Ерөнхийлөгчийн үгийг царцаахын учир...

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх үүргийг Засгийн газар өгөөд нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Уг нь зарлиг ёсоор бол өнгөрсөн оны 9-р сарын 1 гэхэд бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр төрийн болон төсвийн байгууллага, төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд шилэн дансны тогтолцоонд шилжсэн байж таарах учиртай. Гэвч тэгж амар шилжихгүй нь бололтой. Түүнчлэн Ц.Элбэгдорж арвангурван оны  9-р сарын дундуур  Төрийн ордонд болсон Дэлхийн Эдийн засгийн Форумын Авлигийн эсрэг арга хэмжээнд үг хэлэхдээ Монгол Улс шилэн дансны тогтолцоонд шилжиж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийг гаргахаар төлөвлөж байгаа талаар ч дуулгаж байсан. Тэгвэл түүний үгийг УИХ албан ёсоор царцаалаа.

 

Ер нь бол Шилэн дансны  тухай хуулийн төслийг УИХ танхимаасаа гаргаад чулуудчихсан нь Монголын улстөр шал худлаа улстөрчдөөр дүүрсэн гэдгийг илтгэх үйл явдлуудын нэг болоод байна. Энэ хууль батлагдсанаар төсвийн ерөнхийлөн захирагчдыг хариуцлагажуулж, төсвийн мөнгө, хөрөнгийн зарцуулалт иргэдэд ил тод харагдах юм байна гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан. Иргэд бидний татварын мөнгийг зоргоороо зарцуулж байдаг улстөрчдөд тавих хяналтыг хуульчилах нь тун чухал байна гэдэг дээр нийгэмд хүлээлт үүсээд байсан.

 

Төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгасныг нь харахаар ач холбогдол чамгүй их гэж ойлгогдоод буй. Гэтэл уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан санал хураахад хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналыг 39 гишүүн өгчих юм. Наанаа болохоор шударга сайхан юм ярьдаг олон улстөрч Шилэн дансыг эсэргүүцэж саналаа өгч байгаа нь тун харамсалтай хэрэг юм. Хуулийн төсөлд уг нь бол төсвийн тухай мэдээллийг 10, төсвийн жилийн гүйцэтгэлийн тухай мэдээллийг 10, сарын гүйцэтгэлийг тав, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 10 хоногт, мөнгөн гүйлгээ болон бонд, зээл, өрийн бичгийн тухай мэдээллийг 24 цагийн дотор олон нийтэд мэдээлнэ. Төсвийн ил тод байдалд иргэдийн аудит, төрийн аудитын байгууллага хяналт тавьж байна гэхчлэн олон чухал зүйлс тусгасан байсан. Гэвч өнөөгийн эрх баригчдын хувьд бүгдийг хаах, нуух сонирхол байгаагаа илчилж кноп дарсны цаана төр түмний нэрээр гарч ирчихээд ууж иддэг увайгүй байдлаа нуун дарагдуулах гэж чичирж байгаа байдал л харагдаад байна.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top