Сониуч: Соёл урлагийн хамгийн онцгой таван гэр бүл

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

 Zindaa.mn сайт “Сониуч” булангаараа дэлхийн соёл урлагийн салбарт авьяас чадвар, өвөрмөц байдлаараа алдаршсан хамгийн онцгой таван гэр бүлийг танилцуулж байна.

       1. 20 сая цомгоо худалдаанд гаргасан гэр бүл

Келлигийн гэр бүл Европт их алдаршжээ. Тэдэнд этгээд гаж зүйл байхгүй. Харин олон үеэрээ өвлөн авсан авьяас нь тэднийг алдаршуулдаг. Келлигийн гэр бүлийн хөгжмийн карьерийг 45 жилийн өмнө өвөг эцэг Даниэль Келли эхлүүлснээс хойш үр хүүхдүүд нь удам дамжин авч иржээ. Эдгээр дуучдын удам 1980 оны үед 20 сая цомог худалдаалсан рекорд тогтоожээ. Сүүлийн жилүүдэд Келлигийн гэр бүл бөөнөөрөө тоглолт хийх нь ховордсон бөгөөд хамгийн сүүлд 2007 онд Германд тоглолт хийсэн байна.

                          

      2. Хожим нь алдаршсан гурван ихэр дуучин 

Эдит, Элена, Милдред гурван ихэр эмэгтэй тун сайхан дуулдаг авьяастай. Тэд 1000 гаруй дууны репартур хийсэн алдартай одод. 1921 онд төрсөн эгч дүү гурав 1950 оноос шөнийн клубуудэд дуулж эхэлжээ. Гэвч 1985 он хүртэл төдийлөн алдаршаагүй байна. Харин энэ үед Грэммийн шагналт Эллий Уиллис тэднийг олж харснаар олны танил одод болгосон байна. МакДоналдаас эхлээд олон компанийн зар сурталчилгааны нүүр царай болсон гурван ихэр 1996 онд Эдит хорт хавдартай болсныг илрүүлснээс хойш дахиж дуулаагүй байна. Элена 2001 онд мөн хорт хавдраар нас барсан бол Милдред 2011 онд 90 насандаа таалал төгсжээ.

                            

     3. 1780 оноос циркийн аялан тоглолт үзүүлж буй гэр бүл

1780 онд Уаллендагийн гэр бүл акробат, үсрэгч, алиаглагч, агаарын гимнастикч болон амьтан сургагчийн бүрэлдэхүүнтэй дэлхийг тойрсон цирк үзүүлж эхэлжээ. Тэд бүгд нэг гэр бүл байсан бөгөөд Уаллендагийн дараагийн хоёр үе 1800 оны сүүлээр энэхүү уламжлалыг өвлөн авчээ. Түүний долоо дахь үе 2012 онд АНУ-аас Канад хүртэл аялан тоглолт хийсэн юм.

                               

    4. Сохор хөгжимчдийн гэр бүл 50 жилийн турш хөгжим тоглож байна

Хостетлерийн хараагүй гэр бүл АНУ-ын Пенсилвань мужид ихээхэн алдартай байв. Сохор хөгжимчид 1856-1907 оны хооронд Европ, Америкийн олон орнуудад хөгжмийн аялан тоглолт хийсэн нь тухайн үедээ ихэд амжилттайд тооцогдож байсан аж.

                                  

    5. Нацистуудын гараас элэг бүтэн мултарсан одой энтертэйнерүүд

Овитцийн гэр бүл хамгийн олон одой гишүүнтэйгээрээ дэлхийд алдартай. Үүнээс гадна тэд алдартай дуучид бас хөгжимчид байв. Тэдний гэр бүл 1900-1944 он хүртэл гэр бүлийн тоглолт хийж өөрсдийгөө түүхэнд мөнхөлсөн юм. 1944 онд нацистуудад баригдаж хорих лагерьт орсон ч элэг бүтэн амьд гарч чадсан байна. Үр хүүхдүүд нь хамгийн сүүлийн тоглолтоо 1955 онд тавьжээ.

                                      

 

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top