УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшигч Б.Тулга сурталчилгаагаа эхлүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

 

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын намаас Төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын V тойрогт нэр дэвшиж байгаа Буяагийн Тулга нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгааны компанит ажлаа албан ёсоор эхлүүллээ. 

Тэрээр мөрийн хөтөлбөрийнхөө тухай "Дархан-Уул аймаг маань хамгийн сайн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт хийгдсэн онцлогтой газар. МАН-ын нэр дэвшигчид маань сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ Дархан-Уул аймгийн Залуучууд театрт хийж байна. Энэхүү аймгийнхаа бүтцийг алдагдуулалгүй хөгжүүлэх, мөн цаашлаад бүс нутагтаа, Монгол улсын дэд бүтэц, үйлдвэрлэл худалдааны төв болгох зорилтыг Мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. 

Монгол улсад 39 боомт байгаагаас 24 нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 8 боомт дээр нь бүтээн байгууллалт хийж гүйцэтгэсэн. Миний бие боомтын сэргэлтийн бодлого зарлагдснаас хойш сүүлийн 1 жил Боомтын сэргэлтийн үндэсний хороог сайдын хувиар хариуцаж ажиллалаа. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг авто замын боомт, Замын-Үүд авто замын боомт, Өмнөговь аймгийн Гашуунсухайт зэрэг боомтуудад бүтээн байгууллалтын ажлыг үргэлжлүүллээ. Замын-Үүдийн боомтын ажилыг дуусган, ажиллах цагийг 14 цагаар уртасган, үүсээд байсан асуудлыг шийдсэн. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран шинээр гурван боомт барих ажлыг эхлүүлэх санхүүжилт босгож чадсан.

Цаашид Төвийн бүсийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон улсын эдийн засаг, тээвэр ложистикийн интеграцид нэгдэх боломжтой" гэлээ.

 

Top