УИХ-ын гишүүд дэд сайдуудыг цомхотгох хүсэлгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Төсвийн тодотгол хийгдэж байгаа энэ үед аль болох хасч, танаж, хэмнэлт хийх асуудал яригдаж байгаа. Иргэдийн зүгээс ч төрийн данхар бүтцээ багасгаж, хэмнэлтийг хийгээсэй гэсэн саналыг олон нийтийн сүлжээгээр хангалттай явуулж байна. Гэвч УИХ-ын гишүүд энэ асуудал дээр тун ч хойрго хандаж, болж өгвөл иргэдийнхээ нуруун дээр энэ ачааг үүрүүлэхээр зүтгэж байгаа нь нууц биш. Тэгээд ч дэд сайдуудаа цомхотгохыг хүсэхгүй байгаа бололтой. Учир нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эдийн засгийн хямралтай үед төр хамгийн тэргүүнд цомхон болох ёстой. Тиймээс дэд сайд нарыг цомхотгоё” гэсэн санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан “Хабрид” төрлийн бүх авто машины татварыг нэмэгдүүлэхгүй хуучнаар нь хадгалах, одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгох, ажил эрхэлж байгаад хүүхдээ төрүүлсэн ээжид жирэмсний болон хүүхдээ харж байгаагийн тэтгэмжийг хэвээр үлдээж жилээр олгох зэрэг саналууд олонхийн дэмжлэг хүлээв.

Удахгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top