Авлигын горыг орон нутаг эдэлдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Авлига хаана төрдөг вэ

Орон нутгийн сонгууль болоход 20 хүрэхгүй хоног үлдлээ. Сүүлийн найман жил нийгмийн хамгийн том өвчин шударга ёс устаж, авлига болж хувирсан. Том улстөрчид энэ бүхэнтэй эвлэршгүй дайн зарлахаа амласаар хэдэн жилийн нуур үзлээ. Хэний ч нүдэнд авлига буурсан дүр зураг харагдсангүй. Шударга ёсыг сэргээх Ерөнхийлөгчийн оролдлого хад мөргөж байна. Эндээс авлига анхдагч уу, шударга ёс анхдагч уу гэсэн асуулт гарна. Ихэнх иргэд шударга ёс байсан бол авлига үүсэхгүй гэж үздэг гэнэ. Харин эдийн засагчид авлига шударга ёсыг устгасан гэж үзэж байна. Буурай орнуудад, ялангуяа хуучин социалист хочтой бай­сан орнуудад хууль ёсыг уландаа гишгэх хэмжээний мөнгө байхгүй байсан гэдэг. Тиймээс тогтсон хууль ёс ямар нэгэн хэмжээгээр мөрдөгдөж байсан гэдэг. Тэгвэл өнөөдрийн авлигаараа тэргүүлж байгаа орнууд нөгөө л соц байсан орнууд. Эдгээр орнууд хаанаас хууль ёсыг уландаа гишгэх мөнгө олсон бэ гэсэн асуулт гарна. Тэдгээр орнуудад социализм нуран унаснаас хойш үйлдвэрлэл, үйлчилгээ зогссон. Нийт үйлдвэрлэлийн 30-70 хувь нь огт байхгүй болсон тохиолдол бий.

Тухайн үеийн түшмэдүүд хуулийг худалдан авах нь бүү хэл хүүхдийнхээ гэдсэнд хийх талхны мөнгөгүй байсан. Гэтэл нийгэм ядуурах цагаар төр барьж байсан улс төрийн хүчин, хувь улстөрчдийн улмаас дэлхийн хэмжээний тэрбумтнууд төрсөн баримт бий. Баруунд технологийн эринээс өмнө насаараа хөдөлмөрлөж байж сая ногооны бараа харна. Гэхдээ энэ боломж маш цөөхөн хүнд тохионо. Харин Орос, Хятад, Монголд бол төрийн бяцхан түшмэл таван жилийн дараа америк саятнаас дутахгүй мөнгөтэй нь. Өндөр хөгжилтэй орны саятнууд жилд ганц нэгээр нэмэгддэг. Харин манай хоёр хөрш оронд жилд хэдэн зуун саяар саятан төрнө. Монгол төрд шургаж амжвал ганц сонгуулийн хугацаанд тэрбумтан болох боломжтой. Хөгжилтэй оронд өрсөлдөөнд шахагдсан бизнесменүүд сүүлийн үед Монголыг түлхүү сонирхож байгаа тухай мэдээ байна.

Монголд шургах, суурьших нь маш хялбар. 30 ногоон төлөөд нутагт нь ороод ирнэ. Гурав хоног эргүүлээд эхнэр олоод авчихна. Хөдөөгийн түшмэдийн охин Ерөнхий сайдын охиноос илүү үнэд орно. Хөдөөгийн хурган дарга сумынхаа газрыг бүхлээр нь зарахаас эхлээд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн мөнгийг хуу хамах эрхтэй. Гадаад, дотоодын зээл тусламж ихэнх тохиолдолд хөдөө хэрэгжинэ. Хэрэгжилт, хяналтыг нь бас хөдөөгийнхөн тавина. Зээл, тусламжийн мөнгө өгсөн гадныхан ганц нэгийг сорчилж үзээд буцна. Засгийн газартаа гавьяа байгуулснаа илтгэнэ. Дахин тусламж өгөхийг шаардана. Тэр их мөнгө нь авлига болж хувирч байгааг дээр, доргүй мэднэ, Тэглээ гээд тэд цалин болгон авдаг хэдхэн ногооноо үргэлжлүүлэхийн төлөө нүдээ тас анина. Тэгэхээр авлига орон нутагт, төсөв, гадны зээл, тусламж, тендерээр төрдөг болж таарна.

Авлигыг хэн төрүүлдэг вэ
 

Авлигыг зэрэглээтэй зүйрлэх нь бий. Хүн бүр зэрэглээ байдаг гэдэгтэй маргадаггүй. Гэвч хэн ч түүнийг барьж аваад хадгалсан тохиолдол байдаггүй. Түүнтэй адил Монголд авлигын тухай амтай болгон ярьдаг. Харамсалтай нь авлигын хэргээр түшмэдийн тоо өдрийн одноос цөөхөн гэнэ. Хэргийн учир авлига нь төрөхөөсөө эхлээд эх орон, ард түмний төлөө тэмцэгчийн дүрд тоглоно. Авлигачийг гэсгээх нь цөөнгүй хүнд эх орончийг гэсгээх, хэлмэгдүүлэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Авлига нийгэмд газар авах нэг үндэс нь авилгач нь олонд танигдсан улс төрч, эсвэл тодорхой албан тушаалтан, улс төрийн намын ивээлд байдаг этгээд байдагт оршино гэнэ. Улс төрийн тогтолцоо нь төлөвшөөгүй орнуудад олонд танигдсан улстөрчид авлигын хэргээс мултрах амархан байдаг аж. Учир нь авлигын хувь хүнд мэдрэгдэх хохирол бага. Хууль хэрэгжих явцад л шударга ёс алдагдсаныг иргэд авлигыг зүхэж эхэлнэ.

Харамсалтай нь тэр цагт авлига биежээд зогсохгүй, жирийн иргэн бүү хэл төрд дийлдэхээ больсон байдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй жирийн сонгогчид авлигыг биежүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй аж. Сонгогчид авлига авсан нь батлагдаагүй ч нэр холбогдсон улстөрчийг сонгохгүй байх нь авлигатай тэмцэх хамгийн сайн арга. Жаахан хэтрүүлсэн арга хэмжээ байж мэдэх боловч, ингэж байж л улстөрчдийг элдэв хэл амнаас хөндийрүүлж чадна. Хэн нэгэн томоохон улстөрчийг авлигын хэрэгт шалгах эрх зүйн үндсийг бүрдүүлэхгүй бол авлигач том байх тусмаа хэрэг хэрэгсэхгүй болох нь буурай орнуудад энгийн үзэгдэл болдог гэнэ. Үнэн хэрэгтээ том улстөрч сэтгүүлчдийг дуудаж байгаад ямар нэгэн зочид буудал, хэвлэх үйлдвэрийг хувьчлаад авчих боломж байхгүй. Дунд, доод шатны албан тушаалтнуудаар л түүний хүсэл хэрэгждэг. Түшмэдүүд хэдийгээр хуулийн бүдэг заалтуудыг ашигладаг. Гэвч ямар нэгэн хэмжээгээр хууль зөрчиж байгаагаа хэнээс ч илүү мэднэ. Тэдний сэтгэхүйд том улстөрчийн хүсэлтийг биелүүлэх нь хууль зөрчихөөс илүү ариун явдал гэсэн бодол байдаг. Улстөрчид эс таалагдвал ажилгүй болж мэднэ. Гэр бүлээ тэжээхэд хүндрэлтэй болно. Хууль зөрчсөн тохиолдолд түшмэдийг ямар нэгэн асуудлаас улстөрч хамгаална. Эндээс харвал авлига биежих хамгийн таатай хөрс нь орон нутаг болж таарч байна. Авлигын амин сүнс нь дунд, доод шатны түшмэдүүд гэдэг нь батлагдана.

Авлига орон нутгаас эхэлдэг
Авлигын том ах нар орон нутгийг хөгжүүлэх гэж оросуудаас далан жил, олон улсыг хорь гаруй жил царайчилсан. Гэвч өнөөг хүртэл монголчуудын санаа нийслэл рүү тэмүүлсээр. Удахгүй нийслэл рүү улам ч олон иргэн нүүнэ. Энэ нь нийслэлийн утаа, хог тэдний таашаалд нийцээд байгаа хэрэг биш. Хөдөө орон нутаг дахь авлига тэднийг утаа, хогноос дор тарчлааж байгаатай холбоотой гэнэ. Нийслэлчүүд шударга ёсыг сэргээхийн төлөө Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр, Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар сонгосон. Харамсалтай нь тэдний авлигатай тэмцэж, шударга ёсыг сэргээх гэсэн оролдлогыг дунд, доод шатны албан тушаалтнууд алхам бүрт нь жадлан эсэргүүцэж байна. Эсэргүүцээд зогсохгүй заналхийлж байна. Энэ ажиллагааны үндсэн бие бүрэлдэхүүн нь орон нутгийн хурган дарга нар. Том ах нарын мөнгийг босгодог эрэг шурагнууд. Авлигын түлхүүр дээр тэдний хурууны хээ тод үлдсэн гэдэг. Хэрэв удахгүй болох сонгуулиар орон нутгийн удирдлага өөрчлөгдвөл томоохон шинэчлэл болно гэж судлаачид ярьж байна. Авлигыг зөвхөн орон нутгийн хурган түшмэдүүд цэцэглүүлдэг гэвэл хэн ч итгэхгүй. Тэдэнд хууль эрх зүйн тогтолцоо томоохон нөөлөг болно.

Нийслэлийн гэр хорооллыг эрчим хүчний яам шийднэ хэмээн 100 жил болсон. Инээдтэй нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Шийдэгдэхгүй гэдгийг сайд ч, Засаг дарга нар ч мэдэж байгаа. Гэхдээ намыг санхүүжүүлэх жанжин шугамаа баримтлан, тендер хэмээх нэрээр их хэмжээний мөнгө гаргана. Түүнийг сайдаас өөр хэн ч хянахгүй. Эцсийн эцэст асуудал шийдэх нь гол нь биш. Намыг сонгуульд ялуулах мөнгө босгох нь чухал. Өнөөг хүртэл орон нутгийн удирдлага энэ зарчмаар л ажиллаж ирсэн. Энэ бүхнийг орон нутгийн удирдлага гэхээс илүү авлигын сүлжээ гэж болно. Орон нутагт удирдлага бус, сүлжээ ажилладаг учраас л гуравхан мянган хүнтэй, 300 мянган малтай сум хөгжөөгүй гэнэ. Яамны босоо удирдлага гэдэг нь ч авлигын сүлжээний нэг төхөөрөмжид тооцогддог аж. Нийслэлийн Баянхошууны эцэст байрлах хэдэн айлыг гэрэлтүүлэхийн тулд Сангийн яамны түшмэлээс эхлээд Эрчим хүчний сайд, "УБЦТС" ХК-ийн удирдлагууд санаа зовж, их хэмжээний мөнгө төсвөөс хусна.

Эцэст нь тэдгээр харанхуй гэрүүд цахилгаантай болох эсэх нь мөнгө хүүлэгчдэд хамаа байхгүй. Хотын захирагчийг зүхсэн хэдэн хөгшид, хүүхэд л үлдэнэ. Эцэст энэ их мөнгө цахилгаан түгээх компанийн хувьцааг атгасан хэдэн сайдыг л баяжуулна. Энэ бүхэн орон нутгаас авлига эхэлдгийг гэрчилнэ. Орон нутгийнхан мөнгө уургалж, эрх баригчид түүнийг нь ууталдгийг харуулна. Энэ бүхнээс салах боломж орон нутагт олдож байна. Эрх баригчдаа өөрчлөх саналаа орон нутгийн сонгуульд өгчихвөл болчихно.

Х.БАТТӨГС 

Эх сурвалж: "Нийслэл таймс"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top