Н.Байгалмаа: “Gobi challenge” төсөл Монголын гадаад орчин дахь томоохон сурталчилгаа болно

М.Хангал | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоу цуврал нэвтрүүлгийн анхны дугаар ирэх бямба гарагт буюу нэгдүгээр сарын 9-нд “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно. “Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн  талаар “Тэмээн жинчин” сангийн тэргүүн Н.Байгалмаатай ярилцлаа.


-“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоу үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ шоу юуг өгүүлэх вэ?

-“Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сан хамтран Монголд анх удаа нийгмийн салбар бүрийн төлөөллийг оролцуулан өвлийн жавар хайрч эхэлсэн цаг хугацаанд “Gobi challenge-2020” тэмээн аяллын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Монголчууд бид нүүдэлчдийн үр сад. Гэтэл өнөөдөр ахуй амьдралдаа малыг гаршуулан хэрэглэдэг нүүдэлчдийн ухааныг мартаж байна. Тэмээ унахыг тамлалт гэж хардаг хүн олон болж. Бүр таван хошуу малыг мэддэггүй залуучуудтай таарч байна. Тиймээс бид уламжлалт мал аж ахуй, нүүдэлчдийн ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх үүднээс “Gobi challenge” төслийг хэрэгжүүлсэн. Монголыг монгол байлгаж ирсэн зүйл нь нүүдэлчдийн ахуй соёл юм. Дээрээс нь малыг ахуй амьдралдаа зөв хэрэглэнэ гэдэг бол монгол ухаан. Асар суу ухаан юм шүү.

Энэ шоунаас мөн хүн гэдэг амьтан сэтгэлзүйн хувьд ямар сонирхолтой судлагдахуун болохыг харж болно. Байгаль ертөнц хүний дотоод дуу хоолойг сэрээж өгдөг. Тэр утгаараа говьд хээр байрлан 650 км тэмээгээр аялахад хүний мөн чанар танигдана. Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол орчин цагийн хүмүүс нийтээрээ сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон шиг санагдах болсон. Надад ч энэ эмгэг анзаарагддаг. Би заримдаа бухимдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, бусдад бурууг өгөх гэдэг. Жижигхэн асуудлыг том хэмжээнд дэврүүлдэг. Мэдээж телевизийн шоу гэдэг утгаараа “Gobi challenge-2020” олон өдрийн эксрим аялалд хүн оролцсон болохоор харилцааны олон асуудал аяллын шугам дээр гарна. Магадгүй гуравдагч хүний нүдэнд сүртэй асуудал биш боловч тухайн хоёр хувьд хүнд асуудал байж болох шүү дээ. Аяллын нөхцөл байдал хүний унаган араншинг хурцалдаг. Харин дүгнэлтийг үзэгчид хийх цаг тун ойртож байна. 

-Н.Байгалмаа гэдэг нэр “тэмээчин бүсгүй” гэх тодотгол дагуулдаг. Тэр утгаараа тэмээн аялал зохион байгуулсан уу?

-Хүн хажуудаа ямар үнэтэй зүйл оршиж байгааг мэддэггүй. Монголын говь марс гарагтай хөрсний бүтэц, байгалийн тогтоц гээд олон зүйлээрээ адил төстэй. Энэ утгаараа удахгүй Монголын говь дэлхийн марс болно. Марстай төстэй шинж чанараараа Монголын говь шинжлэх ухаан, одон орон судлалын төв болно. Бас тэмээний өлгий нутаг учраас Монголын говь дэлхийн аялал жуулчлалын гол бүс нутаг болно. Үнэндээ говь бидний олж харж байгаагүй үнэт эрдэнэ байсан. Тэр бүхнийг дэлхий дахинд харуулахыг зорьж “Gobi challenge-2020” тэмээн аяллыг зохион байгуулсан юм. Аяллын хүрээнд Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 650 км аялсан. 

-Та өмнө нь олон аялал зохион байгуулж байсан. Чухам яагаад “Эрхэт Монгол” медиа групптэй хамтран аялал зохион байгуулах болсон юм бэ?

-“Хүн хурдан явъя гэвэл ганцаар, хол явъя гэвэл багаар яв” гэдэг. Би өнөөдрийг хүртэл буюу долоон улсаар хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн аялалдаа ганцаараа явдаг байсан. Санаа нийлсэн баг байхгүй учраас маш олон бэрхшээлтэй тулгарч байлаа. Олон ч удаа бүтэлгүйтсэн. “Gobi challenge 2020” аяллыг зохион байгуулахынхаа өмнө “Монгол давлагаа” төсөл хэрэгжүүлсэн ч санхүүгийн болон багийн хүч дутмаг учраас амжилтгүй болсон. Дээрээс нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ч биеллээ олж байсан төсөл ховор байв. Энэ бүхнээс би гар нийлсэн сайн багийн хүч хэчнээн хэрэгтэй болохыг ойлгосон. Тиймээс “Эрхэт Монгол” медиа групптэй хамтарч ажилласан. “Эрхэт Монгол” медиа группийн ерөнхий захирал Х.Мандахбаяр ахыг би сэтгүүлзүйн салбар болон контентийн салбарт олон жил манлайлж ажиллаж байгааг мэднэ. Энэ хүнтэй танилцсан цагаасаа эхлэн үнэнхүү ажил хэрэгч болохыг нь мэдэрсэн. Өчигдөр өгсөн амлалт нь өнөөдөр үр дүнгээ өгдөг нь итгэл үнэмшил төрүүлсэн юм. Би энэ хүнийг дайчин гэж хардаг. Аливаа юмны шийдэл, гаргалгаа сайн олдог. Хэлсэндээ эзэн байдаг. Хийх гэж байгаа зүйлээ зөв гэж харж чадсан бол гайхалтай үр дүнд хүргэж чаддаг алсын хараатай хүн болохыг би “Gobi challenge” төслийг хамтран зохион байгуулахдаа олж харлаа. Бидний хамтын ажиллагааны үр дүнд нь “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал амжилттай хэрэгжсэн.

-“Gobi challenge” тэмээн аялал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Цаашид төслөө олон улсын хэмжээнд зохион байгуулна. Бид дэлхий нийтэд монгол өв соёлоороо, өвөрмөц байгалиараа гайхагдах учиртай. Бидний бүтээсэн “Gobi challenge-2020” аялал, контент нь Монголын аялал жуулчлалын урсгалд ихээхэн боломж нээнэ гэж итгэж байгаа. Миний мэдэхийн сүүлийн 20-иод жил Монголын өвлийн аялал  жуулчлалын тухай дорвитой хийсэн зүйл байхгүй. Харин бидний хэрэгжүүлсэн төсөл Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой ба бидэнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн бааз суурь нь бэлэн байгааг ойлгуулсан гэж бодож байна. Гол нь бид бэлтгэл ажлыг сайн хийж чадвал гаднын аялагчид дуртай хамрагдах болно. Уул уурхайгаа ухахгүйгээр байгальтайгаа зөв зохистойгоор харьцаж болох шилдэг гаргалгааг “Gobi challenge” төслөөрөө танилцуулсан гэж бодож байна.

-“Gobi challenge-2020” төсөл говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Зорилгоо биелүүлж чадсан уу?

-Энэ бол “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын багийн бүх гишүүдийн зорилго байсан. Ер нь нийт монголчуудын хүсдэг зүйл шүү дээ. Манай баг зорилгодоо амжилттай хүрсэн гэж хэлэх байна. Үр дүн нь бидний зохион байгуулсан аяллууд Монголын өвлийн аялал жуучлалд үзүүлэх нөлөөллөөс шалтгаалан яригдах байх.

-Та тэмээг, тэмээн аяллыг мэднэ. “Gobi challenge-2020” төслөөр дамжуулан олон нийтэд хүргэх санаагаа хэр гүйцэтгэсэн гэж үзэж байна вэ?

-Энэ удаагийн аялал миний хувийн хийдэг аяллаас өөр байсан. Маш олон том бүрэлдэхүүнтэй баг ажилласан болохоор баг хоорондын уялдааг хангаж ажиллах учиртай болсон. Би хэзээ ч 100 хувь сайн байна гэж байхгүй. Тэр утгаараа би өөртөө чамлалттай байгаа. Гэхдээ би байж болох хамгийн сайн хувилбараараа ажилласан. Алдаа дутагдал ч гарсан. Магадгүй хүмүүст тавьсан ажлын шаардлага маань хатуудсан байхыг үгүйсгэхгүй. “Gobi challenge-2020” шоу нэвтрүүлгийн зарим дугаарт би бухимдчихсан ташуур эргүүлээд зогсож байгаа /инээв/. Яагаад гэвэл би аяллын бүх бэрх шалгуурыг туулсан. Миний хувьд хүнд санагдахгүй байгаа асуудал багийн маань гишүүдийн хувьд ачаалалтай, бэрхшээлтэй санагдаад байсан. Энэ болгонд тухайн хамтрагчаа доожоогүй, сэтгэлийн тэнхээгүй гэж шүүмжлэн түрэмгий хандсан тал бий.

-Байгаль, хүн, тэмээ хоорондын харьцаа хүний дотоод мөн чанарт хэрхэн нөлөөлдөг нь сонин байна?

-Даяаршлын нийгэмд  монгол хүн ямар эмзэг, ахуй соёлоосоо хэчнээн холдсон болохыг тэмээн аялал бидэнд сануулж байна. Ер нь даяаршлын нийгэм гэдэг нь үндэстний онцлог шинжийг устгадаг том дайн гэж үзэж болно. Бүх талбараар бидний нүүдэлчин соёл руу дайрч байна. Монголчууд бидний далд ухамсарт байдаг үндэсний хэв шинжийг үгүй хийгээд байхаар монголчууд унтаа байдалд шилжиж байна. Харин унтаа байдалд байгаа хүмүүсийн дотоод мөн чанарыг сэрээх нэгэн арга нь тэмээн аялал. Монгол хүний уг чанарыг ойлгуулах гэж, нийт олны сэтгэл санааг өргөх гэж хийсэн аялал юм. “Gobi challenge-2020” аялал маань реалити шоу хэлбэрээр үзэгчдэд хүрэх учраас хүний сэтгэлийн олон талын зөрчилдөөнийг харуулах болно.

-Та бид хоёрын ярилцлага анхнаасаа монгол хүний онцлогийн талаар өрнөсөн. Тэгэхээр “Gobi challenge-2020” реалити шоу зөвхөн тэмээний талаар биш байнх нь.

-Монгол хүн бүр энэ шоуг заавал үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд үзсэнийхээ дараа нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Заавал тэмээ унаад Монголоороо аялж байгаа бидний нөхдийг магтан дуулах албагүй л дээ. Харин өөрийнхөө яах гэж амьдарч байгаагаа ухамсарлаж, үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байна. Та нэг удаа л амьдарч байгаа. Дахиж таны амьдран буй энэ цаг үе тохиохгүй. Тэгэхээр амьдралаа хэчнээн үнэ цэнтэй болохыг ухамсарлаж, хувь тавилангаа үнэтэй болгож хувиргах учиртай. Ямар нэгэн байдлаар нийгэм болоод эргэн тойрныхоо хүмүүст зөв нөлөөлөлтэй амьдрахыг гуймаар байна. Би уулзсан хүн болгондоо энэ тухай л хэлэхийг хичээдэг.

-Удахгүй хүн төрөлхтөн цар тахлыг ялна. Тэр цагт Та Лондон хүрэх тэмээн аяллаа үргэлжлүүлэх үү?

-Ажил хийвэл дуустал хийх ёстой. Надад санаснаа гүйцээх хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа. Тиймээс аяллаа амжилттай дуусгахыг тэсэн ядан хүлээж байна. Мэдээж цар тахал мөнх үргэлжлэхгүй. Хүн төрөлхтөн шийдлийг заавал олно. Тэр цагт байж болох бүх сайн хувилбараар зорьсноо биелүүлэх болно. Сайн цаг ирээсэй хэмээн уухайлан, хурайлан, залбиран сууж байна.

-“Наран ургах дорно зүгээс тэмээчин бүсгүй монгол өв соёлыг тээн Лондонг чиглэн явна” гэх уянгын тодорхойлолтууд уншиж байсан юм байна. Та чухам юунд зорьж яваа юм бэ?

-Монгол өв соёлоо сурталчлах асар том үүргийг өөртөө үүрээд явдаг нь худлаа биш шүү дээ /инээв/. Ер нь харь улсад тэмээ унаад явж байхад намайг “Н.Байгалмаа, тэмээчин бүсгүй” гэж ярихгүй. Харин Монгол хүн гэж ярина. “Монгол гэдэг улсын бүсгүй нь ийм жавхаатай байхад ард нь байгаа эрчүүд нь ямар хүчирхэг хүмүүс байдаг бол” гэсэн бодлыг тэр хүмүүс аваад үлддэг гэдэгт би итгэдэг. Тиймээс ч гаднын ихэнх хүн надтай уулга алдаж, гайхаж, биширч уулздаг. Би “Жижигхэн биетэй шавилхан бүсгүй нь ийм эрэмгий байхад өвөг дээдэс нь болох нүүдэлчин монголчууд дэлхийн талыг эзэлж байсан нь гарцаагүй үнэн юм байна” гэдэг ойлголтыг дархалж яваа юм. Нөгөөтээгүүр Дорно, Өрнийг холбосон түүхийн болоод соёлын асар том өгөөжийг өгсөн Торгоны зам бол нүүдэлчдийн бүтээсэн зүйл. Торгоны замд яалт ч үгүй монгол угсаатны оролцоо өндөр байсан гэдгийг харуулах нь миний зорилго. Энэ ойлголтыг дэлхий дахинд сануулахыг, тамгалахыг хүсэж байна. Өнөөдрийн хувьд Торгоны замыг эдийн засгийн чадамжаараа далайлган нэгэн улс эзэмшээд “Нэг зам, нэг бүс” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь даамжирсаар Монголын гэх тодотголтой бүхнийг өөртөө агуулах оролдлого болж байна. Цаашлаад энтертэйнмент арга хэлбэрүүдээр дамжуулан Монголын түүхийг гуйвуулах замаар хүн төрөлхтний тархийг угаах боллоо. Энэ гажуудлын эсрэг би тэмээгээ унаад явж байгаа юм. Үүнийгээ би монгол хүн болж төрсний үүрэг гэж ойлгодог. Үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа гэж боддог.

-“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын талаар дэлгэрэнгүй танилцуулсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Дахин тодотгож хэлэхэд, миний зорьсон үйлийг дэмжиж, хэцүү цаг үед том хамт олноо дайчлан ажилласан “Эрхэт Монгол” медиа групп, захирал Х.Мандахбаярт баярлалаа. Бас бидний аяллын нэг хэсэг болж оролцсон бүх хүнд талархсанаа илэрхийлье. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн “Gobi challenge-2020” үндэсний контент нь дэлхийн контентийн зах зээлд түгнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл би аялал жуулчлалын харилцаа холбоондоо тулгуурлан харилцагчиддаа “Gobi challenge-2020” төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэгсэн бидний аялалд нэгдэх сонирхолтой хүн олон байна. Тэгэхээр ирэх жил нэг биш хэд хэдэн газар “Gobi challenge” олон өдрийн тэмээн аялал өрнөж магадгүй байна. Нэвтрүүлэг цацагдаагүй байхад хүлээлт өндөр байгаа юм. Тэгэхээр “Gobi challenge” төсөл Монголын гадаад орчин дахь томоохон сурталчилгаа болно гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.185.187) 2021 оны 01 сарын 11

Mundaga emegteid amjilt

0  |  0
gereltsetseg(66.181.161.79) 2021 оны 01 сарын 11

ene muulaad bga humuus ene hund yu ugch giiguulcheed ingej muulaad bgan be ta nariin chadahguig chadaad hiigeed bna.! ta nar ter huitend daarch haluund halaad yvaj chadahguishde.! chdahgui baij bitgiy olon yum yrij bai nehh olon yum ugchihsunch yum shig dandaa chadaj hiij buteej yvaa negniigee harluulah yum.!

1  |  1
zochin(98.206.15.23) 2021 оны 01 сарын 11

eldev tusul, ayalal gej nerd gar h ,mungu saah gesen humuus haa saigui.Delhii toifno gej baahan amitan zovoogoid butsen ch yum baihgui.Javhlangiin hamag mkngol tusul shig hiisen yumtai, guitsetgeltei , tootsoo zohion baiguulalttai yum hiildee.Baahan sur badruulj baigaad alga boldog garuud odoo bolimoor yum.Ternii orond emegtei hun tsagaan idee bolovsruulah, dees tomoh, argal tuuh zereg mongol nuudliin uur chadsh yumaaraa soyoloo surtalchilj bolno doo.Er, em n chaddag chaddagaa hiimeer yum.

1  |  0
Зочин(202.9.46.104) 2021 оны 01 сарын 09

Нэг ч монгол хун чадаж бвал болжээ

0  |  0
иргэн(64.119.20.3) 2021 оны 01 сарын 11

Байгалмаа бүсгүй мундаг эхэлсэн ажлаа дуусгахыг хүсэн ерөөе! Муухай сэтгэгдэл бичигч нар минь өөрийгөө гаднаас хараачээ тэгэвэл аалз харагддаж байгаа.Атаархал жөтөөрхөл хэцүү ч энэ эмэгтэй ялан дийлээд явж байна.

2  |  2
Kkk(64.119.18.61) 2021 оны 01 сарын 11

энэ авгай амьтан тамлахаа болиочээ.

1  |  3
Зочин(58.6.204.47) 2021 оны 01 сарын 10

Тэмээн аялал нэрээр хүмүүсээс мөнгийг луйвардахаа зогсоо, дэлхий тойроод ирэх болсон. Өвөр-Монголчуудаас хүртэл 200 сая төгрөг авсан гээ биз дээ балиар хүүхэн.

4  |  2
Халх(202.55.188.92) 2021 оны 01 сарын 10

ажил хийгээчээ амар хялбар амьдрах арга үргэлж хайх юм Увс хүүхэн домогт Халхын тэмээ мдх үү заваарсан юм болж бна аа

2  |  2
Халх(202.55.188.92) 2021 оны 01 сарын 10

ажил хийгээчээ амар хялбар амьдрах арга үргэлж хайх юм Увс хүүхэн домогт Халхын тэмээ мдх үү заваарсан юм болж бна аа

3  |  1
altayogini(122.201.22.186) 2021 оны 01 сарын 09

Нэр нь хүртэл сайхан говь нутаг минь...........ийм сайхан нэвтрүүлгийг олонд хүргэж байгаа төслийн бүх хүмүүст талархлаа

2  |  0
altayogini(122.201.22.186) 2021 оны 01 сарын 09

Маш сайхан ярилцлхга болжээ. Аргагүйл эрч хүч мэдрэгдлээ. Монгол соёлоо дэлхийд таницлж буй шавилхан бүсгүйд амжилт хүсье

2  |  0
teneg hvvhen balai (103.212.118.128) 2021 оны 01 сарын 10

bitgii tenegtee..iim balai yumiig hen tooj vzej harah be dee..yg mongoliig surtalchilah be dee..ogt toohgui ch dee..

5  |  1
Zochin (103.57.94.65) 2021 оны 01 сарын 10

Er nuhor huuhdee hayad neg gadnii tsagaachtai niileed mungo zalilaad zavhairaad 2 jil garan amitan temee tamalj bgad irsen dee tseren avgai beree hezeech huleej avahyui gej bsan daa.

3  |  2
Top