Л.Цог: Намайг намаас хөөх, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эрх хэнд ч байхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах кноп дарсан УИХ-ын гишүүн Л.Цогийг намаас нь хөөх, мөн УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хэрэгтэй хэмээн МАХН-ын гишүүд үзэж байна гэсэн мэдээлэл өнөө өглөө мэдээллийн сайтуудаар тарж эхэлсэн. Угтаа ийм мэдээлэл Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон өдрөөс эхлэн хөвөрсөн гэхэд болно. Тэгвэл өөрийнх нь талаар яригдаад байгаа эдгээр асуудалд гишүүн Л.Цог ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

-Таныг намаас хөөх, цаашилбал УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах нь зүйтэй гэж танай намын гишүүд үзэж, өнөөдөр энэ талаар хэвлэлийн хурал хийсэн. Таныг эргүүлэн татах талаар намаас чинь мэдэгдэл ирсэн үү?

-Тийм зүйл ирээгүй. Би олон улсын хуралд оролцоод ирсэн учраас энэ талаар ямар ч мэдээлэлгүй явж байна. Сая сайтаас харлаа. Надад мэдэж байгаа зүйл алга.

-Ер нь энэ үйл явдалд танай намынхан хэрхэн хандах бол гэсэн таамаг танд байна уу?

-Яасан гэж намайг УИХ-ын гишүүнээс татах гэж байгаа юм бэ. Журмаа сайн үзэх хэрэгтэй.

-Таныг Засгийн газрыг унагаахад оролцсон гэсэн үндэслэлээр энэ асуудал яригдаж байгаа?

-Хэрвээ Засгийн газрыг унагахад оролцсон гэж үзэн иймэрхүү зүйл яригдаж байгаа бол энэ ажилд оролцсон бүх гишүүд хөөгдөх асуудал яригдах юм шиг байна. Энэ тэгэж шийддэг асуудал биш. Асуудлыг зөв харах ёстой. Бухимдал, буруу зөрүү ойлголцсон байж болно. Гэхдээ УИХ-ын гишүүнийг хэлсэн үг, үзэл бодлынх нь төлөө гишүүнээс нь татна гэдэг зүйл түүхэнд байхгүй. Хуулиар хамгаалагдсан баталгаатай ганцхан зүйл бол энэ. Хууль зөрчсөн асуудал гэж бодож байна. Үүнийг ойлгуулах ёстой. Нам дотроо санал бодол зөрж байгаа зүйл байгаа л даа. Гэхдээ үүнийг дэвэргээд бодлого болгоод яваад байх нь хэр оновчтой зүйл вэ. Би ойлгохгүй байна. Энэ явцгүй асуудал

-Та намын даргатайгаа уулзсан уу?

-Би намынхаа даргатай хоёр, гурван удаа уулзсан. Санал гаргасан хүний тоонд байгаа нэрээ татаж ав гэсэн. Би авахгүй гэдгээ, өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Үүнийг хөөрөгдөж дэвэргээд байх хэрэггүй. Миний нэр төр, бүрэн эрх гэж зүйл байна биз дээ.

-Хэрвээ намаас чинь эргүүлэн татах шийдвэрийг гаргавал яах вэ?

-Нам эргүүлсэн татах эрхтэй субьект биш. Нөгөө талаар би хууль зөрчөөд, янз бүрийн асуудал үүсгэсэн бол намаас дараагийн сонгуульд оролцуулахгүй байх эрхтэй. Мөн хуулийн байгууллага шалгаж, тогтоогоод оруулаад ирвэл асуудал өөр шүү дээ. УИХ-ын гишүүнийг Шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлэн татдаг болохоос ийм зүйл байхгүй. Би энэ тухай нэг биш удаа ярьж байгаа. Хэн нэгнийх нь эрх ашгийн төлөө хийж байгаа үйлдэл гэж бодож байгаа. Энэ газар авахгүй. Яагаад гэвэл би энэ намыг байгуулцаж явсан хүн. Тэгээд зөв бодлынхоо төлөө ийм байдалд орж байгаа нь надад таатай биш байна.

-Шинэ Засгийн газрын талаар та ямар байр суурьтай байна вэ. Танай нам засагт орох эсэх талаар ямар бодолтой байна вэ?

-Би гадагшаа томилолтоор яваад 10 хоноод ирлээ. Өнөөдөр надад тийм, ийм гэсэн ойлголт байхгүй байна. Ямар ч байсан сонгуулийн дараа манай нам, эвсэлтэй байгуулсан гэрээ бий. Засгийн газарт орох намууд нэмэгдэх юм бол гэрээний асуудал дахин яригдана.

-Хэрвээ МАН засагт орвол танай эвсэл зайгаа тавьж өгөхөөс өөр аргагүй байдалд орох уу?

-Би тэгэж харахгүй байна. УИХ-д суудалтай намууд суудлынхаа тоогоор хувь тэнцүүлэн орох асуудал яригдаж байгаа байх гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top