МИАТ-ийн хувьчлалыг эвслийн бүлэг дэмжихгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

 

Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байгаа.  Үүнтэй холбоотойгоор  өнөөдөр “Шударга ёс” эвслийнхэн бүлгийнхээ хуралдааны эхэнд уг асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаан дээр гишүүд МИАТ-ын луйвраас эхлээд олон  асуудал гарч байгаатай холбоотойгоор гишүүд саналаа хэлсэн аж. Улмаар иргэний нисэхийн төрийн өмчит компанийг хувьчлахыг дэмжихгүй байх албан ёсны байр суурин дээр тогтлоо. Учир нь өнөөдөр тус салбарт шинэчлэл хийгдэж байгаа ч энэ нь гурван компанийн “хувийн тоглолт” байх магадлалтай ба тэд иргэний нисэхийн салбарыг  үнэгүйдүүлэх,  дампууруулах далд санаа агуулж байх магдадл өндөр гэнэ.

Төрийн нууцийг шинэчлэн батлах тухай төслийг мөн бүлгийн хуралдаанаар ярилцсан байна. Улмаар зарчмын ямар нэгэн зөрүүгүй тул Засгийн газраас өргөн барьсан тэр хэвээр нь батлах зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. Аж ахуйн тусгай үйл ажиллагаа явуулах нэмэлт  зөвшөөрөл олгох тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт дээр хэдийгээр нэмэлт мэдээлэл авах шаардлагатай ч Засгийн газрын оруулж ирсэн төсөлд засвар оруулахгүйгээр  дэмжихээр боллоо. Ингэхдээ тэд салбар хариуцсан мэргэжилтнээс нь дэлгэрэнгүй мэдээлэл авахаар болсон гэнэ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол болон 2030 он хүртэлх  хөгжлийн чиг хандлага өнөөдөр хэлэлцэгдэж байгаа. Ерөнхийд нь дэмжиж байгаа ч хүн амын мехник өсөлтөд анхаарал хандуулах гэнэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн хэдэн жил эрс нэмэгдснээр агаар, ус, хөрсний бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгаа. Тиймээс агаарын бохирдол, дагуул хот зэрэг төлөвлөлтийн бодлогод  анхаарал хандуулан ажиллах зарчмын саналаа холбогдох газруудад үүрэг өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн  дэд сайд Б.Тулгын ажлын тайланг бүлгийн хуралдааны сүүлд сонссон байна.  Дэд сайд Б.Тулга  цаг үеийн хүндрэлтэй асуудал болон хийж байгаа ажлаа нэгд нэгэнгүй бүлгийн гишүүдэд тайлбарласнаар өнөөдрийн бүлгийн хуралдаан өндөрлөжээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top