Үзэн яддаг ажилдаа дурлах арга зам

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 23

Хэрвээ та ажилдаа дургүй, ажлаа үзэн яддаг бол үүнийг заавал уншаарай.

Юуны түрүүнд энэ 2 зүйлийг санах хэрэгтэй.

1. Таны энэ үзэн яддаг ажилд хүсээд хүсээд орж чадахгүй байгаа хүмүүс зөндөө байгаа гэдгийг сана. Тэр хүмүүсийн орж чадахгүй байгаа ажилд та аль хэдийн орчихсон байна.  Тиймээс ажилтай байгаадаа талархах нь зүйтэй.

2. Та анх ажилгүй байхдаа одоогийн энэ ажилдаа орох гээд яаж зүтгэж байснаа нэг сана. Мэдээж шинэ ажилд орохдоо та их зүтгэлтэй, хичээнгүй, мөн чадах бүхнээ зориулна гэсэн бодолтой байсан байж таараа.

Танд ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарсан үед та өөрөө л асуудал бэрхшээлээ шийдвэрлэнэ. Таны өмнөөс хэн ч асуудал бэрхшээлийг тэнь шийдвэрлэж өгөхгүй. Харин хэрхэн шийдвэрлэх тухай арга замыг та ном, интэрнэт эсвэл бусдаас олж мэдэх боломжтой. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрт тулгарсан асуудал бэрхшээлийг шийдвэрлэх дургуй байдаг. Өөрөөр хэлбэл хэдхэн хувь(минут) гаргаж  байгаад “яах вэ? юу хийх вэ?” гэж тунгаан бодохын оронд аль нэг юманд эсвэл аль нэг хүнд буруугаа тохож өөрөөсөө бушуухан холдуулахыг хичээдэг. Товчхон хэлбэл асуудлынхаа тухай ярих ч дургүй, шийдвэрлэх ч дургуй байдаг гэж болно.

Гэхдээ та энэ хүмүүсийн нэг биш гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс өнөөдөр өөртөө хэдхэн хувь(минут) гаргаж багйаад, үзэн яддаг ажлынхаа  юу юунд нь дуртай вэ гэдгийг жагсааж бич.

Магадгүй та юунд нь ч дургүй болохоор ажлаа үзэн яддаг байж болох юм.

Тэгвэл байж байгаарай. Би танаас нэг зүйлийг асуумаар байна. Та ажилласныхаа хөлсөнд цалин авдаг уу? Цалин авах дуртай юу?

Мэдээж хүн бүр мөнгөнд дуртай. Мөнгө бидний амьдралд их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс “цалин авдаг учраас би ажилдаа дуртай” гэж бич. Авсан цалин тань таны амьдралыг залгуулдаг уу? Тэгвэл “авсан цалин амьдралыг маань залгуулдаг учраас би ажилдаа дуртай гэж бич.

Танай албан газар танд эрүүл мэндийн даатгал өгдөг үү, цалинтай амралт, актны мөнгө, жилийн урамшуулал гэж өгдөг үү, үнэгүй сургалтанд хамруулдаг уу, ямар нэгэн юманд тодруулбал өдрийн хоолонд, олон нийтийн тээвэр үйлчилгээнд, бараа бүтээгдэхүүнд… тодорхой хямдрал үзүүлдэг үү, ажлын шугамаар шинэ шинэ хүмүүстэй танилцах боломж гардаг уу, та ажилтайгаа ойрхон амьдардаг уу? … гээд л бүгдийг жагсааж бич.

Тэгээд бичсэн зүйлээ толинд харж байгаад “би ажилдаа дуртай яагаад гэвэл эрүүл мэндийн даатгал өгдөг, би ажилдаа дуртай яагаад гэвэл өдрийн хоолонд хямдрал үзүүлдэг, би ажилдаа дуртай яагаад гэвэл миний ажил манай гэрээс ойрхон байдаг гэх мэтчилэн өөртөө өдөр болгон өглөө, орой давтан хэл. Түүнийгээ 21-30 хоног тасрлтгүй давтан хэл. Тэгээд таны хандлага хэр их өөрчлөгдөхийг хараарай.

Санаж яв: Ямар асуудал бэрхшээлтэй учраад байгаагаас биш асуудал бэрхшээлтэйгээ хэрхэн хандаж байгаагаас бүх зүйл хамаардаг. 

Магадгүй танд энэ бүгдийг хэлээд зогсож байдаг цаг зав байхгүй байж болно. Тэгвэл үүнийг сана:

“Эхний алхмаа хийж чадаагүй хүн дараагийнхаа алхмыг хийж чаддаггүй.”

Хэрвээ та асуудал бэрхшээлээ шийдвэрлэх эхний алхмыг хийж чадахгүй бол асуудал бэрхшээлээ хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Өөрөөр хэлбэл асуудал бэрхшээлээ шийдвэрлэх эхний алхмыг хийх хүсэлгүй байна гэдэг нь асуудал бэрхшээлээ шийдвэрлэх хүсэлгүй байна гэсэн үг.

Тиймээс асуудлаа шийдвэрлэж, ажилдаа дуртай болохын тулд хичнээн дургуй байсан ч гэсэн эхний алхмыг заавал хийгээрэй.

Тэгээд ажлаа сайн хийж, чадах бүхнээ  зориул. Хариуцлагатай бай. Түүнээсээ суралцаж шинэ шинэ чадваруудыг эзэмшихийг хичээ. Учир нь ингэж байж л илүү сайн ажлын хаалга нээгдэж, дуртай ажлаа хийх болно.

АМЖИЛТЫН ТАРНИ

Би ажилдаа дуртай! Би ажлаасаа таашаал авч чаддаг!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top