Ж.Ганбаатар: “АЗАНД БИШ ХӨДӨЛМӨРТ ИТГЭ” гэдэг үг сайхан санагддаг

2020 оны 04 сарын 06

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.

УИХ-ын “поп” гэгдэх гишүүд олон түмний дэмжлэг авч байгаа харагддаг. Нэг гайгүй санал чуулган дээр хэлмэгцээ гараад хэвлэлийн бага хурал хийдэг ч юм уу. Та тэгж “поп”-рох юм сан гэж бодож байв уу?

-Та намайг “поп” дотор оруулж асууж байна уу?

Үгүй, оруулаагүй. Гэхдээ танд тийм бодол төрж байв уу?

-Би “поп”-ууд яаж дуугардгийг мэдэхгүй. Би ер нь өөрийнхөө мэддэггүй сэдвээр сүржин үгс хэлдэггүй. Миний амьдралын замнал үүнээс ондоо. Гэхдээ нэг ангид хамт суучихаад нэгийгээ элдвээр хэлэхэд хэцүү юм байна. Би хоёр үгийг байнга хэлэх дуртай. “Шаргуу мөртлөө сайн хөдөлмөрлө. Хийсэн ажил чинь таны өмнөөс ярина” гэдэг үгийг хүмүүс мэдэх байх. Энэ үг одоогийн залууст илүү хамааралтай. Би 2016 онд Зөрчлийн хуулиар зөндөө олон зүйл сануулсан. Тухайн үед яагаад чуулганы танхимаас гараад хэвлэлийн бага хурал хийгээгүй вэ гэвэл тэгэх нь зөв байсан гэдгийг өнөөдөр амьдрал харуулж байгаа юм. Бас “Хэн нэгэнд биш өөртөө итгэ” гэж хэлэх дуртай. Түүнээс гадна “Азанд биш хөдөлмөрт итгэ” гэдэг үг сайхан санагддаг. Надад аз таараасай, намайг хэн нэг нь авраасай гэсэн бодолтой биш, хөдөлмөрөөрөө амжилтыг бүтээх хэрэгтэй. Би том даргын хамаатан, тэр хүн намайг дарга болгоод өгчихөөсэй гэж бодож сууж болохгүй. Мэдээж хүнд итгэж болохгүй гэсэн үг биш. Гагцхүү өөрийнхөө хөдөлмөрт итгэ гэж байгаа юм. Шургуу хөдөлмөрийн үр дүнг хувь заяа заавал шагнах болно. Дэлхийн түүх үүнийг гэрчилдэг. Жамаараа юм засарна гэдэг нь хөдөлмөрч хүнд хамаардаг. Муу зүйл хийгээд байвал жамаараа муу үйлийн үр ирнэ. Харин шударга хөдөлмөрлөсөн бол шагнал ирэх болно гэдэгт итгэлтэй бай гэсэн үг.

УИХ-ын зарим гишүүн ЖДҮ-чин гэдэг хочтой боллоо. Бас мэдээлэлд ойр гэдэг утгаараа тендер авдаг байх талтай гэж харддаг. Та үүнд яаж ханддаг вэ?

-2016 онд сонгуульд оролцоод явж байхдаа намайг бизнесийн гэдэг утгаараа тендер битгий аваарай гэж сонгогчид маань захидаг байсан. “Та бизнесийн хүн учраас тендерээс хол байгаарай, концесс, оффшороос хол яваарай” гэж захидаг байсан. Манай Баянгол дүүргийнхэн чинь сонгуулийн ихээхэн туршлагатай. Энд тэндхийн жижиг уулзалтууд дээр надад шинэ гишүүний хувьд “бичиж ав” гэж байгаад л захиа даалгавар өгнө. “За чи босоод амла. Өөрийнхөө компанийг дэмжүүлээд, төрийн мөнгөнд хуруу дүрээд, тендер, концесст ороод байх вий” гэхэд нь би “УБ палас”-т 3500 ахмадын өмнө амлаж байлаа. Энэ амлалтдаа үнэнч байхын тулд дөрвөн жил хичээж ажиллалаа. Надад болон манай компанийн хувьд тендер, концесс аваад байх шаардлага байхгүй. Бидний өмнө өдөржин, шөнөжин ажиллаад ч дийлдэхгүй их ажил байна. Нэмж ажил авах цаг зав ч байхгүй. Үнэндээ би өөрийгөө баатар болгоод яриад байх шаардлагагүй гэж бодож байна. Монголд над шиг залуучууд зөндөө байгаа. Шинэ үе төрөн гарч ирж байна. Төрд ажиллаж байгаа хүн заавал төрийн худалдан авах ажиллагаатай холбогддог байх албагүй. Эсвэл өөрийнхөө гэр бүлийн хүнийг улсын үйлдвэрийн дарга болгодог, гадаад руу Элчин сайдаар явуулдаг үе түүх болон үлдэнэ. Бусад улсууд ингэж амьдраад болоод байна. Бид ч мөн орчин үеийн жишгээр явах болно. Жишээлбэл, надад төртэй холбогдоод байдаг бизнес байхгүй. Төрийн тусгай зөвшөөрөлтэй нэг ч бизнес байхгүй. Тиймээс төрийн албаныхныг дулдуйдаад байх шаардлага байдаггүй. Тэр утгаараа Баянгол дүүргийн иргэдийнхээ өмнө өгсөн амлалтаа сайн биелүүлж байгаа гэж бодож байна. Нийт Баянгол дүүргийнхэн маань харж байгаа байх.

Зарим УИХ-ын гишүүн тендер, концесст холбогдсон байдаг. “Эд нар аваад байхад би авч болдоггүй юм уу” гэж бодогдож байв уу?

-Мэдээлэлд ойр байсан нь үнэн. Би Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны даргаар ажилласан. Бүх зүйлийг мэдэж байсан. Гэхдээ бусад хүмүүсээ муулаад байх эвгүй. “Би ёс суртахуунтай. Бусад нь тэнэг мангар” гэж хэлэх нь зохисгүй. Гэхдээ ямар ч байсан ийм зүйлтэй холбогдож болохгүй гэдгийг би ойлгодог.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригч МАН хуваагдаж, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа огцруулж үзлээ. УИХ тарах хэмжээнд ч хүрч байв. Энэ үед та ямар байр суурь баримталж байсан бэ?

-Өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдэг талд нь 100 хувь зогссон. Би манлайлагч биш ч өөрчлөлт шинэчлэлийг дэмжсэн. Цаг нь ирсэн байсан. МАНАН гэдэг байдлаар улс орны хөгжлийг боомилсон нам дамжсан бүлэглэл байсан уу гэвэл байсан. Үүнийг таслан зогсоох ёстой байсан. Би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх ажил зөв зүйтэй гэж үзсэн. 2016 онд Монгол Улсын нийт иргэд МАН-д хариуцлагын тогтолцоог сайжруулаарай, нам дамнасан бүлэглэлийн булхай луйврыг зогсоогоорой гэсэн. Энэ ажил эхлээд үр дүнгээ өгч эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ хариуцлагыг зохих хэмжээнд тооцож чадахгүй байгаа. Шинэ Засгийн газар тогтсоноос хойш хариуцлагын тогтолцоог сайжруулах тал дээр би байнга дуугарч ирсэн. Үүнийг чуулганы хуралдааны үеэр хэлсэн миний үг гэрчилнэ. Би яг энэ байр суурин дээрээ байгаа.

Намын бүлэг дотроо хагарч хуваагдаж байх үед танд юу бодогдож байв?

-Тухайн үед УИХ-ын гишүүд нэгнийхээ булхай луйврыг яриад, УИХын гишүүд рүү нийгэм тэр чигээрээ дайраад, сүүлдээ УИХ-ын гишүүд иргэдтэй уулзах нүүргүй болтлоо бие биеэ элдвээр хэлсэн. Миний хувьд шударга тал нь хурдан ялах ёстой л гэж бодсон. Би яг энэ үгийг бүлгийн хурал дээр хэлэхэд бас олон хүн “Би шударга биш юм уу, бид шударга биш юм уу” гээд дайрч байсан. Би заримд нь загнуулаад, заримд нь элэг доог болоод л сууж байсан. Ер нь иймэрхүү үгс сонсож сурч байна. Би бизнес хийдэг байхдаа загнуулж үзээгүй. Одоо бол хүмүүсээс хатуу хөтүү үг, булхайтай зүйлс, гүтгэлгийн үгс шидэхэд биеэ яаж авч гарах вэ гэдгийг ч суралцаж байна. Үнэн гэдгээ мэдэж байгаа ч чимээгүй байна гэдэг том тэвчээр байдаг. Би өөрийнхөө зөв гэдгийг мэдэж байгаа мөртлөө чимээгүй байсан. Тийм гишүүд ч олон байдаг юм билээ. Хажуугаас нь хараад өрөвдөж байлаа.

Чимээгүй өнгөрөөснөөр дутагдал даамжирч, нийгэмд буруугаар ойлгогдоод өнгөрөх юм биш үү?

-Зарим зүйлийг нийгэмд хэлэх нь буруу байдаг юм билээ. Цаг нь болоогүй бол хэлсэн зүйл мушгигдаад явчихдаг. Тиймээс зарим газарт үгээ олж хэлэхгүй бол болохгүй. Улстөрч гэдэг нь цаг үеийнхээ байдлыг харж байж эмоцио гаргадаг байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Зөрчлийн тухай хуулийн үеэр би олон дуугарсан. Тухайн үед над руу олон хүн дайрсан. Би санал гаргаад Эрүүгийн хуульд татварын асуудлаар шоронд хорихыг нь болиулчихсан юм. Бусад улсад өндөр хэмжээгээр торгодог. Хорьдог байснаар шүүх, цагдаагийн авлига л цэцэглэдэг. “Самсунг”-ийн утас хэдэн удаа дэлбэрсэн шүү дээ. Тэгэхэд торгууль тавьснаас биш “Самсунг”-ийн захирлыг хориогүй. Бизнесийнхээ зарчмаар хувьцаа нь унасан. Монголд бол шоронд хийх нь л дээ. Эцэст нь хэн хожих вэ. Хэн ч хожихгүй. Тэр хүн ямар нэгэн байдлаар ажиллаж алдаагаа засах ёстой болохоос үйлдвэрийг нь хаах шаардлагагүй. Мэдээж давтаж үйлдсэн тохиолдолд нийгмээс тусгаарлаж болно. Би багадаа үлгэр их уншдаг байлаа. Үлгэрт айхтар харгис хаан иргэдээсээ татвар авсаар байгаад улс нь сүйрдэг. Надад энэ үлгэр л санаанд ордог. Заримдаа чуулган дээр “Та нар харгис хаанаас илүү ард түмнээ шулж байна шүү” гэж хэлдэг. Хувийн хэвшлийнхнийг хамгийн их дарамталсан төрийн байгууллагуудын ажилтан хамгийн шилдэг ажилтан гэж өргөмжлөгдөж байна. Үүнийгээ буруу гэж ерөөсөө ойлгохгүй байна. Тийм нийгмийг бий болгочихсон. Хэрэв шалгасан байгууллагаасаа алдаа олоогүй бол тийм ажилтнаа хахууль авсан байна гэж хардаж байх жишээтэй.

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын

2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн байна (59.153.113.191) 2020 оны 04 сарын 12

Энэ их чамбай залуу шүү.

0  |  0
Нямандэлэг(202.9.40.44) 2020 оны 04 сарын 08

Тэр үед жду-чдийг зогсоох бодит боломж байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Харин өөрөө аваагүй гэдэг бол шудрага зарчимч чанарыг илтгэж байна. Би энэ залууг Монгол улсыг аваад явчих цөөхөн хэдэн чадварлаг шудрага сэхээтний нэг гэж боддог юм аа. Цаашид чадах чинээгээрээ дэмжиж ажиллахад бэлэн байна\n\n

0  |  0
дорж(192.82.77.145) 2020 оны 04 сарын 07

ждү гээс хүмүүс буюу хамт ажилладаг уих ын гишүүн тухайлбал ундармаа их хэмжээгээр мөнгө авахад нь шаардлага тавьж зогсоохгүй яасан юм бэ. бөөн бөөнөөрөө авч байхад нь болиулж зогсоох байсан юм даа. тэд нар ард түмнийхээ итгэл найдварыг уландаа гишгэж увайгүй амиа бодсон ховдог шунахай үйлдлийг харсаар байж зогсоогоогүйд чинь дургүй хүрч байна

0  |  0
Иргэн(202.9.46.207) 2020 оны 04 сарын 07

Тун дажгүй чамбай залуугийн амнаас гарах үг байна. Амжилт хүсьё

0  |  0
Уулын өвгөн (66.181.161.13) 2020 оны 04 сарын 12

Ухаалаг сайхан ярилцлага байна. Ийм шулуун яриатай хүн одоо ховордож дээ. Амжилт хүсье үйлс бүтэмж төгс байх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье баярлалаа

1  |  0
Сайхан новш(202.126.89.127) 2020 оны 04 сарын 12

Энэ багын хогийн гар байсан гэсэн. Одоо явалддаг хэдэн хүүхнүүдээ энд тэндхийн цэцэрлэгийн эрхлэгч болгоод амжсан

1  |  2
Hun(64.119.25.78) 2020 оны 04 сарын 07

Hogiin novsh

1  |  1
Top