Тоншуул: С.Оюун сайдын яам “Алтайн хүдэр”-ийг өөгшүүлээгүй бол дахиад нэг хүний алтан амь сүйдэх байсан гэж үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

 

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таян нуурын ордыг ашиглаж байгаа “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэд гэж Монголын хуулийг үл тоомсорлон, өөрсдийнхөө халаасыг түнтийлгэж ирсэн нөхдүүд бий гэдгийг Тоншуул би эхлээд тодотгоё. Баян Базараа гэж ил мэдэгдэх эзэнтэй энэ компанийн Таян нуурын ордын уурхайн үйл ажиллагаанд БОНХЯ-наас хяналт шалгалт хийгээд тус уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Тэгээд замын ажлын тодорхой хэсгийг дуусгах хугацаа зааж өгсөн  ч, өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж дуусгаагүй. Гол нь БОНХЯ-наас хугацааг нь сунгаад найр тавьчихсан юм.

 

Тэгвэл хуулийг гууль болгодог тус компани замаас үүдсэн тоосжилтын асуудлаа шийдэхгүй өнөөдрийг хүрсний уршигаар байгаль орчин сүйдсээр байгаагийн сацуу өнгөрөгч зургадугаар сард хоёр ч удаа осол гарч, эрдэнэт хүний амь эрсдэж, нэг хүн хүндээр бэртсэн талаар бид мэдээлж байсан. Гэтэл Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дахин осол гарч, уурхайн баяжуулах V үйлдвэрийн  карьерт Орхон аймгийн харьяат 24 настай эрэгтэй Э гэгч амиа алдсан байна. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч, тус уурхайн удирдлагуудын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал дээр хариуцлагагүй хандсантай холбоотой талаар эх сурвалж хэлж байна. Ер нь бол “Алтайн хүдэр” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний амь нас сүйдсэн хэргүүд өмнө нь гарч байсан ч, хариуцлага хүлээж байгаагүй гэдгийг өмнө нь хэлсэн.

 

Тухайлбал, хүнд даацын машинаар тээвэрлэлт хийж явсан Алтай сумын иргэн Т замын тоос их байсны улмаас энэ оны  зургадугаар сарын 18- 19-нд шилжих шөнийн 04.00 цагийн үед осолд орж амиа алдсан. Энэ ослын дараа мөн л хүнд даацын автомашинууд мөргөлдөж, нэг жолооч хүнд бэртсэн ч, эдгээр ослуудын талаарх мэдээллийг Алтайн Хүдэр компани хав дарсан байдаг. Уг нь автын осол гэдэг үүднээс аймгийн Замын цагдаагийн газарт бүртгэгдэх ёстой ч гадаа нь үлдчихсэн байдаг юм. Сонирхолтой нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүдэр тээвэрлэдэг замыг үйлдвэрлэлийн зам гэж тооцдог учраас тус зам дээр гарсан ослын улмаас хүний амь сүйдчихээд байхад замын цагдаад падлийгүй өнгөрсөн байдаг. Хэрэв Алтайн хүдэр компани Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийсэн байдаг бол ийм ослууд болохгүй байх байсан биз ээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн зам гэдэгт уурхайн доторх замыг тооцох ёстой атал Алтайн хүдэр компанийн хувьд  Бургастайн Боомт хүртэлх 168 км замынхаа ихэнхийг үйлдвэрлэлийн зам гэж тооцуулж чадсаны ард аймгийн Мэргэжлийн хяналтын газартай сүлбэлдсэн байж болзошгүй байдаг.

 

Ямартай ч Таян нуурын төмрийн хүдрийн ордыг Хятадын Baosteel группын харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd  болон мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co. компаниуд руу зөөж ирсэн “Алтайн хүдэр” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний амь нас сүйдсэн баримт ийм маягаар нэмэгдсээр байна.  Хэрэв БОНХЯ Бургастайн боомт хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтад оруулах хүртэл нь төмрийн хүдэр тээвэрлэхийг нь зогсооно гэсэн байр суурьтай байж чадсан бол өнгөрсөн саруудын болоод саяхны харамсалтай ослууд гарахгүй ч байж болох байсныг үгүйсгэх аргагүй юм.

 

Нийгмийн хариуцлага гээчийг өндөр түвшинд ухамсарлаж  орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэл, салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа хэмээн өөрсдийгөө рекламддаг  “Алтайн хүдэр” компанийн үнэн дүр төрх  ийм байна. Энэ компанийг өөгшүүлж байгаа БОНХЯ-ны  Сайд С.Оюун хатагтай нэгийг бодохгүй бол горьгүй нь.

 

Ноён Тоншуул 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DurguitselEne(103.26.194.237) 2013 оны 12 сарын 04

Yasan garzandaa garsan ami bee erxem saidaaaa? Odoo ene altain huder gej davarlaa neg tiish ni shiidmeer yum. Ireeduid ulsaa avj yavah zaluus uregdeed duusah ni. Tor zasag neg yum bodmoor yum bodmoor yum gej Botox geseer baital ene ulsad tun tsoohon hodolmoriin nasnii zaluus uldex ni bna shuu ANHAAR!

0  |  0
DurguitselEne(103.26.194.239) 2013 оны 12 сарын 04

Yasan garzandaa garsan olon ami bee saidaaaa? Ireeduid Mongoliig aj yavax zaluus zolgui baidalaar amia aldaad duu sax ni. Tor zasag neg yum bodmoor yum bodmoor yum gej bodsoor baital daind ami uregdsenees

0  |  0
сандаг(103.26.194.215) 2013 оны 12 сарын 04

эмс төрд хошуу нэмбэл төр хямардаг гэж эцэг өвгөд сургадаг байсан тийм ч учраас ямаан толгойямбанд ордоггүй янтгар хатан зарга шүүдэггүйгэсэн үг байдаг биз дээ монголын 3 яамыгэмэгтэй хүн толгойлж байна 3-уулаа дампуурч байна одоо нэг юм бодох цаг болоогүй л юм байх даа Оюун өөртөө үйлчилдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай нэгэн Удвал Оюунгэрэл ч бас адилхан Оюун юм л бол засгаас гарназасгийн газрыг унагана гэж Алтанхуягыг шантаажилж суудаг тийм л ажилтай хүн гэж өөрийнх нь намынхан хүртэл ярьдаг юм билээ

0  |  0
Top