Дуучин Ч.Уранхолбоо: Охиноо харах болгонд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай сайхан мэдрэмж төрдөг

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Сэтгэлээсээ хандсан, сэтгэлээсээ хийсэн бүхэн сайхан байдаг. Яг түүн шиг сэтгэлээс ундран гарсан яриа хүртэл сайхан. Хэвлийдээ бүрэлдэн, энэ ертөнцөд төрөх өдрөө хүлээн, халуун дулаан орчинд бойжиж буй ургийн ээждээ мэдрүүлж буй тэр гайхамшигт мэдрэмжийн тухай хуваалцаж буй дуучин Чулуунбаатарын Уранхолбоотой чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэндээ таатай байна. Арван хэдхэн настайгаасаа эхлээд урлаг гэх их айлын босгыг давж, урлагийн хүнд сорилт, шалгалтыг даван их тогоондоо үлдэж чадсан тэрбээр өөрийгөө “Гал шиг ассан” хэмээн тодорхойлсон нь сайхан санагдлаа. Эрч хүч бүхий улаан өнгө, өөдөө цоролзсон галын дөл дулаахан, сайхан энергийг түгээдэг. Яг түүн лугаа сэтгэлээсээ унагасан үг бүр нь дулаахан сайхан байлаа. Дулаахан, энхрийхэн, хайр буцалсан дотоод ертөнцөө уудлан чин сэтгэлээсээ ярилцсан Ч.Уранхолбоодоо талархал илэрхийлье.

-Ээж болсонд тань хамт олныхоо болон мянга мянган уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Охинтой болсноосоо хойш “Баяр хүргэе” гэдэг сайхан үгийг сонсож “Баярлалаа” гэдгийг байнга хэлж, өглөө бүрийг аз жаргалтайгаар угтаж байна.

-Ану, хэдэн сард амаржсан бэ. Охин нь зөндөө том болсон биз дээ. Аль эрт ээж болсон гэж сонсож байсан ч үгүйсгэсэн, баталсан мэдээлэл зэрэгцээд л яваад байсан?

-Өнгөрсөн зургадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон. Охин маань одоо хоёр сартай. Амьдралдаа гарсан энэ том өөрчлөлтийг яагаад олонд дэлгэж, мэдээлээгүй вэ гэхээр эх хүнд үр хүүхдээ хамгаалах, харамлах төрөлхийн зөн совин ч гэх юм уу, сэтгэл байдаг юм байна. Ялангуяа Монгол зан заншил илүү хүчтэй байдаг гэдгийг мэдэрлээ. Охиноо олсон тэр цагаас эхлээд л энэ сэтгэл маань “ажиллаж” өдөр ирэх бүр, охин маань томрох тусам улам ихэссэн. Үр хүүхдээ харамлах, хамгаалах гэдгийг би эх хүн болоод л мэдэрлээ. Энэ зөн совингоос гадна манай гэр бүлийн хүндэлж явдаг номын багш маань “Нялх үрээ олны хэл амнаас хамгаалж, тодорхой хугацааны дараа ярьж хэлээрэй” гэж захиж байсныг ч дагасан юм. Төрснөөсөө хойш 7 хоногийн дараа ажилдаа орж “Cosmоpolitan” сэтгүүлийн зураг авалтанд ороод явсан. Тийм болохоор хүмүүс гайхаж, зарим нь төрсөн нь үнэн, зарим нь худлаа гэхчилэнгээр янз бүрийн мэдээлэл гарсан байх. “Ану төрсөн” гэсэн мэдээллийн мөрөөр надтай олон хүн холбогдож энэ талаар асууж лавласан. Тэр болгонд би худлаа ч гээгүй, үнэн ч гээгүй бөөрөнхий хариулт өгөөд л өнгөрч байсан. Тухайн үед охин маань дөнгөж төрсөн улаан нялзрай нялх байсан учраас шууд үнэнийг хэлчихэж чадаагүй юм. Дээр хэлж байсанчлан эх хүний байгалиас заяасан үрээ харамлах хайрлах сэтгэл маань дийлээд л явсан хэрэг. Тэр үед асууж лавлаж байсан хүмүүст “Намайг ойлгоорой” гэж хэлмээр байна. Мэдээж энэ хорвоо дээр хүн болоод төрчихсөн, гэр бүлийн маань аз жаргал болсон хөөрхөн охиноо би нэг л өдөр танилцуулах нь мэдээж байсан ч тухайн үед арай эрт байсан.

-Охиноо төлөвлөж байгаад төрүүлсэн үү. Яг суралцах хугацаатай чинь давхацсан юм байна шүү дээ?

-Яг сурч байх хугацаандаа хүүхэд төлөвлөгөөгүй байсан. Тэгэхээр охин маань гэнэтийн бэлэг болж ирсэн гэсэн үг. Би хуанли  хөтлөдөг байлаа. Гэтэл боломжгүй гэж үзсэн үед охин маань ирсэн байсан учраас бид хоёр бурханы бэлэг гэж билэгшээн маш их баяртайгаар хүлээн авсан. Мэдээж аав ээж болж буйдаа, хөөрхөн бэлэг гэнэт ирсэнд гээд баярлах шалтаг шалтгаан олон. Үүнээс гадна хүүхэд ямар хүн болж төлөвших суурь үндэс нь эхийн хэвлийд байхаасаа эхлээд л тавигддаг гэдэг. Тэгэхээр суралцаж байх хугацаанд миний хэвлийд бойжсон нялх үр маань оюунлаг орчинд байсан гэж хэлж болно. Төлөвлөөгүй ч гэсэн цаг үеэ олж аав ээждээ ирсэн үр минь шүү дээ. Хөөрхөн эгдүүтэй бяцхан гүнж гэр бүлийн аз жаргал, хайр энэрэл болоод л байж байна. Охиноо харах бүрт үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай сайхан мэдрэмж төрдөг. Эх хүн болсноор өөрийгөө өөр өнцөгөөс таньж мэдэж байна.  Одоо надаас урсан гарч байгаа хайр эх хүний өрөвч зөөлөн, нинжин сэтгэлийн хайр. Өнөөдөр би өөрийгөө хамгийн аз жаргалтай эмэгтэй гэж ам бардам хэлж чадаж байгаа нь бяцхан охины минь ач шүү дээ.

-Тэр мэдээж. Хүүхэд аав ээждээ аз жаргал дагуулж ирдэг гэдэг үг байдаг шүү дээ. Ингэхэд энэ турьхан Ану нь хэдэн кг охин төрүүлсэн бэ?

-Охин маань 3 кг 450 грамм жинтэй, 51 сантиметр урттай төрсөн. Энэ нь хэвийн хэмжээ гэж эмч хэлсэн. Гэхдээ бүх зүйл хэвийн байгаа ч гэсэн гаднаас нь харахад гэдэс чинь яагаад том харагдахгүй байна вэ гэж их гайхдаг байлаа.

-Эмэгтэй хүн болгоны ээж болоод төрсөн мэдрэмж нь өөр өөр байдаг ч бүгд л сэтгэл хөдөлгөм сайхан дурсамж ярьдаг. Мэдээж энэ гайхалтай сайхан мэдрэмжийг мэдэрсэн байж таарна...?

-Яг өвдөж, төрж байх үеийн мэдрэмж, сэтгэгдэл бол амаргүй “даваа” байсан. Харин түүнийг давсны дараа охиноо хараад төрсөн мэдрэмж, сэтгэгдэл бол үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Яг тэр үед өөрөө өөр орчинд орчихсон юм шиг санагдаж уйлсан шүү. Гэхдээ тэр нулимс бол миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм нэг сайхан аз жаргалын нулимс. Тэр сайхан аз жаргалын амтыг одоо үгээр илэрхийлж, ямар нэгэн зүйлтэй зүйрлэж болохгүй байна л даа. Бас төрснийхөө дараа танихгүй ч гэсэн ээж болгоныг хайрламаар санагдаж байсан. Яагаад ч юм, тийм бодол үнэн сэтгэлээс ундран гардаг юм билээ.

-Жирэмсэн болон хүүхэд төрүүлсэний дараа сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт ордог. Чиний хувьд хэр зэрэг өөрчлөгдөв?

-Охиноо олсон тэр цагаас эхлээд л сэтгэл зүйд өөрчлөлт орж эхэлсэн. Их гомдомхой, уярамхай болж байсан. Ер нь бүх л зүйлд эмзэг зөөлөн ханддаг болчихдог юм билээ. Өрөвдөлтэй үйл явдал өрнөдөг кино үзвэл уйлчих гээд, хэн нэгэн гомдоочихвол яагаад ингэж байгаа юм бэ гээд л гомдоод. Их зөөлөн болдог юм байна. Харин төрөхөөс өмнө бол бие махбодийн хувьд ч гэсэн их өөрчлөлт гарч байсан.  Хоолны үнэр авахаар дотор эвгүй оргих, ядрах гэхчилэн. Гэхдээ л охиноо гэдсэнд байх үед хором мөч болгоныг мэдэрч аз жаргалаар дүүрэн байсаан.

-Аавууд охиндоо амь байдаг шүү дээ. Танай хүн энэ жишгийг тойроогүй байх. Бяцхан гүнжтэйгээ их нялуурч байна уу? 

-Ер нь одоо бодоод байхад аав нь анхнаасаа л охиноо дуудаж байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл миний хайрт хурим хийж байгаа хосуудын зураг, хөөрхөн хөөрхөн хүүхдүүдийн зураг цуглуулаад л байдаг байлаа. Яагаад ийм зургууд цуглуулаад байгаа юм бэ гэхээр “Хүүхэдтэй болмоор байна, хоёулаа хуримаа төлөвлөсөн шүү дээ” гэдэг байсан.  Тэгэхээр аль эртнээс л охиноо даллаж дуудаад байсан юм шиг ээ. “Нялуурдаг” аавын тухайд охиноо гэдсэнд байхаас нь эхлээд л эрхлүүлдэг, ярьдаг байсан.

-Гайхалтай сайн аав юм. Ээжийнхээ гэдсэнд байгаа охинтойгоо юун тухай яриа өнүүлдэг бол?  

-Ер нь охинтойгоо маш их ярилцдаг аав гэж болно. “Аавын охин яаж байна, ямар хоол хүнс идмээр байна, ээж нь их аялаад байна уу, миний охин аавдаа хөдлөөд үзүүлчих” гээд л ярьж өгнө шүү дээ. Бас аавыгаа гараа тавиад илэхээр хөдөлнө. Хоолойг нь сонсохоороо хөдөлгөөн нь бүр ширүүсдэг байсан.

-Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Анугийн амьдрал ид буцалж байж. Гэхдээ энэ бүхнийг хэзээ хойно нь цөөхөн хүмүүс мэдсэнийг бодвол нуувчаа их сайн хийжээ?

-Үгүй ээ.  Жирэмсэн байхдаа олны нүднээс их нуугдаагүй.  10 сард сургууль амарсны дараа би Монголдоо ирээд “Cosmopolitan” сэтгүүлийн ковер дээр зураг авахуулсан. Тэр үед сар гарантай болчихсон, бараг 2 сар дөхөж байсан юм. Үүний дараа 12 сард хамтарч ажилладаг бүх байгууллагынхаа шинэ жилд оролцох гээд дахиад ирсэн. Тэр үед намхан өсгийтэй гутал өмсөөд л, гял цал хувцастайгаа явж байсан. Тэгэхэд охин маань гурван сартай болж анзаарсан хүнд бол “Ану жаахан нэмчихээ юу даа” гэмээр байсан боловч хэн ч анзаараагүй. Он гаргаад цагаан сараар монголдоо ирэхэд хүмүүс бас мэдээгүй. Гуравдугаар сард би Лос-Анжелос, Лас Вегас зэрэг хотуудаар явж “Jeunesse Global” компанийн олон улсын шууд худалдааны бизнесийн Монгол дахь салбарыг албан ёсоор оруулж ирэх ажлаар уулзалтанд ороод, сургалтанд хамрагдаж, бас тэндэхийн гала концертод давхар оролцон гурав дөрвөн ажлыг амжуулаад ирсэн. Тэр үед би долоон сартай болсон хэдий ч хүмүүс бас л мэдээгүй өнгөрсөн. Би Монголдоо сар болгон ирж өөрийгөө болоод хэвлий дэх хүүхдээ үзүүлж харуулаад явдаг байсан гэхээр нуугаагүй байгаа биз дээ.

-Монголдоо хяналтанд байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Монголын маань эмч нар үнэхээр чадалтай, чадвартай. Гэхдээ Бээжинд сурч байхдаа хааяа хятад эмчид үзүүлдэг байсан.

-Монгол эмч нараа сонгосон нь таатай мэдээ байна. Эх оронч сэтгэлгээ цухалзаад амжсан байна шүү?

-Тэгэлгүй яахав.

-Энэ үзлээрээ Монголдоо ирж төрсөн байх нь тийм үү?

-Би мах цуснаасаа эх оронч үзэлтэй хүн учраас эх орондоо ирж төрсөн. Охин маань хятадад төрсөн гэсэн гэрчилгээтэй байхыг хүсээгүй. Төрөхийнхөө өмнөхөн эх орондоо ирсэн юм. Харин Хятадад байхдаа хааяа үзүүлдэг байсан эмч тэнд төрөхийг зөвлөж байсан. Гэрийнхэн маань замдаа өвдчих вий дээ, наанаа төрчихвөл яасан юм гэсэн санал хэлж байсан ч үүнийг нь хүлээж аваагүй. Бүх зүйлээ хайрттайгаа ярилцаж байгаад л Монголдоо буучихсан. Хань маань гэж ярихад оворжуу сонсогдож байж магадгүй ч энэ хүний талаар ярихгүй өнгөрч болохгүй. Миний насны ханиа гэж сонгосон Түвшинбаяр гэдэг хүн гайхалтай халамжтай аав. Алхам тутамд минь анхаарал тавьж охин бид хоёрыг халамжилж байсан. Бүх л цаг зав, хайр халамжаа охин бид хоёрт зориулдаг. Наад зах нь миний арьсанд ямар нэгэн язралт үүсээгүй нь миний хайрттай холбоотой. Үдэш болгон, өглөө болгон хайрт маань миний гэдсэнд тос түрхэж иллэг хийж өгдөг байсны ач шүү дээ.

-Энэ сэдэвийг түр завсарлаад Анугийн хайрт, халамжит аав Түвшинбаяр гэдэг хүний тухай танилцуулаач. Яриандаа болоод хоёулаа нэлээд хожим танилцуулах нь дээ?

-Миний хайртыг Б.Түвшинбаяр гэдэг. Олон улсын харилцаа, дипломатч мэргэжлээр мастер хамгаалахаар сүүлийн жилдээ суралцаж байгаа нүдэнд дулаахан, сэтгэл сайтай эгэл залуу бий.

-Түвшинбаяр охиноо мэндлэхэд хажууд нь байсан уу?

-Охиноо төрөхөд хажууд нь байж чадаагүй. Уг нь намайг төрөхөөс өмнө “Хайр нь  хамт ороод гарнаас нь атгаад л байж байя. Гарнаас чинь барьж байхад миний хайрын сэтгэл санаа нь арай өөр байна шүү дээ” гэж хэлж байсан. Гэтэл “Гурван гал” эмнэлэг төрөх процессийг харуулдаггүй юм байна лээ. Тэгээд л төрөх өрөөний гадна үлдсэн. Гэсэн ч хажуугаараа өнгөрсөн эмч, сувилагч болгоноос “Яаж байна” гэж асуугаад л дэгэлзээд, ер нь хамгийн их хөдөлгөөнтэй аав байсан гэж сүүлд эмч нар ярьж байсан.

Тэгээд намайг төрлөө гэнгүүт л сувилагчийн хажуугаар нэг хүн шурхийгээд л орчихсон гэсэн. Тэр нь манай хүн. Орж ирээд л охиноо тэврээд л... уйлаад л байсан. Тэгж байснаа маш том амьсгаа аваад” Хайраа маш их баялалаа. Хайртай шүү” гээд л үнссэн. Түвшинбаяр ер нь их зөөлөн эр хүн шүү.

-Анхны төрөлт удаан өвдсөн үү?

-Миний охин чинь ээжийнхээ гэдсэнд байхдаа ч, төрөхдөө ч нэг их өвдөж зовоогоогүй ээ. Гурван цаг өвдөөд л төрсөн. Үүнд аавынх нь халамж хайр нөлөөлсөн байх. Миний хайрт залуу аав мөртлөө бүх зүйлийг уншиж судалж, утсан дээрээ “Baby center”-ийн аппликейшнийг суулгаад түүгээрээ дамжуулж мэдээлэл аваад надад хэлдэг байсан. Тухайлбал  “Таны хүүхэд тэдэн сартай боллоо” гэсэн мессэж ирж цаг хугацааг нь байнга сануулдаг. Үүнээс гадна хоол унд, сэтгэл санаа гээд эр хүний зүгээс ирэх бүхий л хайр халамжийг охин бид хоёрт цаг мөч тутамд өгч байсан. Ер нь мундаг сайн халамжтай аав.

-Төрөөд удаагүй байж гоо сайхнаа яаж ингэж хэвээр нь хадгалж үлдэв ээ. Ямар нэгэн дэглэм мөрдөөд байна уу?

-Би төрөхөөс өмнө болон төрсний дараа гоо сайханаа хэрхэн хадгалах вэ гэдэг сэдвийг маш сайн уншиж судалсан. Азийн орнууд болон барууны орнуудад төрсний дараа гоо сайхандаа хэрхэн анхаарч жингээ барих ёстой вэ, ямар хоол хүнс хэвлийд байгаа ургийг шим тэжээлээр хангадаг болох, хүүхдийг эрүүл саруул төрөхөд тус болдог ямар хүнс байдаг вэ гэхчилэнгээр ээж болоход хэрэгтэй бүхий л мэдээллийг уншиж судалсан. Эмэгтэй хүн зөвхөн төрөөд ээж болдог юм биш. Хүүхэд хэзээ хэвлийд бий болно тэр цагаас эхлээд л ээж болж байна гэсэн үг. Тиймээс хэвлий дэх хүүхдээ эрүүл саруул, чийрэг төрөхөд нь анхаарч эхэлсэн дээ. Зөв хооллолтонд анхаарна гэдэг нь зөвхөн хэвлийд маань байгаа хүүхэд төдийгүй миний бие ч гэсэн тустай.

-Анугийн ээжийг их зарчимч хүн гэж сонссон юм байна. Анх хүүхэдтэй болсон гэдгээ ээждээ яаж дуулгав. Хэрхэн хүлээж авсан бол?

-Ээжтэйгээ хамт байж байгаад хүүхэдтэй болсноо мэдсэн учраас дуулгах асуудал болоогүй ээ. Ээж маань хүүхэд гэдэг өхөөрдөм хөөрхөн “амьтныг” маш өөрөөр хүлээж авсан. Ээжид маань надаас асуух асуулт байсан байж болно. Гэтэл надаас асуугаагүй. Асуух асуултынх нь бүх хариултыг охин маань өгчихсөн байх.

Тиймдээ ч ээж маань тийм их баяр хөөртэй байж чадсан байх аа гэж боддог. Гэнэтхэн л аз жаргалд умбаад явчихсан. Тэгээд “Миний охин одоо хүүхэдтэй болох цаг нь болчихсон. Урлагтай өчнөөн жил хамт байж, өдөр шөнөгүй зүтгэсэн. Амьдрал чиний төлөвлөгөөний дагуу явж байна” гэж хэлсэн. Их аз жаргалтай хүлээж авсан ээжийгээ хараад би ч гэсэн их баярласан. Зарчимч гэдэг тодорхойлолтын тухайд манай ээж охидуудынхаа бүх зүйлд нь анхаарал халамж тавьдаг. Боловсролд нь, хувцаслалтанд нь, биеэ хэрхэн зөв авч явж байгаад нь, тэр ч бүү хэл ямар хоол хүнс хэрэглэж байна гээд бүхий л зүйл анхаардаг. Ээж үсээ урт ургуулахыг зөвлөдөг байсан. Одоо ийм сайхан үстэй, зүстэй байгаа нь ээжийн маань ач. Ээж охидынхоо үс зүсэнд өөрийнхөө л юм шиг ханддаг. Зан харилцаа, хувцаслалт гэдэг бол асар том соёл гэж сургасан ээж маань охидуудаа эрүүл чийрэг өсгөж, зөв хүмүүжүүлж чадсан. Товчхондоо “Заавал онц сурах ёстой” гэдэг шаардлага тавьдаг байсан зарчимч, хатуу ээж. Заримдаа бид нарт хайрыг түгээж чаддаг зөөлөн ээж байж чаддаг. Тиймээс би ээжийгээ магтмаар байдаг юм. Ялангуяа би өөрөө ээж болчихоод охиноо хөхүүлээд сууж байхдаа “Ээж минь мөн ч олон хоногийн ингэж өнгөрүүлсэн байх даа. Ингэж хайрласныхаа, өсгөсөнийхөө төлөө хэзээ ч хариу нэхдэггүй. Энэ хүний ачийг хариулах ёстой. Энэ миний амьдралын гол зорилгуудын нэг байх ёстой юм байна” гэдгийг юу юунаас илүү их боддог.

-Ээж болгон охин үрдээ санаа зовдог байх. Муу хүнтэй учраагүй байгаа даа, цаашид миний охиныг хэрхэн авч явах бол гээд л...Хүргэндээ хэр шалгуур тавьсан бэ?

-Ээж их хатуу шаардлагатай хүн. Надад хэлж байсан л даа. “Ану чи өөрөө шаардлага өндөртэй эмэгтэй. Тийм учраас хань болох хүнээ зөв сонгох хэрэгтэй. Баргийн эрэгтэй  хүн чиний шаардлагыг хэрэгжүүлж чадахгүй. Тийм болохоор миний охин зүрх  сэтгэлээ сонсохын хажуугаар цаад хүнийхээ удам угсаа, гэр бүлийн хүмүүжил, ген гэдэг зүйлийг харах нь их чухал шүү” гэж хэлж байсан. Түвшинбаярын талаар их асуусаан. “Та 2 хоёулаа оюутан. Гэхдээ хэн хэнд чинь амьдралд хайртай, түүнийхээ төлөө тэмцэх чадвар байх ёстой. Хамгийн гол нь манай хүргэн болох гэж байгаа залуу урлагийн хүнийг хэр ойлгох юм, урлагийн хүнийг хайрлахад бэлэн байгаа юу” гэдэг асуултыг хоёр жилийн турш асуусан. Би хоёр жилийн турш энэ асуултад хариулсан. Гэхдээ худал хэлж, хамгаалж өмгөөлсөн асуудал байгаагүй. Байгаа байдлыг үнэнээр нь л ээждээ хэлж байсан. Миний хайр алдаа гаргаагүй.  Дүр ч эсгээгүй. Яг л байгаагаараа байсан.

-Дээр хэлсэнчлэн ээж нь санаа зовсондоо л хаширлаж асууж байгаа байх...?

-Урлагийн хүн байнга шинэ соргог зүйлийг эрэлхийлдэг ч 1 зүйл дээр сэтгэл тогтож чадсан бол тогтвортой байж чаддаг. Гэр бүлийн харилцаан дээрээ ч гэсэн тэгж хандаж чадна. Тиймээс сонгосон сонголтыг маань хүндэтгээрэй ээжээ. Хэт их хашир байгаад хэрэггүй ээ. Миний нүд, миний сэтгэлээр энэ хүнийг хараагүй болохоор сайн хэлж дүгнэж чадахгүй шүү дээ. Би Ану гэдэг хувь хүнийхээ зүрх сэтгэл, мэдрэмжээрээ энэ хүнийг миний хань  болох хүн, хань байж чадах хүн гэдгийг мэдэрч, хүлээн зөвшөөрч байна гэдэг тайлбарыг хэлээд бид хоёр хамт суралцаж эхэлсэн.

-Тэгэхээр н.Түвшинбаяр гэдэг залуу Ч.Уранхолбоо гэдэг бүсгүйн чанд хатуу шаардлагуудад нийцсэн гэсэн үг үү?

-Би зүрх сэтгэл, хайр сэтгэлийнхээ дагуу сонголт хийсэн гэж бүрэн итгэлтэйгээр хариулж чадна. Миний сонгосон залуу бол Ч.Уранхолбоо гэдэг хүний дотоод ертөнцийг харж судалсан, ба бэ-гүй мэддэг хүн шиг сэтгэлд минь нийцдэг. Өөрөө ч ямар хань байх вэ гэдгээ олон зүйлээр баталж нотолж харуулж чадсан тийм л эр хүн.

Би урлагт орсон цагаасаа эхлээд өөрөө өөрийнхөө төлөө амьдарч, өөрөө  өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлийнхээ удирдагч болж ирсэн. Гэтэл хааяа ч гэсэн би эмэгтэй хүн гэдгээ мэдэрч хэн нэгэнд эрхэлмээр, хэн нэгэн намайг хөтлөөд алхаасай, хэн нэгэн миний өмнөөс надад тааламжтай шийдвэрийг гаргаад яваасай гэж боддог, хүсэн хүлээдэг байсан. Гэтэл миний бодож байсан тийм хүн маань манай Түвшинбаяр байсан юм билээ. Ямар ч үед намайг хөтөлж, алхаж чаддаг. Дээрээс нь эр хүнд байхааргүй нарийн мэдрэмжтэй. Хөтөлж гэдэг нь зүгээр нэг гар гараасаа хөтлөлцөөд явахыг хэлэхгүй шүү дээ. Амьдралын зам харгуйд залж удирдаж явахыг л хөтөлж гэж дүрслээд байгаа юм шүү гэдгийг ойлгох бизээ.

Түвшинбаяр их нарийн мэдрэмжтэй. Хамгийн сайн зөвлөгч байж чаддаг. Өөрөө ч надад хэлдэг. “Надтай яг найзууд шиг байж асуух зүйл байвал асуугаарай” гэдэг. Хайрт маань миний өдөр тутмын хувцасны сонголт, хоол хүнсэнд маань хүртэл анхаарал тавьж тухайн өдрийн нөхцөл байдалд таарсан сонголтуудыг надад зориулаад хийчихсэн байдаг. Урлагийн хүнд мэдрэмжтэй халамжтай, цаг үе нөхцөл байдлыг мэдэрдэг хүн үнэхээр хэрэгтэй байдгийг хайртайгаа учраад л мэдсэн.

-Ану хүсэн хүлээж байсан мөрөөдөлдөө хүрчээ. Яг одоо юу хүсч байна вэ?

-Би үлгэр жишээ болсон сайхан гэр бүл болохыг хүсэж байна. Гэр бүл гэдэг нь тухайн улс орны хамгийн бага нэгж мөртлөө нийгмийг тодорхойлж, харж болдог толь нь. Тухайн гэр бүлийн эзэгтэйгээс ихээхэн зүйл шалтгаалах учраас өөрийнхөө чадах чинээгээр гэр бүлийнхээ төлөө зүтгэнэ дээ л гэж бодож байна.

-Хүн болгоны анх танилцсан түүх сонин байдаг. Зарим нь заяаны хань зам дээр гэгчээр гудамжаар явж байхдаа л тааралдаад ханилсан тохиолдол ч байдаг. н.Түвшинбаяр Ч.Уранхолбоо хоёрын танилцсан түүх сонирхолтой байна?

-Би “Wanted” студиэр хоёр клипээ хийлгэсэн. Б.Түвшинбаярын төрсөн эгч Б.Бэрцэцэгийн удирдан авч явдаг студи. Энэ студиэр клип хийлгэж байх үед миний тухай мэдээлэл Түвшинбаярт түлхүү очсон юм шиг байдаг. Намайг мэддэг цаг нь аль “Гала” хамтлагт байх үе гэж ярьж байсан.

Би хайртынхаа эгч Б.Бэрцэцэгийг мэддэг. Анх харахад амьдралд хайртай, өөрөө амьдралынхаа замыг тодорхойлон дардан замаар авч яваа, зоримог, хүмүүжилтэй,  боловсролтой эмэгтэй харагддаг байсан. Хэсэг хугацааны дараа бид найзууд болж дүү нь ч танилцах санал ирүүлсэн. Эр хүний хувьд би бардам эрхэмсэг эмэгтэй байж чаддаг учир нэлээд хугацаанд ажигласан л даа.

-Няцаалтыг хэр өгч байв?

-Мэдээж няцаалт өгөлгүй яахав. Няцаалт болгонд миний хүсч байсан хариултуудыг өгч байсанд нь би их гайхаж байлаа. Дараа нь намайг болзоонд урьж би ч хүлээж аваад очсон, анхны болзоо гэхэд их романтик, мартагдашгүй  болж өнгөрсөн. Түвшинбаяр бүх зүйлийг урьдчилаад төлөвлөчихдөг. Валентины баяраар л гэхэд “Хайраа  тэдэн цаг гэхэд бүх ажлаа дуусгаад зөвхөн надад цаг гаргана шүү” гээд л бүх зүйлээ төлөвлөж урьдаас бэлддэг. Гайхалтай романтик орчин, бусад бүх зүйл цогц байж чаддаг. Бэлэг сэлт гэхээсээ илүү тэр бүхнийг бэлдэж байгаа сэтгэл, хайр нь илүү чухал. Заримдаа хичээлд явахын өмнө хайрт маань “Доошоо буугаад ундаа аваад ирье” гээд л гардаг юм. Мэдээж хүн тэгж хэлээд гарахад ундаанд л явсан гэж бодохоос биш гэнэтийн сюрприз барихаар гарлаа гэж хүн боддоггүй юм билээ. Гэтэл баглаа цэцэг барьж ирээд “Хайрыгаа өглөө цэцгийн үнэрээр сэрээж, сэтгэлийг нь сэргээхийг хүссэн юм” гэдэг. Энэ нь энгийн юм шиг хэрнээ үнэхээр гайхамшигтай. Түвшинбаяр Уранхолбоо хоёр танилцаад гурван жил болж байгаа ч оюун санаа, харцаараа бие биенээ ойлгож чаддаг болчихсон. Тийм ч учраас хайрт маань “Бид хоёр яг бие биендээ зориулагдаад бүтээгдчихсэн юм шиг л байдаг. Чи надад, би чамд зориулагдсан юм” гэж хэлдэг. Үнэхээр зориулагдчихсан юм шиг л санагддаг.

-Ганц бие, уран бүтээлч Анугийн амьдралын хэмнэлд өөрчлөлтүүд орсон байх. Мөн цаашдын зорилгод ч гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлт орсон гэж бодож байна?

-Зарим үед тодорхой бус үед шийдвэр гаргахад ханийн маань дотоод ертөнц надад тус болж байгаа. Тэгэхээр гэр бүл гэдэг зүйлийн ач холбогдол гарч байна гэж болно. Миний цаашдын амьдралын зорилго бол энэ гэр бүлийн амар амгалан, тайван байдлын төлөө  ажиллаж амьдрах болчихоод байна. Далай багшийн нэг гоё сургаал байдаг. Ер нь хүний амьдралын зорилго юу юм бэ гэхээр амар амгаланд хүрэх юм аа гэж. Гэтэл би урлагт хөл тавьсан цагаасаа эхлээд л гал шиг асаж амьдарч ирсэн. Өдөр болгон ажилтай, өглөө болгон 06.00 цагт босох шаардлагатай. Өөрийгөө хагас цэрэгжилтийн байдалд байлгаж зүтгэж ирсэн. Гэтэл өнөөдөр Далай багшийн хэлсэн амар амгаланг олохын тулд гэр бүлдээ ойр байж бүхнээ зориулах ёстой юм байна, сайн хань байх ёстой юм байна. Түүний тулд  ингэж суралцах ёстой юм байна. Энэ бүхний төлөө л зүтгэж амьдарна даа. Би эх хүн болоод их зөөлөн болчихож, уян болчихож гэдгээ дээр дурьдсан. Урьд нь зарим зүйл дээр шартай, эсвэл бардам ихэмсэг байдлаар ханддаг байсан бол одоо өрөвч сэтгэл давамгайлдаг болж. Гоо сайхандаа их анхаарч сайхан харагдах ёстой, гоё байх ёстой гэдэг байсан бол одоо гадаад гоо сайхан, харагдах байдлаасаа илүү сэтгэлийн гоо сайхан гэдэг зүйл рүү илүү тэмүүлэх болсон. Хүн дотроосоо гэрэлтэж байвал гадаад төрх тэр чинээгээр өнгө, гэрэл гэгээ нэмдэг.

-Ануг Цагдаагийн академид сурч байсан гэж сонссон юм байна. Ямар мэргэжлээр төгссөн бэ. Одоо хятадад ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Цагдаагийн академийн эрх зүйн ангид сурч байгаад МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Дунд нь нэг жил завсарласан. Энэ нь хамтлагийн уран бүтээлтэй холбоотой. Харин одоо бол хувь хүнийхээ боловсрол, хувь хүнийхээ хүсэл сонирхолд тодорхой хэмжээгээр ойр байя гэдэг утгаараа боловсролоо дээшлүүлэхээр бүх Хятадын №1 сургууль болох Чинхуа сургуульд 1 жил хэлний бэлтгэлд сураад дүүргэчихээд ирлээ. Үргэжлүүлээд бизнесийн удирдлагаар мастер хамгаалах зорилготой байгаа. Ирээдүйд өөрийгөө бизнес эрхлэгч эмэгтэй болсон байх вий гэсэн хэтийн бодолтойгоор энэ сургуулиа сонгон суралцсан.

Ж.Нарангарав

anu_naran@yahoo.com

Top