МЭДЭГДЭЛ

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28


Х.Мандахбаяр миний бие 2020 онд аливаа улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй, төрийн албанд ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

ТОСТ, ТОСОН БУМБЫН төлөөх тэмцэл бол эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо хадгалж үлдээх, Монгол Улсад хууль сахиулахын төлөөх хэнээс ч хараат бус, улс төр болон бизнесийн ямар нэгэн зорилго агуулаагүй иргэн хүний бие даасан ухамсарт үйл ажиллагаа юм. Тост, Тосон Бумбын байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалахын төлөө чин зүрхнээсээ, үнэн сэтгэлээсээ тэмцэж байгаа, дэмжиж байгаа иргэн бүрт талархаж буйгаа илэрхийлье. Та бидний тэмцэл дүүрэн ялалтанд хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Харамсалтай нь, сүүлийн үед энэхүү шударга тэмцлийг мохоох, олон нийтийн дэмжлэгийг сааруулах зорилгоор намайг сонгуулийн пи ар хийж байгаа мэтээр ойлгуулах суртал ухуулгыг ил далд хийсээр байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат бөгөөд улстөрийн намын томоохон албан тушаалтан нутгийн иргэд рүү ярьж, ТОСТ, ТОСОН БУМБА үндэсний хэлэлцүүлэгт оролцохгүй байхыг ятгаж, "Х.Мандахбаярын сонгуулийн пи ар шүү" хэмээн гүтгэжээ. Мөн "Та нарын тэмцлийг дэмжье" гээд их хэмжээний мөнгө нэхсэн этгээд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, бидний тэмцлийг харлуулах, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл хийжээ. Холбогдох хүмүүс энэхүү хууль бус, бусармаг үйлдлээ зогсоохгүй бол тодорхой баримттайгаар олон нийтэд ил тод мэдэгдэнэ гэдгийг хатуу сануулж байна.

Мөн Тост, Тосон бумбыг хамгаалахын төлөөх тэмцлийг голлон зохион байгуулж буй нутгийн иргэд 2020 онд ямар нэгэн улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй, улс төрийн нам болон төрийн албанд орж ажиллахгүй байхыг уриалж байна. Цаашид байгаль хамгаалах нэрийн дор улс төрийн үйл ажиллагаа явуулахыг бид хатуу эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэж байна. Гэхдээ энэхүү шударга тэмцлийг дэмжих нь улс төрийн бөгөөд төрийн албанд ажиллаж байгаа тодорхой албан тушаалтай хүмүүст харшлахгүй гэдгийг бид гүнээ ухамсарлаж байна.

Хувь хүнийхээ зүгээс эх орон, газар нутаг, онгон дагшин байгалиа хамгаалах шударга ёсны тэмцлээ ялалтанд хүрэх хүртэл зогсоохгүй гэдгийг аав ээж, уул усныхаа нэрийг барин андгайлж байна.

Тост, Тосон бумбыг бүтэн авч үлдэх тэмцэл бол нэг уурхай хаах төдий зүйл биш бөгөөд Монгол Улсад хуулийн засаглал бэхжих, шударга ёсыг сахиулах, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хариуцлагатай болгох, хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдагдахгүй байх, сэтгүүлзүйн хараат бус байдлыг дээшлүүлэх, сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг өргөхөд онцгой ач холбогдол бүхий ЖИШИГ тогтоох өргөн далайцтай үйл ажиллагаа гэдгийг ухамсарлан ойлгоцгооё.

Бид цаашид Тост, Тосон бумбыг хамгаалсан жишгээр Монгол улсын хэмжээнд хариуцлагагүй, хууль бус уурхайнуудыг зогсоохын төлөө тэмцэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх бөгөөд байгаль хамгаалах зорилготой аливаа шударга тэмцлийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэж байна.

ТОСТ, ТОСОН БУМБЫГ хамгаалахын төлөө шударга ёсны тэмцэлд иргэн бүр нэгдэхийг уриалъя!

Өмнөговь аймгийн уугуул иргэн, сэтгүүлч Хархүүгийн Мандахбаяр

2019.07.28

Top