“Сэнди” хар шуурга АНУ-ын зүүн эрэгт хүрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

АНУ-ын зүүн эргийн Нью-Жерси мужийн,  “тоглоомын нийслэл” гэгддэг Атлантик-Сити хотод “Сэнди” шуурга хүрсэн ба цаашаа нутгийн гүн рүү нэвтэрч байна.

Хар шуургыг ажиглах Үндэсний төвийн эрдэмтдийн мэдээлснээр, одоохондоо хүч нь ялимгүй саарсан боловч аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн хэвээр байгаа ажээ.  Салхины хурд голомтдоо 130 км\цаг хурдтай байна.

“Сэнди” хуурай газарт гарах замдаа Канадаас чиглэж буй нам даралтын асар их хүйтэн урсгалтай тулгарч “супершторм” үүсгэн, их хэмжээний үер болох аюултай байна хэмээн шинжээчид болгоомжилж байна.

Атлантик-Сити нилдээ усанд автсан ба зарим газраа усны түвшин хагас метр хүрч байгаа аж. Өнгөрөх амралтын өдрүүдээр энд нүүлгэн шилжүүлэлт хийгджээ.

Эрх баригчдын мэдээлж буйгаар, одоогийн байдлаар зүүн эргийн 3 сая гаруй оршин суугчид гэрэл цахилгаангүй болсон байна.

Зүүн эрэг тэр чигээрээ төмөр замын мэдээлэлгүй болж, 9 мянга гаруй агаарын нислэг цуцлагдаад байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар хар шуурганы хор хохирол 20 тэрбум долларт хүрэхээр байна. АНУ-ын зүүн эргийн 9 мужийн 60 сая орчим хүн энэхүү байгалийн гамшигт өртөх магадлалтай байгаа аж.

Нью-Йорк хотод одоогийн байдлаар бороотой, хүчтэй салхитай байна. Мегаполис хотын хэдэн арван мянган хүмүүс аль эрт гэрэл цахилгаангүй болсон ба олон районууд, түүн дотор Нью-Йоркийн санхүүгийн “зүрх” гэгддэг Уолл-стрит усанд автжээ. Эрх баригчдын зүгээс хотын газар доорх метроны хонгилууд усанд автчих вий хэмээн болгоомжилж байна.

Нью-Йоркийн төв хэсэгт хүчтэй салхинаас болж барилгын краны сум хугаран,  алдарт Карнеги-холл концертын танхимын эсрэг талын 57-р гудамжинд тэнгэр баганадсан өндөр барилгын дээд хэсэгт савлан, ойр орчмын гудамжуудад хашилт хийн түүнд дарагдахаас сэргийлсэн байна. Наймдугаар авенюд дөрвөн давхар орон сууцны фасад салхинд нуржээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын нутаг дэвсгэрт “Сэндигийн” анхны хохирогчид бий болжээ: Мэриленд мужид цаг агаарын таагүй байдлаас нэгэн жолооч удирдлагаа алдан ангал руу унаж нас барсан, мөн Нью-Йоркд нэг хүн байшин дээр нь мод унаснаас амь үрэгдсэн байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top