Н.Мөнхсоёл:Амьдралд гол дүрд тоглох уу, туслах дүрд тоглох уу гэдгээ хувь хүн өөрөө сонгодог

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Сүүлийн жилүүдэд монголд кино үйлдвэрлэл эрчимтэй явагдах болсноор үзэгчид маань өдөр бүр шахам шинэ залуухан Гол дүртэй танилцах болсон. Тэдгээр гол дүрүүдийн зарим нь үзэгдээд өнгөрдөг үзэгдэл төдийхөн байгаа бол зарим нь хэдийнэ хүлээлэн зөвшөөрөгдөж, тэдний тоглосон кинонууд шил шилээ даран гарч, үзэгчид маань тэднийг энэ удаад ямар дүр бүтээсэн бол хэмээн догдлон хүлээх болсон нь ч бий. Тийм гол дүрийн нэг нь жүжигчин Н.Мөнхсоёл. Тиймээс бид энэ удаагийн ГОЛ ДҮР буландаа жүжигчин Н.Мөнхсоёлыг урьж ярилцсан юм. “Оюутны нууц амраг”, “Хөлтрөг”, “Фэйсбүүк од”, “Улаан дөрвөлжин”, “Мөрдөгч” зэрэг кинонуудад гол ба туслах дүр бүтээж байсан тэрээр хамгийн сүүлд “Хүүхэлдэй” хэмээх аймшгийн киноны гол дүрийг бүтээгээд байгаа юм. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

-Шинэхэн гол дүрээс чинь яриагаа эхлүүлье гэж бодлоо. “Хүүхэлдэй” өөрийн чинь тоглосон хоёр дахь аймшгийн кино байх аа?

-Тиймээ. Миний тоглосон хоёр дахь аймшгийн жанрын кино. Өмнө нь Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ ахын найруулсан “Хөлтрөг” хэмээх аймшгийн жанрын кинонд туслах дүрд тоглож байсан. Харин сая “Кино цамхаг” студийн уран бүтээл, адал явдалтай аймшгийн жанрын “Хүүхэлдэй” гэдэг уран сайхны киноны гол дүр дээр ажиллалаа. Энэ дүрийн маань хувьд жүжигчин хүний ур чадвар, тоглолт шаардсан хүнд зураг авалтууд ихтэй, хэцүү дүр байлаа.

-Жүжигчин хүний хувьд ямар ч дүрийг бүтээх ёстой гэдэг утгаараа энэ дүрийг хүлээж авав уу. Эсвэл энэ дүрд тоглох өөр ямар нэгэн шалтгаан байв уу?

-Энэ киноны продюссер, жүжигчнээр ажилласан Мөнгөнтулга ах бид хоёр өмнө нь Ганболд буюу Тука найруулагчийн найруулсан “Улаан дөрвөлжин” кинонд хамтран ажиллаж байсан юм.  Тэгээд л Мөнгөнтулга ах энэ кинонд тоглоочээ гэдэг саналыг тавьсан. Мөнгөнтулга ахын зүгээс өмнө нь гаргаж байсан дүрүүдээс маань  намайг арай эвдэх юм болов уу гэж бодож энэ дүрийг надад санал болгосон гэсэн. Киноны хувьд зохиол нь надад их таалагдсан. Монголын аймшгийн киноны ганц зохиолч гэж хэлж болох Ууганбаяр гээд ах байдаг. “Шуламын инээд”, “Зоорь”, “Хар ном” гээд зохиолууд гаргаж байсан. Аймшгийн кинонуудаараа бас нэлээд олны танил болсон мундаг зохиолч. Түүний “Зоорь” гэдэг номыг нь би уншиж байсан юм. Мөн урьд нь энэ “Кино цамхаг” студийнхэн “Зоорь” гээд аймшгийн кино хийж байсан. Тэрийг нь бас үзэж байсан. Тэгээд нэлээд сайн баг бүрдсэн, бас сайн уран бүтээл болох юм байна гэдэг утгаараа тоглохоор болсон.

-Ингэхэд хамгийн анх ямар кинонд тоглож байсан бэ?

-Оюутан байхдаа Цогтбаатар гээд найруулагчийн найруулсан “Оюутны нууц амраг” гэдэг киноны гол дүр болох Ану гэдэг охины дүрд тоглож байсан.

-Тэгэхээр анхны уран бүтээлээсээ л гол дүрд тоглоод эхэлчихсэн юм биш үү?

-Харин тиймээ. Маш азтай. Биднийг оюутан байхад багш нар элдэв юманд тоглуулахгүй. Дээрээс нь сургуулиа төгсөөгүй мэргэжлийн бус жүжигчинд гол дүрийн санал ирнэ гэдэг бол их ховор аз завшаан байдаг. Надад гуравдугаар курст ийм санал ирээд, тоглох болсондоо тэр үедээ их баяртай байсан.

-Яагаад багш нар чинь кино энэ тэрд тоглоход  дургүйцдэг юм бэ. Харин ч оюутан байхдаа элдэв уран бүтээлд оролцож байвал дадлага болоод зүгээр юм биш үү?

-Ер нь яг жүжигчин болоогүй, түүхий байхдаа кинонд тоглох дэмий гэж багш нар маань хориглодог байсан юм. Тиймээс нэг, хоёрдугаар курстээ кинонд тоглохыг огт зөвшөөрдөггүй. Харин гуравдугаар курсээс бол харж үзнэ ээ.

-Жүжигчид анхны дүрийг хар зоригоороо л аваад гарчихдаг гэдэг. Чиний хувьд анхны натурт гарах ямар байв?

-Зохиол маань ийм байна, энэ сцен дээр яавал дээр вэ гэх мэтээр багштайгаа л их зөвлөж байсан даа. Миний багш Батнайрамдал гээд найруулагч байдаг юм. Бас тэр кино группынхэн маань их сайхан хүмүүс байсан л даа. Найруулагч Цогтбаатар ах, Драмын театрын жүжигчин “Бор Ганаа” гэгддэг Ганцэцэг эгч гээд. Тэд маань тал талаасаа зааж зөвлөж байсан болохоор их дэм болж байсан.

-Боловсрол суваг телевизийн хийсэн “Мөрдөгч” олон ангит киноны мөрдөгч бүсгүйн дүр Мөнхсоёл гэдэг жүжигчнийг олон нийтийн өмнө нэлээд нээж өгөв үү дээ?

-Жүжигчин хүний хувьд хамгийн том шагнал бол ард түмэндээ танигдсан нэг сайхан дүр бүтээх. Хүмүүс Сувд гуайг Мандухай гэж л хардаг шиг. Тэрэн шиг “Мөрдөгч” гээд киноны маань Гэрэлмаа мөрдөгчийн дүр бол намайг олон нийтэд таниулахад нэлээд түлхэц өгсөн гэж бодож байна. Тэрнээс хойш гудамжаар явж байхад мөрдөгч Гэрэлмаа явж байна энэ тэр гэдэг болсон ш дээ/инээв/.

-Тэгэхээр энэ дүр чамд их сайн зохисон бололтой. Ер нь энэ дүрийг гарахад хэцүү зүйл байв уу?

-Хэцүү гэхээсээ илүүтэй сонирхолтой байсан. Манай аав цэрэг цагдаагийн хүн. Дээрээс нь би өөрөө эмэгтэйлэг харагддаг хэрнээ их эршүүд зантай. Тиймээс энэ дүр надад их наалдсан. Мэдээж дүрээ бүтээхийн тулд судалгаа их хийх хэрэгтэй болсон л доо. Хүссэн, хүсээгүй олон янзын гэмт хэрэг нийгэмд гардаг. Тэр бүгдийг судлах хэрэгтэй болсон. Өмнө нь хуулийг тийм сайн мэддэггүй байсан бол энэ кинонд тоглосноороо хуулийн маш сайн мэдлэгтэй болсон. Яагаад гэвэл өөрөө хуулиа сайн мэдэж байж, дүрээрээ дамжуулж үзэгчдэдээ хүргэх учраас маш сайн уншиж судлах шаардлагатай байсан. Мөн мундаг жүжигчид болох Ялалт, Болдоо ах нартайгаа хамтран тоглосон. Бид бүтэн жилийн турш бараг л өдөр шөнөгүй зураг авалттай байсан. Тэгж байж энэ дүр маань бүтсэн. Энэ дүрдээ маш их хайртай.

-“Улаан дөрвөлжин” киноны сэтгэлзүйн дүр, “Фэйсбүүк од”-ын инээдмийн дүр, “Хөлтрөг”, “Хүүхэлдэй”-н аймшгийн дүр, “Оюутны нууц амраг”-ийн уянгын дүр, тэгээд мөрдөгчийн дүр гээд ажиглаад байхад Мөнхсоёлын тоглосон дүрүүд өөр хоорондоо их эрс тэс ялгаатай дүрүүд байх юм. Тэгэхээр өөрийгөө сайн эвдэж, хувирч чаддаг жүжигчин юм болов уу?

-Харин эргээд бодохоор өөр хоорондоо эрс ялгаатай дүрүүд дээр ажилласан харагддаг л даа. Гэхдээ өөрийгөө эвдэж, хувирахын тухайд гэвэл найруулагчид л энэ дүрд энэ хүн тохирно гэж оноодог шүү дээ. Тийм болохоор цаанаасаа азтай учралаар гэх юм уу өөр өөр жанрын дүрүүд надад оноогдсон байгаа юм. Миний хувьд бол мэдээж өөрийгөө давтахгүйг хичээдэг.

-Тэгвэл эротик дүрд тоглооч ээ гэсэн санал ирвэл тоглох уу, нас залуу байна шүү дээ?

-“Фэйсбүүк од” гээд кинонд хагас нүцгэн хэсэгт тоглосон ш дээ /инээв/. Ер нь тэр кинонд тоглосон залуучууд бүгдээрээ нүцгэлсэн л дээ. Гэхдээ бүүр тийм аймаар эротик киноны санал ирвэл тоглохгүй байх аа. Харин жүжигчин хүний хувьд романтик сценд бол тоглох л байх.

-Ер нь яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Багаасаа л жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Толинд хараад жүжиглэнэ. Ангийнхаа охидод өөрийгөө жүжигчин болчихсон мэтээр төсөөлөн тийм кинонд тэгж тоглож байна, энэ дүрд ингэж тоглоно гээд л ярьдаг охин байлаа. Ээж минь хүн амаараа юу тарина, түүнийгээ хурааж авна, дандаа сайн сайхан юм хэлж байх юм бол түүнийгээ дуудаж байдаг гэж хэлдэг юм. Тэрийг би үнэн гэж боддог. Тэгээд ч би хүүхэд байхаасаа л тэр кинонд тэгж тоглоод, ингэж байна гэж ярисаар байгаад одоо тэр хүсэл мөрөөдөл минь биелэлээ олоод явж байна даа.

-Жүжигчний мэргэжлээрээ ажиллахаас гадна бас хөтлөгч хийгээд байна аа даа?

-Тиймээ. “Мөрдөгч” киног найруулсан найруулагч маань “Боловсрол” телевизэд ажилладаг хүн байдаг юм. Тэгээд надад “Cook club” нэвтрүүлгийг хөтлөөч гэсэн санал тавьсан юм. Энэ нэвтрүүлэг надад их өнгөлөг гоё нэвтрүүлэг санагддаг. Тэгээд ч өмнө нь үздэг байсан болохоор дуртайяа зөвшөөрсөн. Дээрээс нь гэрийн эзэгтэй хүний хувьд нэвтрүүлгээ хөтлөнгөө шинэ содон хоол хийж сурна гэдэг нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг завшаантай хэрэг болсон.

-Тэгвэл тогоочийн дамжаанд суугаад байгаа юм биш үү?

-Тийм. Яг тогоочийн дамжаанд суугаад байгаа байхгүй юү. Манай оролцож байгаа тогооч нар бүгдээрээ мундаг чадварлаг хүмүүс учраас их зүйлийг сурч байгаа. Тухайлбал би пиццаг хайруулын тавган дээр хийж болно гэдгийг мэддэггүй байсан. Гэтэл хийж болдог юм байна гэдгийг нэвтрүүлгээсээ сурсан гээд өчнөөн сурсан зүйл бий.

-Өөрөө ер нь хэр сайн эзэгтэй вэ?

-Ер нь бол сайн ээж, сайн эзэгтэй байхыг хичээдэг. Гэхдээ заримдаа өдөр шөнөгүй зурагт авалттай, нэвтрүүлэгтэй байгаад тэр болгон гэрийнхэндээ анхаарал тавьж чаддаггүй юм. Би чинь жаахан хүүхэдтэй ш дээ. Хүү минь одоо дөрөвтэй. Хүүг маань ээж минь харж өгдөг юм. Тэгээд хааяа ээжийгээ байхгүй үед хүүгээ дагуулаад л зураг авалтандаа явдаг. Харин хүү минь намайг маш сайн дэмждэг. Миний ганц улаан фэн ш дээ, амжилт ээжээ гээд л.

-Ингэхэд жүжигчин Б.Тамир та хоёрыг нийллээ л гэх юм, саллаа л гэх юм. Яг юу болсон юм бэ?

-Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч”  киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй.

-Б.Тамирын хуучин эхнэр Золзаяа та хоёрын дунд бас маргаан дэгдээд байсан. Тэр салахад чинь нөлөөлөв үү?

-Үгүй ээ. Тийм юмнаас болоогүй. Би бас тэр эмэгтэйг тийм яриа өгсөн ч гэж бодохгүй байна. Яагаад гэвэл тэр үед би ямарч сэтгүүлчид яриа өгөөгүй. Тийм байхад Тамираа, Золоо хоёрын хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлана, энэ тэр гээд шал худлаа зохиогоод Мөнхсоёл ингэж хэлжээ гэсэн мэдээ гарчихсан байсан. Тийм учраас би намайг ямар ч хүнд яриа өгөөгүй байхад тэгж бичиж байгаа юм чинь тэр Золзаяа гэдэг эмэгтэйг бас ямар ч ярилцлага өгөөгүй байхад худлаа тэгж бичсэн байх гэж бодсон. Тэрнээс биш бид хоёрын хувьд яриад уулзаад, үл ойлголцоод, хэрүүл шуугиан хийгээд байсан юм байдаггүй.

-Ийм мэдээллийг хэр эмзэг хүлээж авч байна?

-Эхлээд их эмзэг хүлээж авч байсан. Би бүр уйлж байсан ш дээ. Нэг өглөө босоод ирсэн чинь фэйсбүүкээр, бараг бүх сайтаар дүүрэн янз бүрийн мэдээлэл, Золзаяа бид хоёрыг харьцуулсан зураг хөргийг тавьчихсан байсан. Тэгээд би “Яана аа, би энэ хоёр хүнийг хамт байхад нь салгаагүй ш дээ. Яагаад намайг ингэж байгаа юм бэ” гээд л Тамираа руу залгаад уйлж байсан. Сүүлдээ ч тоохоо больсон доо. Тэр бүгдийг тоогоод л стрессдээд байх хэрэггүй л юм билээ.

-Б.Тамираа та хоёр аль аль нь гэр бүлээсээ салчихсан үедээ таарсан уу?

-Тиймээ, бид хоёр аль аль нь ганц бие ээж, аав байхдаа таарсан. Магадгүй аль аль нь өөр дээрээ хүүхдээ авчихсан, нэг тийм эмзэг үед таарсан нь биднийг илүү ойртуулсан байх гэж боддог юм.

-Анхны амьдралаа яагаад хадгалж үлдэж чадаагүй юм бэ?

-Би хэрвээ гэр бүлээ авч үлдсэн бол одоо ингэж мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байсан. Мэргэжлийг маань ойлгодоггүй байсан л даа. Бас хардах энэ тэр гээд үл ойлголцлууд нэлээд байсан. Тэгээд л хоёр тийшээ болсон доо. Дээрээс нь би залуу, жаахан байсан болохоор амьдрал мэдэхгүй, бардам, бодлогогүй байсан юм болов уу даа. Би чинь 18-тайгаасаа нөхөртэйгөө үерхэж байгаад 21-тэйдээ хүүхдээ гаргаж байлаа шүү дээ.

-Тэгээд хүсэл мөрөөдлийнхөө зүг алхсанаар сүүлийн үед нэлээд эрэлттэй жүжигчний тоонд ороод байгаа юм биш үү?

-Бас ч арай тэгж хэлж болохгүй байхаа. Шинэ залуу байна. Сайн жүжигчин болох гээд хичээж зүтгэж л байна. Гэхдээ амжилтад хүрсэн бүсгүйчүүд ихэвчлэн ганц бие байдаг гэнэ л дээ. Тэгэхээр ганцаараа байгаа маань амжилтад хүрэх том боломж байж магадгүй л юм гэж хааяа боддог юм.

-Арай цаашдаа нөхөрт гарахгүй ганц биеэрээ явья гээд шийдчихсэн юм биш биз дээ?

-Шийдчихсээн. Одоогоор нөхөрт гарья энэ тэр гэсэн бодол алга л байна. Тэгээд ч залуу байна. Надад нэг сайхан хүү байна. Тийм болохоор дараагийн хайр дурлалын асуудлыг нэлээд нухацтай бодож төлөвлөсөн дээр байх гэж бодоод байгаа.

-Хайрлаж дурлаж байх ёстой хайран залуу нас биш үү?

-Харин найз нөхөд маань бас тэгж зэмлээд л байгаа.

-Залуучууд эргүүлэхгүй байна уу?

-Эргүүлнэ ээ. Гэхдээ нэгэнт цаг зав гаргаж чадахгүй юм чинь гээд хүлээж авдаггүй ш дээ.

-Тийм бол жүжигчний карьерийн хувьд мөрөөдөж байгаа холын мөрөөдлийг чинь сонирхвол?

-Одоо манай жүжигчид гадаад зах зээл рүү хөл тавьж эхэлж байна. Амраа ах Холливуд руу, Анхням эгч урд хөрш рүү гээд л. Тиймээс би ч гэсэн гадаадын зах зээл рүү жүжигчдээ гаргах, өөрөө гарах тийм мөрөөдөлтэй. Миний хувьд Солонгост хоёр жил хэлний бэлтгэлд сурсан. Тэр утгаараа Солонгос тал уруу гарвал илүү давуу талтай юм билээ. Өнгөрсөн долдугаар сард би Солонгос явахдаа нэг продакшнд шалгуулсан. Тэнцсэн. Тэгээд надад ажлын санал тавьсан л даа. Гэхдээ тэр нь надад таалагдаагүй. Таван жил Солонгост ажиллаж, амьдрах, тэр хугацаанд Монголынхоо уран бүтээлд огт оролцохгүй гэсэн санал байсан учраас татгалзсан. Гэхдээ тэр газартайгаа бүрмөсөн холбоо таслаагүй л дээ.

-Яагаад тэнд таван жил амьдарч, ажиллаж болохгүй гэж?

-Дөнгөж сургуулиа төгсөөд л Монголдоо хөлөө олох гээд зүтгэж яваа энэ үедээ гэнэт удаан хугацаагаар алга болно гэдэг тийм ч оновчтой шийдэл санагдаагүй. Уран бүтээлч ах эгч нартайгаа зөвлөхөд ч “Чи одоо 24, 5-тайдаа яваад 30-тай болж ирнэ. 30-тай ирээд Жуллеттагийн дүрд ч юмуу, залуу жаахан охины дүрд тоглохгүй. Ээжийн дүрд л гарах болно. Тиймээс энэ үед тэгж удаан хугацаагаар яваад дэмий байх” гэсэн. Тэгээд ч миний хувьд яагаад ч юм бэ Монголдоо л үлдмээр санагдаад байсан. Тэгээд л татгалзсан даа.

-Тэгвэл амьдрал дээр Мөнхсоёл хэмээх гол дүрээ хэр сайн бүтээж байгаа бол?

-Амьдралд гол дүрд тоглох уу, туслах дүрд тоглох уу, бүүр тэр араар байгаа масст тоглох уу гэдгээ хувь хүн өөрөө сонгодог. Миний хувьд гол дүр бүтээхийг хичээж л байна. Бүтээж ч байгаа гэж бодож байна. Би дээрээ нэг ах, нэг эгчтэй. Тэгээд аав ээж минь миний гурван хүүхдээс хамгийн мундаг нь миний охин гэдэг. Тэгэхээр гол дүр байж чадаж байгаа л гэж бодоод байгаа ш дээ/инээв/.

-Айлын бага болохоор нэлээд эрх байх нь ээ дээ?

-Үгүй ээ. Айлын бага хэрнээ айлын том нь юм шиг л байдаг юм.

-Сүүлийн үед хүмүүс брэнд хэрэглээ гэж их ярьдаг болсон. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ. Ер нь юугаар гоёх дуртай вэ?

-Эмэгтэй хүнийхээ хувьд гутал цүнхэнд их дуртай. Цүнх бол том жижиг, өнгө өнгөөрөө бий. Манай ээж бас гутал, цүнхний хоббитой. Тэгээд л багаасаа ээжийгээ харсаар байгаад тийм болсон байх. Харин брэндийн тал дээр бид чинь тав, зургаан мянган долларын цүнх аваад л, түүнийгээ өдөр бүр солиод явах боломж байхгүй ш дээ. Тийм их мөнгө нь ч хаана байна. Байлаа ч би тэгж хэрэглээд байх хүн биш ээ. Зүгээр хувцсаа сайхан зохицуулаад, цэвэрхэн сайхан явахад ямар ч хүн сайхан харагдана шүү дээ. 

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munkhuu(75.37.25.134) 2015 оны 02 сарын 11

saihan busgui, sain jujigchin shuu, amjilt

0  |  0
namuun(112.72.13.185) 2015 оны 02 сарын 11

Ene ohini tuhai bichsen buhend neg ataarhaj horsson gun baih yum.ingej hun muullaa geed chi ene ohin shig baij chadahguigees hoish saihan setgeltei yavbal uurt chin harin tus boloh bh

0  |  0
azaa(202.126.91.178) 2015 оны 02 сарын 10

Daruuhan huurhun ,mundag jujigchin shuu .Amjilt husie.

0  |  0
Zochin(180.149.78.26) 2015 оны 02 сарын 10

ovortoi hogshin tsaraitai ym geech

0  |  0
boogii(218.237.154.9) 2015 оны 02 сарын 10

Yun ulaan dorvoljin be. 2 jujigchin hoorond ni anduurad l bh yumaa. Oor hun toglodog shd

0  |  0
boogii(218.237.154.9) 2015 оны 02 сарын 10

Yun ulaan dorvoljin be. 2 jujigchin hoorond ni anduurad l bh yumaa. Oor hun toglodog shd

0  |  0
irgen.(182.160.4.232) 2015 оны 02 сарын 10

huurhun daruuhan engiin saihan yariatai ohin bn.yagaad ch yum ogt tanihgui togloson kino ntr-iig ni aihtar uzeed baidaggui ch haa neg zuragtaar garch baigaag ni harahad neg l ayataihan hunii anhaaral tataad baihaar zuulun busgui sanagddag sh de.yariag unshlaa.tun ih taalagdlaa.ene ohiniig saihan ireedui huleej baigaa gehed ogthon ch ergelzehgui bn.busgui ine uragshaa...amjilt..

0  |  0
dewsger(122.201.21.196) 2015 оны 02 сарын 10

yaasan ichij aihaa medhee baichixsan haltar weee.. uuriiguu hen gj bodood bgaa dewsger we chmg ue tengiihen mgliin buh showchid mediishdee super showchin dewsger

0  |  0
Top