Р.Амаржаргал: Цомхотгол хийснээр эдийн засаг сайжрахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр “Эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төрийн албан хаагчдыг 10 мянгаар цомхотгож, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг өгөхгүй байх нь зүйтэй” хэмээсэн. Засгийн газрын хэмнэх бодлогын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

Ч.Улаан: Хэмнэлт хийж байж эдийн засгийн зөв зам руу орох ёстой

- Бид хямралын үед ажиллаж сурах хэрэгтэй. Энэ нь хүсэл мөрөөдлөө, хэрэгцээгээ хязгаарлана гэсэн үг. Одоо бодит хөрсөн дээрээ буух цаг болсон. Ер нь 2006, 2007 оноос Монгол Улс орлогоосоо давж зардлаа нэмээд өнөөдөөр зардлаа даахгүй хэмжээнд хүрсэн. Бид өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд үүнийг засах гэж оролдсон. Харамсалтай нь тийм боломж олгоогүй. Парламентед суудалтай бүх намууд хамтраад Засгийн газраа байгуулсан энэ үед бид хөрсөн дээрээ буух нь зөв. Тэгэж байж бид цаашаа зөв явна. Зөв замаа сонгоно. Тиймээс энэ зайлшгүй, хэзээ нэгэн цагт хийх байсан ажил. Одоо хийх санаачлага гаргаж байгаад би дэмжиж байна. Зоригтой хийх ёстой. Яг үнэнгийг хэлэхэд 2006, 2007 оноос эхлэн бид "Голланд" өвчнөөр өвчилсөн. Зарлага нь орлогоосоо олон дахин даваад явчихсан. Орлого нь хийсвэр. Монголд орж ирээгүй мөнгийг бүртгэж, төсвөө батлаж, эдийн засгийн өсөлт болгоод харуулчихсан. Түүнийгээ дагаад зардлаа хөөрөгдсөөр байгаад ийм байдалд хүрсэн.

Р.Амаржаргал:Ерөнхий сайд бүх буруугаа өмнөх Засгийн газар руу чихэж байна билээ

- Би Ерөнхий сайдын баасан гаригт хэлсэн үгийг бичгээр нь авч үзсэн. Үүнээс надад гурван бодол төрлөө. Нэгдүгээрт сүүлийн 20, 25 жилийн хугацаанд яригдаж байгаа гомдлуудын цуглуулга байна. Хоёрдугаарт, эдийн засаг хүндэрсэнд тавьж байгаа онош нь зөв үү буруу юу гэдэгт эргэлзсэн. Үндсэндээ бол өмнөх Засгийн газар руугаа бүх буруугаа чихэж байна лээ. Гуравдугаарт, эдийн засгийн хүндрэлээс гарах шийдэл нь зөв үү, буруу юу гэдэг дээр бүүр их эргэлзсэн. Хэнтий аймгийн Бэгир суманд нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас нь халж байж, эсвэл малчидад татвар ноогдуулж байж эдийн засгийн хамралаас гарна гэж байна билээ. Би хэрвээ зөв ойлгож байгаа хэдэн хүнийг ажлаас нь халаад, малчдад татвар тавиад хямралаас гарна гэж би үзэхгүй байна. Нөгөө талаар ямар үнээр хямралаас гарах гээд байгаагаа тооцсон юм болов уу даа гэдэг бодол төрсөн.

Г.Баярсайхан:Н.Алтануяг Ерөнхий сайд байсан бол арга эвийг нь олоод ажиллах байсан

- Эдийн засаг хямарсан гэдийг өмнөх Ерөнхий сайд, бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдэгдэлд би сэтгэл дундуур байгаа. Ерөнхий сайд Засгийн газраа толгойлоод эдийн засгаа сэргээж чадахгүй бол “Би дампуурлаа зарлана гэдгийг хэлж байсан шүү дээ” гэж өөрийгөө өмөөрөхөд бэлдэж байгаа арга чарга гэж би бодож байна. Ерөнхий сайдаас би чухал зүйлүүдийг хүлээж байсан. Хямарлын үеийн Ерөнхий сайд хэлэх үгэндээ маш болгоомжтой хандах ёстой. Хэлэх үг бага, хийх ажил их байх ёстой. Бүлгийн хурал дээрээ ч би хэлж байна. “Таван толгой”-н асуудлыг яаралтай шийд. “Таван толгой”-ноос төмөр зам, төмөр замаас нүүрсний экспорт шалтгаална. “Оюу толгой”-н гүний уурхайн асуудлаа шийдэх хэрэгтэй. Нэгэнт Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай тул эдгээр асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн хямралын ялыг ард түмэндээ үүрүүлж болохгүй. Хүмүүсийг ажлаас халлаа гээд эдийн засаг сайжрахгүй. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан хүмүүсийг олноор нь ажлаас нь халахгүй, арга эвийг нь олоод ажиллах байсан болов уу гэж бодож байна. Эдийн засгаа хумих бодлого баримтлана гээд байгаа. Мөнгө байхгүй байхад бүр багасгаж болохгүй.

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.119.234) 2014 оны 12 сарын 22

Сайханбалаг Балайрцогт нар хөгжүүлнэ гэнүү.

0  |  0
Зочин(150.129.141.111) 2014 оны 12 сарын 22

ахуяг сбалаг офшорцогт ямар ялгаа бна. дээр нь нэмээд ман- н луйварчид махн- тэнэгүүд--- 8-X

0  |  0
Top