байна гэж хэлэхэд илүүдэхгүй байх. Суналзсан урт уурга бариад, салхи бостол исгэрээд адуундаа явдаг эрчүүд бүдэг бадаг болчихож. Сав л хийвэл өнөөх хужаа жодгороо унаад давхих гээд байдаг болжээ.

Дээхнэ ӨвөрМонголд явж байхад тэндхийн малчин иргэд нь мотоциклиор малаа маллан тэр байтугай морио мотоциклоор хөтлөн явж байгаа дүр зургийг харж байлаа. Тэнд одоо ч тийм. Гэтэл тэр муухай зүйл манайд аль хэдийнэ шингэчихэж. Саяхан нутаг явах замдаа хэд хэдэн тийм дүр зургийг олж харлаа. Яагаад адуундаа мориор явахгүй байна вэ? гэж асуухад тэд хэнэг ч үгүй тэгж өдөржин морин дээр биеэ чилээж шогшихоо больё доо гэж байсан. Ингээд бодохлоор хужаа мотоцикль Монгол хүний сэтгэлийг мориноос нь илүү татчихсан нь илт харагдана.

Хужаа мотоцикль гээчийг хөдөөд хүүхэд багачуул, хөгшин залуугүй унан давхидаг болсоноос хойш хүлэг морьд нь эмнэг, догшин болцгоожээ. Монгол айлын гадна хүлэг морь биш “хүлэг” нэртэй хужаа мотоцикль сойлттой байдаг болоод удлаа. Монгол морио моторт хүлгээр сольсон хөдөөгийнхөн маань Хятаджаад, эх сайхан соёл нь мөхөл рүү ойртоод явна уу гэж эмзэглэмээр болчихож.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top