ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин манай улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнөөдөр буюу 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлаар санал солилцоно. Мөн “Эрдэнэт”, “Монгол Росцветмэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, эрх зүйн орчинг нь сайжруулах талаарх яриа хэлэлцээр хийгдэхээс гадна хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр махны экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хийж буй айлчлалынхаа үеэр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийж, зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээс гадна Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барин, Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр өндөрлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top