Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа ЭХЭЛЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

 

"Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэм, цаг үеийн анхаарлын төвд байгаа нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлж, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг найм дахь сардаа хөтлөн явуулж байна. 

Зургаа дугаар сард бид "Сонгууль 2024" (Elections 2024) сэдэв сонгон, УИХ-ын сонгуулийн тухай хууль дахь нэр дэвшигчидтэй холбоотой заалтууд, саналын хуудастай холбоотой мэдээллүүд, холбогдох журам, албаны эх сурвалжуудын ярилцлага, тодруулга зэргийг хүргэхийн сацуу сонгогчдын боловсролд зориулсан мэдээ мэдээллүүдийг хүргэх болно. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл тухайн өдрийн 08.00 цагаас эхлэн хүлээн авч эхэлсэн бол бие даан нэр дэвшигчдийн хувьд өөрсдөө, эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь хүлээн авах боломжтой. 

Ийнхүү нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс эхлэн (2024.06.10) сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх бол санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно. 

Нэр дэвшигчид нэгдсэн болон зурагт самбарт зургаа байршуулах бөгөөд тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг суманд 2, аймгийн төвийн суманд 5, хороонд 4-ийг байрлуулна. Нэр дэвшигчдийн зурагт хуудсыг саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дарааллын дагуу байрлуулахаар зохион байгуулах ба энэхүү самбараас нэр дэвшигчдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top