КАННАМ дүүрэг эрүүл мэндийн аялал жуулчлалыг ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Сөүл хотын Каннам дүүргийн нэрийн хуудас болсон “Каннам фестиваль-2019” есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 5-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөлөө. Жил бүрийн аравдугаар сарын эхээр болдог энэхүү фестивальд энэ жилээс эхлэн эмчилгээний аялал жуулчлалын төрөл нэмснээрээ онцлог болохыг зохион байгуулагчид хэлж байлаа.

Каннам дүүргийн зүгээс эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд өмнө нь бэхжүүлээд байсан Хятад, Орос зэрэг оронтой хөгжүүлсэн харилцаандаа тулгуурлан Монгол, Индонез зэрэг орнуудад анхаарах болсон байна. Уг бодлогын хүрээнд Каннам дүүргийн аялал жуулчлалын “Медикал тур” соёл урлагийн төвөөс Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч “Ebookers Korea” компаниар дамжуулан Монголын эрүүл мэндийн салбарын төлөөллийг урьж, фестивалиа танилцуулсан юм.

“Каннам фестиваль-2019”-ийг зорьсон Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвжав, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн амбулаторийн тасгийн эрхлэгч Ц.Цэвэгмэд, “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцах менежер Д.Оюунчимэг, “Баясгалантай дэлхий” эмнэлгийн захирал Ш.Оюунгэрэл, “Омбол” эмнэлгийн захирал Б.Мөнхдэлгэр, эрүүл мэндийн аялал жуулчлалын “Чаён Тур” компанийн захирал Б.Байгаль нарын хүмүүс багтсан. Монголын төлөөлөгчид Каннам дүүрэгт байрлах дээд зэрэглэлийн эмнэлгүүд болох “Самсунг”, “Медирекс”, “Чондам Уракил”, “Каннам Ча”, “Часэнг”, Сөүл Их Сургуулийн эмнэлгийн Каннам дүүрэг дэх салбар зэрэг хавдар, үе мөч, оношилгоо, эмчилгээ, арьс гоо сайхан, ардын уламжлалт зэрэг Солонгост төдийгүй дэлхийд тэргүүлэгч шилдэг эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

“Каннам фестиваль” нь Солонгосыг хөгжлөөрөө тэргүүлэгч 570 мянган оршин суугчтай Каннам дүүргийн  нэрийн хуудас бөгөөд өнгөрөгч 2018 оны фестивалийн үр дүнд 95237 гадаадын иргэн Каннам дүүргийн эмнэлгүүдээр үйлчлүүлсэн мэдээлэл байна.

“Zindaa.mn” сайт эрүүл мэндийн аялал жуулчлалын шинэ чиглэл Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдээс бэлтгэсэн сурвалжилгаа эргэн хүргэх болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(210.97.12.129) 2019 оны 10 сарын 11

Амжилт хүсье

0  |  0
Top