Тод өнгийн хувцас өмсөж хачигнаас өөрийгөө хамгаалаарай

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан хачигт хазуулан эмнэлэгт хандах хүмүүсийн тоо олширчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Зоонозын халдварын тасгийн эрхлэгч Д.Энхбаяр ярьж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш ХӨСҮТ-ийн Зоонозын тасагт хачигт хазуулсан гэх 69 хүн ханджээ. Тэдгээрээс ес нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр "Хүмүүс хөдөө орон нутаг, зуслангийн байшин руугаа явах үедээ хачигт ихээр хазуулж байна. Иргэд мэдээлэлгүйн улмаас хачгаа хамаагүй татаж авах, толгойг нь хайчлах, бохир гараараа маажих, оролдох зэрэг эрсдэлтэй алхам хийдэг. Хэрэв хазуулсан бол аль болох эмнэлэгт хандах, мэргэжлийн эмчээр авахуулах хэрэгтэй. Ийм боломжгүй үед хачган дээр тарианы спирттэй хөвөн тавин, хэсэг хугацаанд дарж байгаад хавчуураар 45 градусын налуутай хазайлгаж авна.  Спирттэй хөвөн нь хачигны хөл гарыг саажуулдаг" хэмээн зөвлөлөө. Мөн "Хачигт хазуулсан хүн болгон халдварт өвчин тусахгүй. Хэд хэдэн хачигт халдвар байдгаас манай улсад хамгийн их тархаж байгаа нь "Хачигт риккетсиоз" гэх халдвар. Энэ өвчний үед халуурах, толгой өвдөх, гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд үрэвсэх, идээлэх, тунгалагийн булчирхай цочих ч тохиолдол бий" гэв.

Хачиг нь ихэвчлэн биеийн дээд хэсэг рүү асч явдаг амьтан аж. Зоонозын тасагт хандагсдын дийлэнх нь толгой, хүзүү, цээж, дал, мөрөн дээрээ хазуулсан байжээ. Д.Энхбаяр эмч хүмүүсийг эмнэлэгт хандахдаа аль болох хазуулсан хачгаа бариад очоорой гэдгийг онцгойлон анхааруулсан юм. Учир нь ямар хачиг хазсанаас үүдэн халдвар авсан уу, үгүй юу гэдэг нь тогтоогддог.

Монгол оронд бэлчээрийн хачиг, ойн хачиг зүйл, уулын хачиг зонхилон тархдаг байна. Хамгийн хортой нь ойн хачиг. Энэ төрлийн хачигт хазуулбал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар, хөл саажих, ярьж чадахгүй болох ч аюултай. Манай улсад ийм хачиг амьдардаг 78 голомт байгаагаас Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 суманд хамгийн их тархжээ.

Хачигт хазуулахаас сэргийлэх гол арга нь ой, хээр явахдаа тод өнгөтэй, битүү гутал, хувцас өмсөх, хачиг биед буусан эсэхийг байнга шалгаж байх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top