Намар мэндлээгүй хууль хавар яах бол?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Хөгжлийн хөшүүрэг байх боломжтой хөрөнгийн захыг өөрийг нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ёстой Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Спикерийн ширээн дээр очоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Ямартай ч  өнгөрсөн жилийн хаврын чуулганаар хэлэлцэгдэж амжаагүй энэ хуулийн төсөл намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлэгдсэн. Түүнчлэн энэ хаврын чуулганаар хэлэлцчих болов уу гэсэн албан ёсны хүлээлт байна. Манай хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн бирж олигтойхон урагшлахын тулд реформын шинжтэй томоохон өөрчлөлтөө хийж чадах ёстой. Тэгэхийн тулд хууль эрх зүйн орчны өөрчлөлтөө даруйхан хийх шаардлагатай  байгаа юм.

Манай улс 1996 онд  Үнэт цаасны тухай хуулийг баталж, 2002 онд шинэчлэн найруулж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг батлаж байсан. Харин хөрөнгийн зах зээлд шинээр хувьцаа гаргах /IPO/ замаар олон нийтээс хөрөнгө татах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн хэмжээ өсч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 оны эцэст 620,7 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эцэст 1329,9 тэрбум, 2011 оны 2 дугаар сард 3219,2 тэрбум, 2011оны 11 дүгээр сарын байдлаар 2100,7 тэрбум төгрөгийн хэмжээтэй байна. Түүнчлэн компаниуд хувьцаагаа давхар бүртгэлтэйгээр дотоод болон гадаадын зах зээлд гаргах эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа ч үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй байгаа нь уг хуулийн төслийг боловсруулах шаардлага үүсгэсэн гэдгийг хуулийн төсөл санаачлагч хэлж байгаа юм.

Мэдээж энд манай ашигт малтмалын ордуудыг барьцаалж мөнгө босгож буй компаниудын хувьцааг давхар Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудал тод томруунаар тавигдаж байгаа гэсэн үг. Гадаадын компаниуд   Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахын тулд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, ХК байх ёстой. Хэрэв тэгж бүртгэгдэх эрхзүйн орчныг нь бүрдүүлчихвэл 30 хол давсан компаниар манай хөрөнгийн зах тэлнэ.

Ер нь бол хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний стандарт, зохион байгуулалтыг сайжруулах шаардлага бий гэдгийг төслийг санаачлагчид хэлж буй.

2006 оны байдлаар 25, 2010 оны байдлаар 51 брокер, дилерийн компани үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2011 оны 11 дүгээр сард 88 болтлоо эрс өсчээ. Энэ нь хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой хэдий боловч одоогийн хуульд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага төдийлөн өндөр биш байгаа гэдгийг Н.Батбаяр сайд хэлж байсан. Өөрөөр хэлбэл  50 сая төгрөгтэй этгээд энэ төрлийн үйл ажиллагааг эхлэх боломжтой байдаг нь хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж. Үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэт бага хэмжээний торгуулиас хэтрэхгүй байгааг ч мөн хэлж байна.

Тиймээс шинэ хуулийн төслөөр Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, нарийвчилсан дүрэм журмаар зохицуулахаар заажээ. Мөн Төрийн эрх бүхий байгууллага үнэт цаасны зах зээл дэх бүрэн эрх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, хэлбэр, ялгааг заахаас гадна өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн бүрэн эрх, гишүүнчлэлийн асуудал зэргийг ч тусгасан байна.

Мөн үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг нарийн тодорхойлсон байгаа нь хүлээлт үүсгэсэн асуудлуудыг шийдвэрлэх гарц болж ойлгогдож байгаа юм.

Ямар ч байсан УИХ-д өргөн мэдүүлэгдээд байгаа багц хуулийн төслүүдийн эхэнд Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ бичигдэж байгаа гэдгийг тодотгоё. Хавар, намар, дахиад л  хаврын чуулган эхэлнэ.

Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top