С.Ганбаатар: Шантаажны Засгийн газар байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

УИХ дахь бие даагчдын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэ Засгийн газар байгуулагдаж ажилдаа орлоо. Бие даагч гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байсан?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж өөрийн кабинетаа бүрдүүллээ. Ерөнхий сайд багаа бүрдүүлэх, сайд нар томилох бүрэн эрхтэй, дараа нь бүх хариуцлагаа хүлээдэг. Гэтэл багаа бүрдүүлэх явцад нь УИХ-ын 73 гишүүн хойно, урд нь гүйж явсаар сайдын суудал авлаа. Намуудын зөвшилцөх ажлын хэсэг хуралдсан цагийнхаа 50-иас илүү хувьд нь сайдын суудал, албан тушаал ярьсан. Гуйлгын, шантаачны Засгийн газар байгууллаа. Дараа нь тэд Ерөнхий сайд, Засгийн газраасаа хариуцлага тооцох эрхгүй, боломжгүй болж байна. МАН зургаа яам автлаа, нэнтгэлэж, зовоож байгаад одоо л тайвширч байна. Зургаан яам аваагүй байхдаа эх орон, ард түмнийхээ төлөө ажиллахгүй байсан байх нь. Ийм болтлоо хоёр нам доройтсон байна. Энэ бүгдийг засч, залруулахын төлөө бие даагч гишүүд ажиллана. Хэрвээ Ч.Сайханбилэгийн Загсийн газар муу ажиллавал энэ 73 хамтдаа хариуцлага үүрэх ёстой. Эдэнд хариуцлагатай ажиллах, үр дүн шаардах эрх нь байхгүй болчихож байгаа юм.

-2014 оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригийн чуулганаар хэлэлцсэн. Худлаа төсөв оруулж ирлээ гэж маш их шүүмжлүүлсэн. Бие даагч гишүүд энд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ долоо хоногийн хамгийн гол хэлэлцэх асуудал бол 2014 оны төсвийн тодотгол. Эхний хэлэлцүүлэг чуулганаар явсан. Загсийн газрын бүтэц өөрчлөгдсөн учраас төсвийн тодотгол хийгдэнэ. Хуучин Аж үйлдвэрийн яам гэж байгаагүй. Тэгэхээр энэ яам ямар ч төсөвгүй байгаа. Тиймээс төсөвгүй яадыг төсөвтэй болгох үүднээс тодотгол хийгдэнэ. Төсвийн орлого хүнд байгаа учраас хэмнэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ намууд нэгдэснээр, хэмнэлт хийхийг хүсэхгүй байна. Өнөөдөр дахиад л “бялуу”-гаа хуваагаад дэд сайдын судлаа яриад л сууж байна. Биднийг тийм зүйл яривал “биеэ үнэллээ” энэ тэр гээд сүйд болно. Өөрсдөө бол ичих нүүргүй суудлаа булаацалдаж байна. Уг нь дэд сайдыг цомхтгох хэрэгтэй байсан юм. 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа дэд дарга нарыг цөөлсөн. Гэтэл дэд сайдаа цомхтгохгүй, хэмнэлтээ бүрэн утгаар нь хийхгүй байна. Тэдэнд улс төрийн албан тушаалаа хаших зорилго л байна. Хэрвээ дэд сайдаа цомохтговол цаашдаа зөв жишиг тогтоно. Гэхдээ бид төсвийн хэлэлцүүлгийн явцад дэд сайдын албан тушаалыг байхгүй болго гэдэг шаардлага тавина.

-Оюутолгойн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуулт явуулсан гэж байсан. Энэ талаар?

-Ганц үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэлтгүй Рио Тинто группын ерөнхий захирал Sam Walsh-д захидал явуулсан. Энэ болгонд тэд хариу өгдөггүй. Олон жил тэмцэхэд Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх гэж хүн хариу ирүүлсэн. Энд тодорхой нэг ч асуултад хариулт өгөөгүй. Тиймээс Г.Батсүх гэдэг хүнтэй өнөөдөр 14:00 цагт Төрийн ордонд уулзах хүсэлт тавьсан боловч одоохондоо хариу өгөөгүй байна. Тодорхой болонгуут сэтгүүчидийг урина. Энд монголын ард иргэдийн өмчийн тухай ярьж байгаа учраас өмчийн эздэд ил тод яригдах ёстой. Оюутолгойг 2014 оны нэгдгүгээр улиралд 214 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилуулсан. Компани ингэж их алдагдалтай ажиллаад байхаад ТУЗ-ийн гишүүд яагаад цалин аваад зүгээр суугаад байна вэ. Ялануяа монголын талын гурван гишүүн хариу өгөөгүй байна. Үндэсний аюулгүй байдлын газар ч таг чиг. Хянан шалгах зөвлөл гэж байгуулах ёстой ч өнөөдөр хүртэл байгуулаагүй байна.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(202.21.106.118) 2014 оны 12 сарын 15

Маш зөв ойлголтыг өглөө шүү,Ганбаатараа, албан тушаал гуйсан нөхдийн эрх ашгийг дээдэлсэн,дараа нь шантажлахад хялбар байх варианттай л засгийн газар боллоо доо,харамсалтай.Улс орноо гэж бодож байгаа юм огт харагдахгүй байна.Яам тамгын газраа нэмээд л одоо дэд сайд гэж амьдрал мэдэхгүй хэдэн эрхийн тэнэг мангар бацаануудыг эрхлүүлэх гээд яриад сууж байгаа энэ нөхөд ичих булчирхай үнэндээ алгаа ,ард түмэн яах вэ?.бялуу зөвхөн эрх мэдэлтэн эвэртэн туурайтанд л хүртэнэ .ажилгүй хоолгүй ард түмэн яах уу?

0  |  0
Top