Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хэргийг прокурорт шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

 

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-ын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаах алба шалгаад дууссан байна. Мөрдөн байцаалтын явцад Д.Батхуяг, Л.Даваацогт нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Саусгоби сэндс” компанийн эзэмшлийн таван ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөлд хууль бусаар сунгалт хийж, улмаар дээрх таван ширхэг тусгай зөвшөөрлөөс 40 сая тонн нүүрсний нөөцтэй, тухайн үеийн ханшаар 2 тэрбум ам.долларын үнэ бүхий 1 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг Д.Батхуяг өөрийн найз С.Жаргалсайхантай хамтран байгуулсан “Зэлмэ” ХХК-д шилжүүлэн авсан байна. Түүнчлэн 120 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад хууль зөрчин олгосон, шилжүүлсэн зэрэг үйлдлүүдийг нь тогтоожээ. АМГ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, иргэнд олгох, шилжүүлэх нь Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн даргын эрх мэдлийн хүрээний асуудал юм. Д.Батхуяг нь нутгийн дүү, дээд сургуулийнх нь багшаар ажиллаж байсан Л.Даваацогт гэгчийг хэн ч танихгүй байхад нь дээрх албан тушаалд томилсон байна. Харин Л.Даваацогт хариу тус үзүүлэн түүний заавраар дээр дурдсан хууль бус үйлдлүүдийг хийсэн болохоо ярьсан байна. Гэтэл Д.Батхуяг хууль бусаар Л.Даваацогтоор хийлгүүлсэн үйлдлүүдээ өөрт хамааралгүй мэтээр мэдүүлсэн хэдий ч дээрх хүмүүсийн хэрэг прокурорт шилжих нь тодорхой болсныг эх сурвалж мэдээллээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top