Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзаны уран бүтээлийг олон хүн таашаадаг. Зарим нэг нь цааш түлхдэг. Гэхдээ ярилцагч би дээрх үйлдлийн алийг нь ч хийдэггүй. Зөвхөн сонирхон уншдаг. Тиймдээ ч бусад ярилцлагад гарсанчлан “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг романы тухай ганц ч үг цухуйлгаагүй. Энэ мэтчилэн зүйл яривал цаана нь “Бөөгийн домог”, “Гурамсанцадиг”, “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы тухай болон зөвхөн утга зохиолын бүтээл бус философи уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 ботийн талаар ярих болно. Мөн үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг ямар их цаг хугацаа зарцуулж орчуулсан Францын философич Мишэль дө Монтэнийн эссэнүүдийг “Сонгомол эссэнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентинысод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүллэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг яагаад орчуулан хэвлүүлснийг нь сонирхохгүй байж болохгүй. Тиймээс зөвхөн түүний дотоод ертөнцийг нь танихын тулд ярилцсан юм. Түүнийг 1990 оноос хойших буюу мөнгөн үеийн яруу найрагчдын гол төлөөллүүдийн нэг болохоор “Best of Best” буландаа урив. Товч бөгөөд тодорхой хариулт өгсөнд түүнд баярласнаа нуух юун.
-Яруу найрагчид намар болохоор шүлэг тэрлэдэг. Энэ жилийн намар нэг их хоног элээхгүйгээр өнгөрөх нь. Харин та өвөл болохоор шүлэг тэрлэдэг учир баяр тань хүрч байна уу?
-Өвөл би голчлон том зохиол дээр суудаг. Шүлэг тэрлэх улирал биш л дээ, харин хүүрнэл зохиол бичихэд илүү тохиромжтой цаг санагддаг юм. Өвөл би бараг хот ордоггүй. Утсаа асаахаа голдуу мартчихдаг. Манай энд өвөлдөө их хүйтэн тул, сэтгэл өндөлзөхгүйгээр нэг мөр суухад амар байдаг юм.
-Харин эхнэр тань ямар үед үзэг, цаасаа барьдаг вэ?
-Эмэгтэй хүний нуруун дээр гэр орны аахар шаахар нэргүй ажлууд овоолоостой явдаг болохоор Өлзий яг над шиг тухайлан яс сууж нэг их чаддаггүй юм аа. Завтай цагтаа Өлзий хэдийд ч үзэг цаас нийлүүлж чаддаг.
-Өнгөрсөн баасан гаригт та уншигчидтайгаа уулзсан. Ямар бодол танд үлдэв?
-Залуучууд их ирсэн, идэвхтэй асууцгааж байсан нь их сайхан санагдсан. Хамгийн гол нь зүгээр нэг сонирхож яваа хүмүүс биш, номуудыг минь зэгсэн сайн уншсан залуус цугласанд нь баярласан.
-Уншигчдын хүсэл чухам танаас юу шаардаж байна вэ?
-Түүнийг харин би ёстой мэдэхгүй шүү дээ. Би өөрийнхөөрөө л амьдарч, өөрийнхөөрөө л элдвийн зүйлс бичиж яваа хүн. Уншигчид ч тэр бүхнийг өөрийнхөөрөө л хүлээж авч байгаа болов уу. Би ер нь бусдад нөлөөлөх гэж зохиол бичдэггүй, бусдад өөрийгөө зүгээр л танилцуулж, дотоод ертөнцөө уудалж, тэдэнтэй үзэл бодлоо солилцохыг л чармайж яваа хүн.
-Уулзалтад цугласан хүмүүсийг таны фэн гэж ойлгож болох уу?
-Намайг зохиолчийн минь хувьд хүндэлдэг хүн тэнд олон байгаа нь мэдрэгдсэн л дээ. Гэхдээ учиргүй фэн гэж үнэхээр байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Ер нь хэн нэгнийг бурханчлан шүтнэ гэдэг бол утгагүй хэрэг л дээ. Шүтэж явсан хүн чинь жирийн л нэг, амьдралд нухлагдсан ядуу амьтан байгааг олж харахад мэдээж хэнд ч аятайхан санагдахгүй биз. Эсвэл хүндлээд явсан хүн чинь яг үнэндээ биеэ тоосон, арчаагүй, мунхаг амьтан байвал яах вэ. Ер нь яс юман дээрээ бол ямар ч хүн өрөвдөлтэй л байдаг юм шүү дээ.
-Та хамгийн сүүлд ямар шүлэг бичив?
-Якутад Лена мөрний эрэг дээр дөрөв таван мөр тэрлээд орхисон юм байна. Одоо нэг эргэж харъя байз.
-Та хүүхэд байхаасаа л шүлэг бичдэг байсан уу?
-Тийм ээ.
-Хүүхэд нас хэрхэн өнгөрөв?
-Асар удаан. Би лав хэзээ ч дуусахгүй байх аа гэж боддог байсан. Одоо ч гэсэн эргээд бодоход ихэнх дурсамж минь бага настай л холбогдчихоод байдаг. Бага байхад цаг хугацаа ердийнхөөс гурав дахин урт, харин дөч хүрсний дараа бол гурав дахин хурдан болчихдог юм байна.
-Утга зохиолд хөл тавихад юу нөлөөлсөн бэ?
-Ном. Бажов хэмээх орос зохиолчийн “Ногоолин хайрцаг” гэдэг номыг уншаад л зохиолч болбол чадмаар ч юм шиг анх санагдаж байж билээ.
-Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүн бэ?
-Жирийн л албан хаагчид байсан.
-Таныг багаас нь номтой нөхөрлүүлсэн үү?
-Хэн ч намайг ном унш гэж албадаж байгаагүй. Би өөрөө л бичиг үсэгт тайлагдсаныхаа дараа “Энэтхэг, Балба, Фижи үлгэр” гэх мэтийн юмс олж уншиж, хар зөнгөөрөө явж байгаад л номын амтанд орсон.
-Та 17 настайдаа хойд хөршийг зорьж Горькийн нэрэмжит утга зохиолын их сургуулийг төгссөн. Тухайн үед харийн орныг зориход хүнд байв уу?
-Үгүй, маш сонирхолтой байсан. Огт мэдэхгүй том хотын гудамжаар өдөржин тэнүүчилнэ гэдэг тийм насны хөвгүүнд юутай ч харьцуулшгүй таашаал шүү дээ.
-Та “Миний хамгийн дуртай газар төрсөн нутаг Баянхонгор, Москва” гэж байсан. Улаанбаатарт яагаад дургүй юм бэ?
-Улаанбаатарт би хайртай л даа. Энд би гэр бүл, үр хүүхэдтэй болж, энд бас өөрийн гэсэн уншигчдаа олж авсан. Энд миний бүх юм байгаа. Гэхдээ л мөрөөдөл дүүрэн бага насаа өнгөрөөсөн тэр Баянхонгорын тоост гудамжууд, үзэл бодлын хувьд төлөвшсөн Москвагийн амьдрал надад онцгой байдлаар дурсагдаж зүүдлэгддэг. Баянхонгор өнөө хэр миний хамгийн удаан амьдарсан газар бол, Москвад өнгөрүүлсэн зургаан жил бараг л миний үлдсэн бүх амьдралын тэн хагастай тэнцэнэ дээ.
-Гэр бүлийнхээ хүнтэй уран бүтээлийн тал дээр зөрчилддөг үү?
-Үгүй дээ.
-Ер нь та хоёр яаж танилцсан юм бэ?
-Бид талийгаач О.Дашбалбарын зохион байгуулсан нэг цуглааны үеэр танилцсан. Дараа нь тухайн үеийн төрийн хэвлэл “Ардын эрх” сонинд хамт ажиллаж байсан.
-Та хоёр хоёулаа уран бүтээл гээд үзэг цаас бариад суухаар ар гэрийн амьдрал орхигдох тал байдаг уу?
-Амьдралаа орхичих юм бол уран бүтээл хийх утга учир гэж үлдэхгүй шүү дээ. Уран бүтээл бол харьцангуй зүйл. Чамд аз таарч ч мэднэ, үгүй ч байж мэднэ. Ерөөсөө огт юм бичихгүй амьдарч ч болно. Харин хүн ёсоор амьдрахгүйгээр хүн төрлөө авч явах, бодитой уран бүтээл туурвих арга байхгүй.
-Та эхнэртээ үсний засалтаа өөрчил гэж хэлж байсан уу?
-Яах юм бэ. Өлзийд зохидог шүү дээ.
-Тэгвэл ямар бүтээл нь танд хамгийн ихээр таалагддаг вэ?
-Ихэнх нь дээ. Гэхдээ ингээд хэлэх бүрт л намайг “Эхнэрээ магтахаас өөр юу ч мэдэхгүй, дүнхүү, боловсрол ч үгүй амьтан” гээд харааж зүхээд эхэлдэг хүмүүс бас цаана чинь үүнийг уншаад сууж л байгаа.
-Та хоёр яагаад нэг нэгнийхээ номыг редакторлодог юм бэ. Өөр зохиолчид санал тавьж болдоггүй юм уу?
-Бид нэг гэр бүлийн хүмүүс болохоор хэн хэн нь нэг нэгэндээ төлбөр төлөхгүй. Тиймээс зарлага гарахгүй амар байдаг юм.
-Тэгвэл редакторлох үед та хоёрын бүтээлд хэр их засвар гардаг вэ?
-Хоёулаа сайн бичдэг болохоор засвар гардаггүй.
-Хүүхдүүд хаана сурч байна. Та хоёрын юм бичих авьяасыг өвлөж байна уу?
-Гурвуулаа хөгжмөөр сурч байгаа. Том нь хөгжимчин болохоор бараг л эргэлтгүй шийдчихээд яваа. Нөгөө хоёр нь ямар мэргэжил сонгох нь одоохондоо мэдэгдэхгүй л байна. Юм бичих дөртэй болоосой л гэж бодож байна. Үзэл бодлоо эх хэлээрээ зөв, найруулга сайтай, цэгцтэй бичиж чаддаггүй хүн бол тэгээд л дуусаа гэж би боддог. Тийм хүмүүс хэчнээн тааламжтай, соёлтой харьцаатай байлаа ч, ярих юм олддоггүй.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Бусдын л адил даа. Хотоос зайдуу зусланд амьдраад олон жил болсон болохоор агаарт өглөө эрт босох сайхан байдаг юм. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Хааяа хүнсээ цуглуулах гэж хот руу орно. Таван банхар тэжээдэг юм. Тэдэнтэйгээ нэлээд цагийг өнгөрөөнө.
-Та ихэнх зургаа нүүрээ тулгаж авахуулсан байдаг. Яагаад тэр вэ?
-Миний нүүр өөрөө тийм тулгуу юм байлгүй дээ. Үүнээс хойш камер харагдвал гэдийсхийж байя.
-Та юугаараа гоёдог вэ?
-Надад хэдэн номоосоо өөр гоёх зүйл бий гэж үү. Ховдын Булганд нэг нөхөр намайг зохиол бичдэг гэж хэлэхэд “Дүү хүү, чи Гун-Аажавын Аюурзанатай эхлээд танилц. Түүнээс жаахан юм асууж лавлаж байж л дараа нь ном зохиол бичих хэрэгтэй шүү. Танихгүй бол утсыг нь надаас аваарай” гэж лаг зөвлөгөө өгсөн юм даг.
-Хэр шооч вэ?
-Шооч биш ээ.
-Та хэр олон ном уншсан бэ?
-Тоолоогүй юм байна шүү. Сайн тоолж үзвэл 20-30 хүрэх болов уу. (инээв)
-Одоо Монгол, гадаадын ямар ном уншихыг хүсч байна вэ?
- Яршиг, зүгээр. Нэг хэсэгтээ юм уншихгүй ээ. Гэхдээ бас хачин адтай бичлэгтэй зохиолчид их шүү дээ. Жишээ нь, би Харуки Муракамийн гурван романыг уншсаныхаа дараа дахиад энэ зохиолчийн нэг ч номыг уншихгүй гэж шийдсэн. Гэтэл өнгөрсөн жил “1Q84” нь дэлхий даяар алдаршаад байна гэхээр нь тэсэлгүй авч уншсан. Одоо харин ёстой тэр зохиолчийн өөр нэг ч романыг сөхөж харахгүй гэж шийдээд байгаа. Маш авьяаслаг зохиолч. Гэхдээ хэтэрхий загвартай, жинхэнэ суу билиг огт биш.
-Танд “Болор цом” наадамд орох хүсэл төрдөг үү?
-Ороод түрүүлж, баярласандаа тайзан дээр асгартал уйлах юмсан гэж мөрөөддөг гээд биччих дээ. Тэгвэл хүмүүст таалагдах байх.
-Энэ наадмын тухай таны бодол?
-Тийм дэмий зүйлийн тухай бодоход цаг хайран шүү дээ.
-Тэгвэл тэргүүн байр эзэлж буй шүлгүүд ямар санагддаг вэ. Өмнө түрүүлсэн шүлгүүд ч гэсэн?
-Би одоо “Болор цом” үзээгүй хэдэн жил болж байна аа. Хамгийн сүүлд нөгөө А.Баяржаргалыг түрүүлдэг жил үзсэн юм байна. Тэр үед би МЗЭ-ийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн байсан тул урилга ирдэг байсан юм.
-Таныг хүмүүс номныхоо ашгаар хэтэвчээ нэлээд зузаалдаг гэсэн. Таны ном тийм их борлогддог юм уу?
-Үгүй, одоо дан ганц номоороо амь зууж байгаа зохиолч Монголд бараг л би ганцаараа юм биш үү. Даанч хэтэвч минь зузаарахын завдалгүй л мөнгө урсаад алга болдог. Амьдрал чинь өөрөө их өртөгтэй эд шүү дээ.
-Танд хоч байдаг уу?
-Байхгүй ээ. Юутай ч би л лав өөрийнхөө хоч гэх юм сонсож байгаагүй. Намайг нүднээс далд л сэм хочлохгүй бол, хоч өгсөн хүн пянгаа даахгүй л дээ (инээв).
-Танд гадаадын утга зохиолын хүрээлэнгүүдээс хамтран ажиллах санал ирж байсан уу?
-Би хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллахаар хэмжээний том хүн биш шүү дээ.
-Хийсэн нэг их зүйлгүй хэрнээ яруу найрагч гэж өөрсдийгөө хөөргөж сархад үнэртүүлсэн залуусыг хараад та юу боддог вэ?
-Би ч бас ийм л явсан даа, харуусах өдөр ирнэ дээ, хөөрхий гэж өрөвддөг.
-Ер нь та архи сайн ууна биз?
-Сайн уудаг байсан. Одоо больсон.
-Зарим яруу найрагчид шүлэг бичих секс хийхтэй адил ханамж авдаг гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Юун секс! Секстэй харьцуулшгүй онцгой таашаал авдаг шүү дээ. Гэхдээ үүнийг бичих хэрэггүй байх аа. Монголын хүн ам өсөхөө болиод, баахан яруу найрагчид гараад ирвэл ёстой гамшиг болно.
-Танд ямар зан ааштай хүн таалагддаг вэ?
-Бодсоноо хэлдэг, завшаанч биш хүмүүс таалагддаг.
-Одоо үеийн ихэнх залуу хүн чанаргүй болсон юм шиг санагддаг. Нэг юм хийвэл мөнгө л авах янзтай. Өнөө өвгөчүүдийн маань яриад байдаг хүн чанартай хүмүүс хаачсан юм бол. Тэгсэн хэрнээ баян эсвэл нэр хүндтэй хүн харахаараа өмнө нь сөгдчих гээд л...?
-Хүн чанарт насны зааг гэж байхгүй ээ. Новшийн өвгөд ч зөндөө байна, хайр хүрмээр сайхан залуус ч олон байна.
-Та нутаг руугаа хэр их гүйдэг вэ?
-Өнгөрсөн зун очсон. Уржнан зун очсон. Хойтон зун очно. Иймэрхүү статистик байвал хэр их гүйдэгт тооцогдох юм бол.
-Өөрийн улсынхаа зохиолчдын романы талаар яриач?
-Яг үнэндээ сайн роман бичсэн хүн байхгүй. Намайг залуучуудад ингэж хэлэхээр тэд “Аюурзана биеэ тоочихож, тэр юу юм” гэдэг. Муу байгаа юм чинь залуучуудад тэгж хэлэхээс яах вэ дээ. Гэхдээ 1970-1980-аад оны үеийнхийг ярьвал тэс өөр.
-Нобелийн шагнал авч байгаа зохиолчдын бүтээл танд ямар санагддаг вэ?
-Энэ шагналыг 1900 оноос хойш олгодог болсон. Энэ хугацаанд 90 орчим зохиолч шалгарсан байдаг. Яагаад энэ шагналын нэр хүнд өндөр байдаг вэ гэвэл 20 гаруй зохиолч нь л сайн байсных. Бусад нь муу. Тэдгээр 20 гаруй зохиолч сайныг нь хүмүүс мэдсэн болохоор Нобелийн шагнал авч байгаа зохиолчид бүгд сайн бүтээлтэй юм байна гэсэн ойлголттой болдог.
-Та шүлгэндээ засвар хийдэг үү?
-Нэг шүлэг бичлээ гэхэд гурван цаг гурван хоногийн дараа харахад засвар хийлтгүй байвал сайн болсон гэсэн үг. Харин гурван цагийн дараа харсан сайн шүлэг нь гурван хоногийн дараа хүн уншихын аргагүй болсон мэт санагдвал тэр шүлэг биш.
-Та ямар орчинд бичдэг вэ?
-Ямар ч хамаагүй. Сүүлийн үед би үзгээр бичихээр гар чилээд байдаг болсон байна билээ. Notebook-нд бичсээр байгаад муу зан сурсан байх л даа. Зарим хүн муухай цаасан дээр бичихгүй эсвэл гурвалжин хэлбэртэй цаасан дээр бичиж чаддаггүй гэдэг. Миний хувьд Notebook л байвал орон дээрээ хэвтэж байгаад ч хамаагүй бичнэ.
-Жүжгийн зохиолд ямар байр суурьтай явдаг вэ?
-Би нэг жүжгийн зохиол бичсэн ч тайзан дээр тавигдаагүй. Мэргэжлийн хүмүүс нь “Энэ зохиолд найруулагч олдохгүй юм байна” гэсэн. Түүнээс хойш жүжгийн зохиол нэг их бичихгүй байгаа. Яг үнэндээ манай улсын жүжгийн зохиолын чанар нойл заачихсан юм билээ.
-Та өөрийгөө цаашид хэн гэж дуудуулахыг хүсч байна вэ. Орчуулагч уу эсвэл яруу найрагч, зохиолчийн аль нэгээр нь үү?
-“Сэтгэл рүү шагайгч түүнд” номонд орсон шүлгэндээ би хайртай. “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд” зэрэг номоо харвал өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлж болмоор ч юм шиг. Гэхдээ яруу найрагч гэж хэлүүлэхээр эвгүй байдаг юм. Наад зах нь хэнээтэй, хашгирч шүлгээ уншсан сонин нөхөр санаанд ордог. Харин зохиолч гэвэл арай намбатай сонсогддог. Тиймээс зохиолч гэж хэлүүлэхдээ дуртай.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 8 )
Хайртай
Хайртай
Хайртай
Монголын бахархал. Би л гарсан бүтээлүүдийг нь унших дуртай. Сэтгэлд дотно санагддаг.
olzii nairagchiin torson odor- 4-14... olziidoo udahgyi boloh torson odriin mend hyrgie ....bodoj sanaj dursaj yabdag shyy andaa ynsie