“Эрдэнэс Таван Толгой”-н IPO амжилттай болох урьдчилсан нөхцлүүд бүрджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

"Эрдэнэс Тавантолгой" компанийн IРО-г хэрхэн амжилттай хийх, хувьцааны үнэ цэнийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь монгол хүн бүрийн сонирхох асуудал болчихоод байна. IPO гэдэг ойлголтын талаар та Zindaa.mn сайтын Уул уурхай дэд цэснээс  дэлгэрэнгүй үзээрэй. /Zindaa.mn/ Учир нь иргэн бүрийн дансанд энэ компанийн 536 ширхэг хувьцаа бий. Монгол компаниуд хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авч, хөрөнгө босгох үүдээ нээх цаг айсуй. "Эрдэнэс Таван Толгой" олон улсын зах зээлд, Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, тэр нь үнэ цэнэтэй байвал  монголчуудын хөрөнгө арвижна гэсэн үг. Тиймээс ч "Эрдэнэс Таван Толгой"- IРО бага хурал оролцогч олонтой байлаа. Өнгөрсөн баасан гарагт болсон энэхүү уулзалтын зорилго нь "Эрдэнэс Таван Толгой" компанийн IРО-г хийхдээ юу анхаарах, хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрөнгө босгохдоо яах  ёстойг  хэлэлцэхэд чиглэж байв. "Эрдэнэс Таван Толгой" 15 тэрбум хувьцаатай байх агаад үүний 1.5 тэрбумыг иргэдэд үнэгүй эзэмшүүлж буй. Мөн 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг монгол компаниуд нэрлэсэн үнээр нь худалдан авч, 29-30 хувийг нь хөрөнгийн зах зээлд гаргах юм. IРО хийхэд зөвлөх хөрөнгө оруулалтын дөрвөн банк шалгарсан нь өчигдөр тус тусын чиглэлээр танилцуулга бэлтгэжээ. "Дойче банк" "IРО гүйцэтгэлийн төлөвлөгөө", "Голдман сакс" "Компанийн үнэлгээ ба үнэлгээнд нөлөөлөх гол үзүүлэлтүүд", "ВHP Раribas" "Хоёр, эсвэл гурван хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах болон депозит хувилбар", "Мас-quarie" "Олон улсын уул уурхайн компаниудын IРО хийсэн туршлага, харьцуулалт" сэдвээр. Компанийн үнэлгээ хувьцааны үнэ цэнэд чухал нөлөөтэй. Газрын доорх нөөцөө хэрхэн баялаг, бэлэн мөнгө болгох вэ гэдэг нь компанийн үнэлгээ хэр өндөр байхаас шууд хамаардаг аж. Энэхүү компанийн үнэлгээнд дэлхийн зах зээл дээрх тухайн бүтээгдэхүүний ханш, хэрэглэгчдэд ойр эсэх, дэд бүтцийн хөгжил, худалдан авагчтай ямар харилцаа тогтоосон зэргээс мөн шалтгаалдаг байна. Нэг үгээр хөрөнгө оруулагч тухайн компанийн хувьцааг худалдан авахдаа дээрх бүхнийг нягталдаг. "Эрдэнэс Таван Толгой"-н  хувьд давуу тал цөөнгүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өдрөөс өдөрт өсч буй, Таван толгойн нүүрсний чанар дээд зэргийнх, хажууханд нь үйл ажиллагаа явуулдаг компани олон улсын зах зээлд IРО хийж, хувьцааных нь өсөлт гэрлийн хурдаар дээшилж байгаа гэхчилэн эерэг үзүүлэлт бий.

Хоёр дахь гол асуудал нь хувьцаагаа зөв бирж дээр арилжаалах. Энэ нь хувьцааны ханшид нөлөөлнө. "Эрдэнэс Таван Толгой"-н хувьд мэдээж Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжина. Хоёр, гурав дахь зах зээл нь Хонконг, Лондоны Хөрөнгийн бирж байж болохыг хөрөнгө оруулагч банкууд зөвлөж байгаа аж. Хонконгийн бирж манайд ойрхон, Монголын нүүрсний компани тэнд IРО хийсэн нь санаанд оромгүй амжилтад хүрсэн гээд давуу тал бий. Лондоны бирж дэлхийн томоохон компаниуд хувьцаагаа арилждаг, хөрөнгийн зах зээлийн "акул" тоглогчдын гол зах зээл, дээр нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр манайтай хамтарч байгаа нь давуу тал. Тэгэхээр Монгол-Хонконг, Монгол-Хонконг-Лондон гэсэн хоёр хувилбар байж болох гэнэ. Тэгвэл нүүрсний компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд IРО хийсэн туршлага ихэнхдээ амжилтаар төгсдөг үү, алдагдлаар төгсдөг үү гэдэгт "амжилт" гэсэн хариулт хүч түрэх аж. Олборлолтын хэмжээ арвин, нүүрсний ханш өндөр, бүтээгдэхүүнээ гаргах зах зээл ойрхон, дэд бүтэц нь бүрдсэн, ирээдүйд олох ашиг орлого нь бодитой байхад л бүх зүйл "ОК". "Эрдэнэс Таван Толгой"-д энэ бүхэн бүрдсэн гэж зөвлөхүүд дүгнэлээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top