Монгол, Японы бизнес эрхлэгчдийн ГҮҮР БОЛОХ цахим экспо МАРГААШ эхэлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

 

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд Монголын талаас зохион байгуулах “Монгол Японы ЭЗТХ-ийн 5 жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021”-гийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Жижиг, дунд зйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ-ууд  хамтран Монгол, Японы бизнес уулзалт, үзэсгэлэнг 5 дахь удаагаа хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн арга хэмжээ нь хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд болж байна. Мөн анх удаа цахимаар болж буйгаараа онцлогтой.

Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойд зориулсан цахим форум, үзэсгэлэнгийн үеэр хүнс, ХАА, хүнд, хөнгөн үйлдвэр, ЖДҮ, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд оролцож, Монголын үндэсний үйлдвэрлэгчид хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ Японы иргэд, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд танилцуулах юм. Энэ бол цар тахлын үед багагүй бэрхшээл туулж буй Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон боломж юм. 

“Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021 оны зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт үргэлжилнэ. 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
 

  • Монгол Улсын ГХЯ
  • ХХААХҮЯ
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ
  • Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам 
  • Нийслэлийн ЖДҮГ
  • "Экспорт Олон Улсын худалдааны төв" ТББ

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА
 

  • Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ SERECA байгууллага
  • Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
  • Монголын ноос ноолуурын холбоо
  • Мэдээлэл, Технологийн үндэсний парк
  • Үндэсний хөгжлийн газар
  • Монголын жимс жимсгэний үндэсний холбоо
  • Mongolian Walker сэтгүүл
  • "Эрхэт Монгол" медиа групп
  • Business.mn сайт

ЗОРИЛГО
 

  • Монгол, Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох
  • ЭЗТХ-ийн бодит үр дүнг бий болгож, Япон руу чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх
  • Бизнес эрхлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь гадаад зах зээлд сурталчлан таниулах

ОРОЛЦОГЧИД
 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарынхан, аймаг орон нутгийн төлөөлөл, нийслэлийн жижиг, дундын төвүүд зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж бизнесүүд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ Японы зах зээлд танилцуулахаар үзэсгэлэнгээ гаргаж, танилцуулга уулзалт хийхээр төлөвлөж байна.


Маргааш буюу зургаадугаар сарын 25-нд цахим форум, үзэсгэлэнгийн нээлт болно. 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлал, Мэдээлэл технологийн салбар, Аймаг орон нутгийн захиргааны төлөөлөл бүхий 40 гаруй байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ цахим талбарт байрлуулан, 10 хоногийн хугацаанд үзэсгэлэнд оролцоно. 

10 хоногийн хөтөлбөрийн хүрээнд олон чухал уулзалтууд төлөвлөгдсөнөөс зургаадугаар сарын 25-нд Японы талаас "Жетро" байгууллагын зохион байгуулж буй Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар “Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохдоо ЭЗТХ-ийг ашиглах нь” сэдвийн хүрээнд болно. Эл семинарт Японы талаас өндөр ач холбогдол өгч, экспортыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Монголын бизнес эрхлэгчид өргөнөөр хамрагдах боломжтой.

Мөн зургаадугаар сарын 28-аас эхлээд өдөр бүр Хүнс , Хөнгөн, Аялал жуулчлал, Мэдээллийн технологи ХАА, Жижиг дунд гээд салбар салбарын танилцуулга уулзалтуудыг зохион байгуулж, Монголын компаниуд Японы бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, тэдэнтэй цахимаар уулзахаар бэлтгэж байна.

Та бүхэн энэхүү уулзалтад www.exportmongolia.org сайтаар орж бүртгүүлээд, зочноор оролцох боломжтой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top