Э.Бат-Үүл: Өргөн замтай биш олон салаа замтай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

Хотын мээр Э.Бат-Үүл АН-ын бүлгийн хуралдаан дээр хот төлөвлөлт, агаарын бохирдол зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэхүү мэдээллийн үеэр түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.

-  Өнөөдөр гэр  хорооллын дахин төлөвлөлт хийхээс аргагүйд хүрээд байгаа. Энэ талаар?

- Улаанбаатар хотыг  2020, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөлвөлгөөг нийслэлийн удирдлага хэлэлцэх гэж байна. Үүний эхэнд гэр хорооллыг дахин төлөвлөх асуудлыг хэлэлцэж байна. Учир нь Улаанбаатар хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнийн гол асуудал нь гэр хорооллыг дахин төлөвлөх байгаа. Сүүлийн таван жилд нийслэлийн хүн ам  550,000 өссөн. Үүний 300,000 гаруй нь мехникаар өссөн. Энэ нь гэр хорооллын өргөжих үндсэн шалтгаан юм. Өнөөдрийн байдлаар  182,4 мянган өрхийн 586,000 хүн гэр хороололд амьдарч байна. Энэ нь өөрөө агаар болон хөрсний бохирдлын гол учир шалтгаан болж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 орчим хувь нь гэр хороолол, 20 хувь нь автомашин, үлдсэн нь үйлдвэр уурын зуухнаас гарч байна.

- Хөрсний бохирдлын хувьд?

-  Хот байгуулалтын газраас гаргасан тоогоор нийслэлчүүд ундын усны 175 эх үүсвэртэй.  Эхний ээлжинд найман сан нь хөрсний бохирдлоос болж хаагдсан байна. Мөн дурын 200 хэсэгт хөрсний бохидлын шинжилгээ хийхэд нянгийн төвшин хэвийн хэмжээнээс хэд дахин их болох нь тогтоогдоод байгаа.   Хөрсний бохирдол хөрсөн доогуур мөн бий болсон. Хөрс угааж энэ асуудлыг шийдэх боломжтой.

- Дахин төлөвлөлтийг хэрхэн хийх гэж байна вэ?

- Өнөөдөр нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 94 хувь нь хувьчлагдсан. Гэсэн ч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хамрагдаагүй. Гэхдээ энэ тоо зөвхөн суурьшиж болох газар амьдарч байгаа иргэдийн дунд хийсэн судалгаа шүү. Суурьшиж болохгүй газруудад, тухайлбал ногоон бүс, эсвэл намаг, шалбаагтай, үерийн усны замд хүчээр очиж суурьшсан 20,000 иргэн байгаа. Тэдэнд суурьшлийн бүсэд газар олгох замаар нүүлгэн шилжлүүлнэ.

Харин суурьшлийн бүсэд газраа өмчилж авсан буюу газрын эзэд нь болсон гэр хорооллын эзэдтэй тохиролцож орон сууцны хороолол барихаар төлөвлөөд байгаа.  Гэхдээ газрын эзэд нь зөвшөөрөхгүй бол барилга барих боломжгүй.  Эхний ээлжинд нийслэлийн зургаан хэсгийг орон сууцны хороолол болгоно.

- Хотын хэсэгчилсэн энэхүү төлөвлөгөөг иргэд хэрхэн хүлээж авсан бэ?

- Хэсэгчилсэн төлөвлөгөөг иргэдийн 90 гаруй хувь нь дэмжсэн болохоор НИТХ-аар хэлэлцэн баталж, ажил хэрэг болгоно.

Үүнээс гадна хороод өөрсдөө гэр хорооллоо орон сууцны хороолол болгох санал тавьбал хүсэлтийг нь хүлээн авахад асуудалгүй.  Гандан, Баянхошууны оршин суугчид ийм санал ихээхэн гаргаж байгаа.

- Гэр хорооллыг орон сууцны хороолол болгоход дэд бүтцийн асуудал чухал шүү дээ. Энэ тал дээр?

-  Гэр хороололд инженерийн байгууламж, нийтийн аж ахуйн үйлчилгээг хүргэх нь чухал асуудал.  Үүнийг хүргэхдээ төвлөрсөн дулаанд холбох, хэсэгчилсэн байдлаар дулаан хүргэхээр ажиллаж байгаа. Мөн Хөгжлийн яамнаас санал болгоод байгаа замын мастер төлөвлөгөөг баримтлана.  Өргөн замтай биш олон салаа замтай болох хэрэгтэй байна. үүнийг ажил хэрэг болгоно

Эхлээд дэд бүтцийнхээ зургийг гаргаж байгаа.  Энэ ажил дээр  Хөгжлийн яам, Нийслэлийн хот байгуулалттай хамтран ажиллаж байгаа бөгөөд улмаар Засгийн газарт саналаа оруулахаар төлөвлөөд байна.

- Газар олгох замаар нүүлгэн шилжүүлнэ гэсэн. Арай тусгай хамгаалалттай газарт газар олгох юм биш биз дээ?

- Үүнийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ. Гэхдээ хаана ч суурьсан бай хотын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ёстой. Тэгтэл энэ нь ажил хэрэг болоогүй. Үүний тод жишээ өнөөдөр Зайсан хороолол байна.

- Хот төлөвлөлттэй холбоотойгоор “Бамм”-ын барилгуудыг, оршин суугчдыг мөн хэрхэхээр төлөвлөөд байна вэ?

- Хуучин Оросуудын эзэмшил байгаад өнөөдөр үлдсэн барилгуудтай холбоотойгоор энэ асуудал гарсан л даа. Газар нь оршин суугчдын эзэмшил биш ч, өмч нь иргэдийнх байдаг. Тиймээс иргэдийг дахин төлөвлөлтөд хамруулж, шинэ тохилог орон сууцанд оруулна. Тэгэхээр дахин төлөвлөлтөд орох хүсэлтэй иргэд хүсэлтээ хурдан ирүүлмээр байна. Хүсэлт ирүүлсэн иргдэд түр зуур амьдрах байр барьж, журмыг батлаад өгнө.

- Энэ бүхнээс харахад  Нийслэлийн хуультай болох юм байна гэж ойлголоо?

- Хууль гаргана.  Хотыг дахин хөгжүүлэх төлөвлөгөөн дээр энэ талаар тусгасан байгаа.  Тэгэхээр иргэд нийслэлд чөлөөтэй суурьшиж болно.Гэхдээ нийслэлийнхээ хуулийг дагаж мөрдөнө.

- Дагуул хотыг хөгжүүлэхэд ямар чиглэл баримталж байна вэ? Тухайлбал Багахангайд үйлдвэрлэлийн дүүрэг барина гэж байсан. Энэ талаар?

- Өнөөдөр газаргүй иргэд үнэхээр их байгаа. Нэг хашаанд газаргүй 6-7 өрх амьдарч байгаа. Тэгвэл тэдгээр иргэнд шинэ суурьшлийн бүсэд газар олгож нийслэлээс нүүлгэн шилжүүлнэ. Эхний ээлжинд Долоон буудал, Баянхошууны эцэст Дархан шиг хоёр том хот барихаар төлөвлөөд байна.

Багахангайг жижиг дунд үйлдвэр, тээвэр ложистикийн дагуул хот болгоно. Багахангайд цэвэр усны судалгаа хийхэд 120,000 хүн шингээх чадвартай нь тогтоогдсон. Харин Багануур дүүрэг хүнд үйлдвэрийн дагуул хот болно.

Улмаар Туул голын урсгал дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагатай тохиролцон  нүүлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

- Хотын захиргаа БГД рүү нүүнэ гэсэн хэзээ вэ?

- 11 сард ажлын хэсэг байгуулан НЗДТГ-ыг хаашаа нүүлгэбэл зохилтой вэ гэдгийг судалж байгаа. Хэд хэдэн газрыг хараад байгаа. Үүнийг НИТХ-аар хэлэлцэнэ. Ханын материалд боломжтэй гэдгийг миний зүгээс санал болгож байгаа.

- Улаанбаатар хотын оршин суугч өнөөдөр сая тавин мянга. Ерөнхий төлөвлөгөөгөөр 2020 онд 1,2 сая,  2030 онд 1,4 саяаас хэтрүүлэхгүй гэж тусгасан байна. Механик өсөлтийг зогсоох ямар арга зам байна вэ?

- Улаанбаатар хотын тэлэлтийг хяналтандаа байлгана. Одоо бол хяналтаас гарсан байгаа. Үүний улмаас механик өсөлт үүсээд байгаа юм. Үүний тулд хүн суурьшиж болох орон зайг эзэнтэй болгоно. Хоосон орон зайтай үед хот өөрөө тэлээд байдаг. Үүнд газар өмчлөлийн хууль маш их ач холбогдолтой. Газрыг хурдан эзэнтэй болгоно.

- Нийслэлийн тэлэлтээс гадна зуслан тэлэх боллоо?

-  Зусланд суурьшиж болно. Гэхдээ шаардлагаа өндөржүүлнэ.  Тэгэхээр эхний ээлжинд ил задгай 00-ыг шийдэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газрууд дэд бүтцээ шийдээд болоод байна. Тэгэхээр иргэдийн хувьд ч гэсэн энэ нь асуудалгүй.

- Ахмадын хотхон баригдана гээд байгаа. Энэ талаар?

-  Бодлого судалгаа хийгдэж байгаа. Судалгааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.

- Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top