Хуульгүй учраас хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж болдог гэв үү

2021 оны 02 сарын 10

-Африкт л байдал хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ-IV-

 

“Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж, худалдахыг хориглосон ямар нэг хууль, журам байхгүй”. Энэ бол зах зээл дээр хуурамч шатахуун борлуулагдаж байгааг шалгаж, тогтоосон ч гар мухардсан төрийн хяналт шалгалтын байгууллагуудын тайлбар. Өөрөөр хэлбэл, иргэд өдөр тутамдаа хуурамч шатахуун худалдан авч, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон ч буруутай этгээдэд хариуцлага тооцох боломжгүй.

Уг нь Монголд шатахууны MNS0217-2017 стандарт гэж бий. Энэ стандартын шаардлагад Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 20 компанийн 19 шатахуун түгээгүүрийн шатахуун нийцэхгүй байгаа нь ч батлагдсан.

Харамсалтай нь иргэд өнөөдрийг хүртэл стандартын шаардлага хангаагүй шатахуун борлуулсан тэдгээр станцаар үйлчлүүлсээр байгаа. Хуурамч шатахууныг хуульгүй хэмээн үйлдвэрлэж, хуультай байсан ч зөрчин борлуулж байгаа гэсэн үг. Эмгэнэлтэй боловч энэ нь бодит үнэн гэдгийг тал талын эх сурвалжууд баталгаажуулж байгаа. Улмаар хуурамч шатахууны бизнесийг хамгаалагчидтай тэмцэх хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Гэхдээ керосин, нафтад татвар ногдуулах хуулийн төсөл хуурамч шатахуун үйлдвэрлэгч сүлжээг хамгаалан хаацайлдаг улс төр-бизнесийн бүлэглэлийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Учир нь хуурамч шатахууны зах зээл өнөөдөр хагас тэрбум ам.доллароор хэмжигдэх болсон юм.

УИХ хууль батлан 2015 оноос эхлэн газрын тосны нэмэлт бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн бөгөөд энэ нь одоо ч хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд улс керосин, нафта бүтээгдэхүүнд ногдуулах татвараас жил 100 гаруй тэрбум төгрөг алдсан. Ийм хэмжээний татварын хөнгөлөлт эдэлсэн нөхөд керосин, нафтаг  импортлон оруулж ирэх үйл ажиллагаагаа нэр бүхий хэдхэн компанийн нэр дээр явуулдаг.  Тэр сүлжээний компаниуд болох "Трафигару монголия”, түүний дор керосин, нафта импортлогч "Транс гайд”, "Хармөрөн импекс”, "Ай Си Ай Си”, "Петролиум продакшн” зэргийг оруулж ирсэн бүтээгдэхүүний тоо хэмжээтэй нь өмнөх дугаарууддаа мэдээлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр компанийн дотор "Петролиум продакшн”, "Ай Си Ай Си” хоёр компанийн эздийн сүлжээг онцлон тайлбарлаж өгснийг хүргэе.  Эдгээр компани Гаалийн ерөнхий газрын томоохон албан тушаалтан Доржгочоогийн Эрдэнэсүрэн шууд бусаар холбогддог. Түүний гэр бүлийн гишүүн Эрдэнэсүрэн Жононбаяр "Ай Си Ай Си”  компанийг удирддаг байх юм. Мөн "Петролиум продакшн” компанийн эцсийн эзэмшигчээр “Гүүд фючер” гэх компани тодорсон. Тэгвэл “Гүүд фючер” компани гүйцэтгэх захирал, эзэмшигчээр Доржгочоогийн Эрдэнэтуяа гэх эмэгтэй ажилладаг юм байна. Тэдний ард одоо улс төрд өндөр албан тушаал хашиж байгаа нэгэн эрхэм байдаг талаар өөр нэг эх сурвалж мэдээллээ. 

 

Тиймээс хуурамч шатахууны бизнесийн сүлжээ Монголд ямар хор хохиролтой үйл ажиллагаа явуулж буйг төрийн томоохон албан тушаалтнууд хэрхэн гэрчилснийг хүргэе.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Хуурамч шатахуун их хэмжээгээр авах нь уул уурхайн техник хэрэгсэлд маш их сөрөг хөнөөлтэй. Багануур, Шивээ-Овоогийн уурхай дээр хуурамч шатахууны улмаас олон машин, техник эвдэрсэн тохиолдлууд гарсан. Зураг хөрөгтэй нь надад ирүүлсэн байгаа. Засгийн газрын Агаар, орчны бохирдлыг бууруулах 2017 оны 98 дугаар тогтоол гэж байдаг. Үүн дотор Евро-5 стандартын өндөр чанарын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, Монгол Улсын импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний 10 орчим хувийг эзэлдэг чанар муутай бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, татвар ногдуулах стратегийн арга хэмжээ авах талаар төлөвлөгөө багтсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Сангийн яаманд энэ талаар саналаа хүргүүлсэн. Улмаар ойлголц хүрч, ирэх хаврын чуулганаар энэ асуудлыг оруулах байр суурин дээр нэгдсэн” хэмээсэн.

“Сод  монгол групп”-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Монгол Улсад сүүлийн зургаан жилийн турш хуурамч шатахуун буюу керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг Онцгой албан татваргүйгээр оруулж ирэн автомашинд хэрэглэж байгаа. Үүнээс улсын төсөв жил бүр 60-70 тэрбум төгрөг алдсан. Монголд нийт хөдөлж байгаа автомашинуудын мотор нь тун удахгүй бүгд эвдэрнэ. Төсвийн байгууллагын, уул уурхайн гээд бид бүгд үүнийг мэдэхгүйгээр хэрэглэж байна. Иймд зайлшгүй татвар тавьж, нефтийн бусад бүтээгдэхүүнтэй адил Онцгой албан татвартай болгосноор төсвийн орлого нэмэгдэхээс гадна ард иргэдийн автомашиныг эвдрэлээс хамгаалах онцгой ач холбогдолтой. Дэлхийд Африкийн орнууд, Монгол гэсэн хоёрхон газарт л ийм юм хэрэглэж байна. Монголд хэн нэгэн хүмүүсийн оролцоотойгоор Онцгой албан татварыг нь чөлөөлчихсөн гэсэн үг. Яваандаа энэ нь олон хүнийг шоронд суулгаж ч магадгүй. Ийм хуурамч шатахуун борлуулдаг компани улсын компаниас том борлуулалттай болсон. Яагаад гэвэл үнэ нь 100-200 төгрөгөөр хямд байдаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Жилд 220 мянган тонн керосин, нафтa хилээр орж ирж байгаа. Монгол Улсад ийм их хэмжээний хэрэгцээ байхгүй ч эдгээр бодисыг улсын хилээр Онцгой албан татвар оруулж ирдэг. Хэрэв татвар тогтоовол хуурамч шатахуун үйлдвэрлэлийг хязгаарлах боломжтой. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг 2-3 компани бий. Тухайлбал, Сингапурт амьдардаг, орос эзэнтэй компани монголчуудын эд хөрөнгийг эвдчихээд жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг: 

-ШӨХТГ-аас ахлан МХЕГ, АМГТГ, Стандарт хэмжил зүйн газруудтай хамтран 2020 оны тавдугаар сараас Нийслэлийн хэмжээнд худалдагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн нь  чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт хийлээ. Шалгалтаас гарсан дүгнэлтээр нийт 20 аж ахуй эрхлэгчийн 19 шатахуун түгээх станц, авто бензиний 22 дээж, дизель түлшний 10 дээж нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг хангахгүй байна гэсэн хариу гарлаа. 

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(78.175.49.231) 2021 оны 03 сарын 05

ШТС-уудаас машин эвдэрсэн талаар ямар нэгэн гомдол ирсэн, эсвэл тэдэнд хандаж гомдол гарагсан баримт байна уу , эсвэл энд ямар нэгэн өрсөлдөөний асуудал, өрсөлдөгчөө намнах гэсэн их хурлын гишүүдийн лоббины асуудал яваад байна уу

0  |  0
damba(66.181.161.71) 2021 оны 02 сарын 10

ene companii ard tagnuuliin darga asan 4 usegtei erhem bgaadaa

0  |  0
zz(64.119.27.11) 2021 оны 02 сарын 10

jinhen zardag ashig oldog hun n anandbazar shdee ehleed sodmongoliin zarj baigaa binzeniig shalgaa jinhen liuvarchin shuu

0  |  1
Зочин(66.181.161.1) 2021 оны 02 сарын 10

Хууль байхгүй юм бол ядаж ямар ямар ШТС-ууд шаардлага хангахгүй шатахуун зарж борлуулсан талаар нэр устай нь мэдээлж болдоггүй юм уу Хэрэглэгчид тэндээс шатахуун худалдан авахаа л болино. Энэ л хамгийн үр дүнтэй арга

1  |  0
Шаар(202.179.27.198) 2021 оны 02 сарын 10

Шаардлага хангаж байгаа 1 станц нь ямар нэртэй вэ ганцхан түүнийг дэмжмээр байна.

1  |  0
Top