Аж төрөх үү, эсвэл орших уу

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Монгол хүн атлаа монголоороо ярьж чадахгүй олон хүнийг харлаа. Олон ч хүнтэй ярилцлаа. Мэдээж тэд боловсрол, мэдлэгээрээ хэнийг ч дагуулахгүй, манлайлагч залуус.

Орос, Англи, Хятад гээд таван тивийн хэлээр төвөггүй "жиргэдэг" орчин цагийн "сэхээтнүүд". Тэгсэн хэрнээ төрөлх хэлээрээ ярьж чадахгүй, ээрч муурч суухыг нь хараад даанч дээ хэмээн өрөвдсөнөө нуух юун.

Нэг үг хэлээд л англи, оросоор хольж ярих тэдгээр залуус монгол хэл үнэхээр мэдэхгүй учраас тэгж гацаж, түгдэрдэг юм гэсэн. Өөрсдөө ингэж тайлбарлаж байна билээ. Тухайлбал, орчин цагийн "сэхээтнүүд" хэлсэн хоёр үгээ монголоор юу гэдгийг нь орчуулж мэдэхгүй учраас англи эсвэл оросоор ярих нь илүү хялбар байдаг юм гэсэн.

Улмаар нэг үг хэлээд л нэг хэсэг бодож суух нь үнэхээр төвөгтэй санагдсанаа нуух юун. За тэгээд орчин цагийн охид, хүүхнүүд хазгай муруй англи хэлээр ярьж, хэлээ хазаж аальгүйтэх бөгөөд үүнийгээ харилцааны соёл хэмээн эндүүрэх нь хөөрхийлөлтэй. Бүр өрөвдөлтэй, инээдэмтэй.

Түүнчлэн шинэ үеийн хүүхэд, залуус өөр хоорондоо "Hi" хэмээн ихэвчлэн мэндлэх бөгөөд салахдаа англиар "bye" хэмээн бие биеэ тэврэн авч, эр, эмгүй "үнсэлцэнэ". Энэ нь Америк стиль юм гэнэ. Монголчууд уг нь өөрөөсөө ахмад, залуу хэнтэй ч таарсан амар мэндийг нь эрж, сайн сайхныг хүсэн үддэг уламжлалтай. Түүгээр ч зогсохгүй "Good morning, Сөүлийн гудамжнаас гараад Битльзийн хөшөөний дэргэдүүр явж байна" гэх нь энүүхэнд.

Бид тусгаар улс хэрнээ заавал бусад орнуудын хотуудын нэрээр гудамж, талбайгаа нэрлэх шаардлага байгаа гэж үү. Сөүлд Чингисийн хөшөө байдаг бил үү, АНУ-д Монголтой холбоотой ямар нэгэн зүйлээр нэрлэсэн гудамж, талбай байдаг гэж үү? Би лав сонсоогүй юм байна.

Хотын боловсролтой хүмүүсийн дэргэд хөдөөний боловсролгүй гэгдэх малчдад монгол хэлний гол дархлаа оршиж байгааг эрдэмтэд үргэлж сануулдаг. Хөдөөд л монгол хэл ямар нэгэн хольцгүй нутгийн аялгаараа баяжиж байгааг ч онцолдог юм билээ. Хөдөөний малчин өвгөнтэй ярилцаад суухад ээрч муурах, сул үг хэрэглэх байдал ажиглагддаггүй. Тэд эх хэлээрээ ярьж чаддаг учраас тэр. Тэд олон хэл сурах гэж эх хэлээ зэрэмдэглээгүй учраас гацаж, түгдрэлгүй сайхан ярьдаг. Тэгээд ч монгол хэлээр ярьж байгаа хоёр сая гаруйхан хүний төрөлх хэл эвдрээд эхэлбэл юу болох билээ.

Үүгээрээ би гадаад хэл сурах явдлыг буруутгасангүй. Хамгийн гол нь гадаад хэлийг сурч болно. Харин эх хэл бидний оршихуйн дархлаа гэдгийг мартах учиргүй. Аж төрөхийн дархлаа болсон англи хэлэнд хэт хошуураад оршихуйн дархлаа болсон эх хэлээ орхигдуулж, саармагжуулж байгаад эмзэглэж байгаа хэрэг.

Хамгийн чухал нь монгол үндэстэн эхлээд оршин тогтнож байж дараа нь аж төрөх талаар бодох учиртай. Тодруулбал, гадаад хэлний нөлөөгөөр сэтгэлгээний гажуудал гарах болсныг ч эрдэмтэд сануулдаг. Хэдийгээр монгол хэл мөхөх аюул өнөөдөртөө нүүрлэчихээгүй байгаа ч аливаа өвчнийг бага дээр нь дарахгүй бол амь насанд аюултай болтлоо хүндэрдэг. Тэгвэл одоо гарч байгаа гажуудлаа бага дээр нь засах шаардлагатай юм.

Чингиз Айтматов "Үндэстнийг устгая гэвэл хэлийг нь устга. Үндэстнийг өөр юу ч устгаж чадахгүй" гэснийг санахад илүүдэхгүй биз ээ.

Х.Өнөржаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top